Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нарын харилцан мэдэгдэл өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байв. Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц шинээр томилогдсон сайд Ц.Нямдорж нь энэ салбарыг тэргүүлэх бүртээ С.Зоригийг хэргийн илрүүлэлтэд саад учруулдаг хэмээн мэдэгдэл хийв. Харин хуульзүйн сайд Ц.Нямдорж “Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг.Тийм л үйл явц. ТЕГ-ын даргын солино” хэмээн мэдэгдэв.
Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Маралмаад оногдуулсан ялыг 18 жил, Т.Цогтод оногдуулсан ялыг 13 жил хорих болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Хуралдаанаар УИХ-ын 58 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тодруулбал, Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгаа гэв. Уг асуудлыг Хуульзүйн байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.
“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт П.Орхонд өнгөрсөн баасан гарагт МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга МУГТ цол тэмдгийг нь гардуулан өглөө. Тэрбээр энэ онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлээд байсан юм. Түүний гаргасан амжилтуудыг жагсаавал Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хошой аварга, Бакугийн “Алтан гранпри” тэмцээний мөнгө, Парисын “алтан гранпри” тэмцээний хүрэл, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, Испаний гранпригийн аварга, Монгол улсын хошой аварга, “Mongolia Open” буюу Монголын нээлттэй тэмцээний гурван удаагийн аварга гээд явж өгнө.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин П.Орхон нь чөлөөт бөхөөс төрсөн тав дахь дэлхийн аварга билээ. Тэрбээр ингэснээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь, чөлөөтийн тамирчдаас төрсөн 43 дахь, эмэгтэй бөхчүүдээс төрсөн 9 дэх гавьяат тамирчин болж нэрээ түүхийн хуудсанд алтан үсгээр бичүүлж байна.