Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг мэдээллээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний наймдугаар сард 3562.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5371.1 тэрбум төгрөг болж улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1039.5 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 0.4 хувиар буурч, зарлага 23.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Татварын нийт орлого 3119.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 51.0 тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 91.3 тэрбум, онцгой албан татвар 63.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин бусад татвар, төлбөр хураамжийн орлого 126.6 тэрбум төгрөгөөр буурчээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 87.6 хувийг татварын орлого, 12.4 хувийг татварын бус орлого эзэлж байна.
Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оны эхний хагас жилд 4344.7 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 4320.0 сая ам.доллараар өссөн байна.
Монгол Улс 2016 оны эхний найман сард дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5166.8 сая ам.доллар, үүнээс экспорт 2993.3 сая, импорт 2173.5 сая ам.доллар байна. Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 258.3 сая ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 425.2 сая, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 24.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч үнэт чулуу, металл, алтны экспорт 126.9 сая ам.доллараас өссөн байна. Экспортод гаргасан эрдэс бүтээгдэхүүний биет хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр байгаа ч дэлхийн зах зээлд үнэ хямд байгаа учраас экспортын орлого нэмэгдэхгүй байна.