Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзах юм байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.