Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн жил нийслэлд 126 удаа хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатжээ

Самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй гал тавьдаг шалтгааны улмаас өнгөрсөн жил нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатжээ.

Тиймээс”Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Тус аяныг Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр: Жил бүр есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд хуурайшилт буюу түймрийн аюултай үе гэж үздэг. Энэ үеэр ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Тэр дундаа самар түүх, аялал зугаалга, хашааны шар өвсөө шатаах зэрэг санамсаргүй үйлдлээс ой хээрийн түймэр маш их гардаг. Өнгөрсөн жил таван удаагийн ой хээрийн түймэрт 22 га талбай газар, шар өвсний 275 дуудлагаар 59.7 га газар шатсан байдаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн. Ойд гал алдсан бол нэг секундийн дотор хоёр метрийн талбай галд өртдөг. Цаашлаад ан амьтан амьдрах орчингүй болно. Иймээс иргэдийг ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

НОБГ-ын мэргэжилтэн Г.Нэргүй: Гал түймэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд аливаа мэргэжлийн байгууллагаас гадна иргэдийн хамтын ажиллагаа маш чухал. Өнгөрсөн жил ой хээрийн түймэр 48 хувиар буурсан байсан. Иргэд хавар намрын хуурайшилтын үед шар өвсөө шатаадаг. Түүнчлэн самар түүх зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдлийн улмаас ой хээрийн түймэр гардаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *