Удахгүй дулаарч, харшлын улирал эхлэх гэж байна. Энэ талаар харшлын эмч Д.Батжаргалаас тодрууллаа.
-Харшлын улирал эхлэх гэж байна. Оргил үе нь хэзээ байдаг вэ?
-Монгол орны нөхцөлд харшлын улирлын чанар гэж байдаг. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Харшлыг амьсгалын замын болон арьсны хэлбэрээр гардаг харшил гэж ангилдаг. Амьсгалын замаар харшил хөдлөх нь ургамлын тоосжилтоос шалтгаалдаг. Гэхдээ тоосжилттой ургамлаас л харшил өгнө. Ургамал болгоноос харшил өгнө гэж ойлгож болохгүй. Тавдугаар сараас зургадугаар сарын 20-ны хооронд модны тоосжилтын үе буюу улиас, хайлаас, бургас, нарс гэх зэрэг модны тоосжилт явагдана. Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20 хүртэл бутлаг ургамал буюу өвсний төрөл болох согоовор, ерхөг, арвай гэх ургамлууд тоосоо гөвдөг. Долдугаар сарын 20-ноос хогийн ургамал буюу шарилж, буйлны тоосжилтын үе явагддаг. Тэгэхээр энэ үед ургамлын тоос агаарт байж байдаг. Яг энэ үед улиаснаас харшилтай, модлог ургамлаас, шарилжнаас харшилтай хүмүүсийн харшил ямар нэг байдлаар хөдөлдөг.
-Арьсан дээр тууралт гарвал харшил гэж ойлгож болох уу. Арьсны харшлыг яаж эмчлэх вэ?
-Саван, вок угаалгын нунтгаар юм угаах, эсвэл харшил өгөх магадлалтай хоол, хүнс хэрэглэснээс болж арьсан дээр юм туурч болно. Мөн эмнээс болсон харшил голдуу арьсан дээр тууралт өгдөг. Харшил өгч болзошгүй зүйл хэрэглэсний дараа биеэр нь юм туурвал харшлын эмчид хандаж болно. Эмч сорилоор гарсан үр дүнгээр эмчилгээ хийдэг. Харшил өгөөд байгаа хоол хүнс, эд зүйлээ хэрэглэхгүйгээр зовиургүй яваад байж болно. Тэгэхээр юу идэж, хэрэглэж болохгүй, ямар орчинд байж болохгүй гэдгээ мэдээд авчихвал заавал зовиуртай явах албагүй. Зарим хүн арьсан дээр гарсан юм болгоныг харшил гэж андуураад байдаг. Жишээлбэл, манай эмнэлэгт хайрст үлдтэй хүн ороод ирж байгаа юм. Эмч ээ, олон жил энэ өвчнөөр өвдөөд харшилтай болчихлоо гэдэг. Гэтэл хайрст үлд харшлын өвчинд ордоггүй. Арьсны бие даасан өвчин л дөө. Тэгэхээр үүнийг тусдаа арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй болчихож байгаа юм.
-Хүмүүс дархлаанаас болоод харшил хөдлөөд байна гэж ойлгодог?
-Долдугаар сарын 20-ноос шарилжны тоос ууршчихсан байдаг учраас харшил ихээр хөдөлдөг. Хүмүүс хэт дархлаа суларснаас болоод харшилтай болчихлоо гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Хүний биеийн дархлаа тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр гаднаас орж ирж байгаа цочролуудыг хэт мэдрээд өвчин үүсэх шинж чанараа хадгалдаг. Гэтэл манайхан дархлаа суларчихсан гээд дархлааны эмнүүдийг хэрэглээд байдаг. Энэ нь хэт мэдрээд байгаа зүйлээ дэмжээд байна гэсэн үг. Харшил хөдлөөгүй өвөл, хаврын үед дархлаагаа дэмжих зорилгоор дархлааны эмнүүдийг хэрэглэж болно. Харшлын эмч дархлааны эмийг ямар үед хэрэглэхээ сорилын дараа шийддэг. Өвдөхөөс өмнө, өвдсөн үед эсвэл бүр өвдсөний дараа дархлаагаа дэмжих эсэхээ мэдэх хэрэгтэй.
-Заавал эмчид үзүүлэх хэрэгтэй юм уу?
-Ямар харшилтай байна вэ гэдгээ мэдэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ оношлогоо хийлгэж, харшлын сорилыг тавиулж үзэх хэрэгтэй. Сорилоо тавиад оношлуулчих юм бол миний харшил таван сарын сүүл, долоон сарын эхээр эхлэх юм байна гээд мэдээд авчихвал харшил хөдлөхөөс нь урьдчилан сэргийлж болно. Эмч дээрээ ирж зөвлөгөө авч, харшил хөдлөх үедээ шинж тэмдгийн эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой.
-Харшилтай хүнд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Энэ үед хүнд нийтлэг зовиур илэрдэг. Хамар нь загатнаж, нүд нь улайж, нулимс гардаг. Мөн хоолой нь сэрвэгэнэж ханиах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ байдал хүндрэхээр гуурсан хоолойн багтраа болдог. Энэ үед арьсаар тууралт гарч арьсны зовиур гарах нь бага.
-Яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Харшлаас урьдчилан сэргийлж байна гээд дархлааны баахан эм ууж болохгүй. Харшлын эмчилгээнд дархлааны эмчилгээ байдаг ч ямар үед яаж хэрэглэх вэ гэдэг нь эмчийн тактик болон харшлын үе шалтгаанаас хамаардаг. Одоо манайхан янз бүрийн сүлжээний шинжлэх ухаанаар нотлогдоогүй эмнүүд их хэрэглэдэг болсон байна. Тэгэхээр дур мэдэн харшлын эмчилгээг хийж болохгүй.
-Харшлаа эмчлүүлбэл бүрэн эдгэх үү?
-Харшлын эмчилгээг хийлгэлээ гэхэд 100 хувь харшилгүй болно гэсэн эмчилгээний стандарт одоогоор гараагүй байгаа. Гэхдээ тэр хүн харшлынхаа хугацаанд эмчилгээ хийлгэж зовиургүй байж болно.
-Энэ жил эмчлүүлсэн эмчилгээ нь дараа жил хэвээрээ байх уу?
-Үгүй. Хамраас нус гоожих, ханиах зовиур байж болно. Гэхдээ жил жилийн ургамлын тоосжилтоос болдог. Тэр жилийн тоосжилт зуншлага ямар байгаагаас болж харшил хөдөлнө. Зарим хүн энэ жил эм хэрэглээгүй ч гэсэн харшил хөдөлсөнгүй гээд байдаг. Нөгөө нэг нь энэ жил илүү харшил хөдөлж байна гэнэ. Эмчийн зүгээс харшил уушги, хамрын салстад яаж нөлөөлж байгааг харж байж эмчилгээний тактикаа гаргана. Өнгөрсөн жил уудаг байсан харшлын эм энэ жил үйлчлэхгүй байж болдог. Тэгэхээр жил болгон эмчдээ хандах хэрэгтэй.
С.Ариун