Улсын хэмжээнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 425 иргэн, 39 хуулийн этгээд байгаа гэсэн статистикийг Санхүүгийн зохицуулах хороо гаргажээ.
2021 оны гуравдугаар улирлын байдлаар буюу эхний есөн сарын хугацаанд дээрх иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 868.5 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Мөнгө угаах, терроризмтой тэмцэхтэй холбоотой ФАТФ-ын зөвлөмжийн дагуу 2020 оны тавдугаар сарын 6-наас үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, тусгай зөвшөөрөл олгох болсон.
Энэ хүрээнд дээрх төрлийн арилжаа эрхэлдэг 39 хуулийн этгээд 61 хувьцаа эзэмшигчийн 8.5 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Нийт арилжаа эрхлэгчдийн 82 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ажээ.