Унгарын шинэ ерөнхийлөгч Каталин Новак өнгөрсөн бямба гаригт болсон тангараг өргөх ёслол дээрээ оросууд Украин руу түрэмгийлснийг буруушаав. Мөн анхны гадаад аяллаа Польш улсаас эхлүүлнэ гэж мэдэгдэв. Энэ нь тус улс Варшавтай харилцаагаа сэргээх дохио юм. Унгар улс хөрш Украин руу зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, Оросын нефтийн импортод хориг тавихыг эсэргүүцэж байгаа билээ. Энэ нь үндсэрхэг үзэлтэй, Европын холбоонд удаан хугацааны холбоотон байсаар ирсэн Будапешт, Варшавын харилцаанд сөргөөр нөлөөлж байсан юм.
Унгар улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Новак нь өмнөх засгийн газарт Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд “Тавдугаар сарын 17-ны мягмар гаригт би Варшавыг зорьж, Польшийн ард түмний ерөнхийлөгчтэй уулзах гэж байна. Ерөнхийлөгч эрхэм Анжей (Дуда) анд нөхдийн ёсоор ярилцах боломж олгосон танд баярлалаа!” гэж Новак тангараг өргөх үеэрээ мэдэгдсэн байна. Тэрээр мөн “Бид Путины түрэмгийлэл, тусгаар тогтносон улс руу зэвсэгт халдлага үйлдсэнийг буруушааж байна. Бид ЗХУ-ыг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтад үүрд үгүй гэж хэлнэ” гэж нэмж цохон тэмдэглэв. Украины дайн бол бас энх тайвныг эрхэмлэгч унгарчуудын эсрэг дайн гэж Новак хэлээд, Унгар улс дайны гэмт хэргийг шалгаж, шийтгэхийг шаардсан юм. Тэрбээр ОХУ-ын Украинд хийсэн дайралтыг буруушаасан ч ерөнхийлөгч Владимир Путиныг хувь хүн талаас нь шүүмжлэхээс зайлсхийсэн байна.
Г.АМАРСАНАА