Categories
мэдээ улс-төр

Үнэн хэрэгтээ Сү.Батболд….

Нийтлэлч П.Хашчулууны “Сү-г барьж идэх нь ээ” нийтлэлийг уншиж суугаад Сү.Батболдын талаар санаанд орсон хэдэн зүйлээ бичье гэж бодлоо. Манай улс төрд нэг ийм заваан жишиг тогтчихлоо. Цагийн цагт нэг дайсан тодруулж байдаг. Тэрийг нь тойрч их, багагүй муулж таашаал авцгаана. Хэсэг хугацааны дараа тэр дайрлага, гүтгэлгэд өртсөн хүн буруугүй нь тодроод ирдэг. С.Баярыг хар, түүнийг одоо муулах хүн алга. Нэгэн үе С.Баяраас муу хүнгүй л байлаа. Хэн нэгэнд юм уу, аль нэг улс төрийн хүчинд түүн лүү дайрах шаардлага байж. С.Баярцогтыг санаж байгаа биз дээ. Бас л нийтээрээ дайрсан. Дараа нь М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд юу боллоо. Магадгүй тэр сонгуульд ялаад Ерөнхийлөгч болчихсон бол хичнээн амар байхсан билээ гэж халагламаар. Ядаж л хүний өөрийн нам руу дайрч давшлахгүй байсан биз ээ. Сундуйн Батболдыг яалаа даа. Үнэн хэрэгтээ үе үеийн хотын дарга нараас хамгийн хэнхэг нь тэр хүн байсан юм шүү. Улс төр биш, ажил хийснээрээ л буруутан болдоггүй юм бол түүнийг буруутгах буруутгал үгүй. Элдвээр нь дайрсаар шахалт үзүүлж, эцэстээ ажлаа өгсөн. Монголын улс төрд нэг ийм цикльтэй бий болчихлоо. Хэн нэгнийг онилж байгаад сүрэглэн дайрдаг. Яаж ч үнэнийг тайлбарлаад тэр үед хүн сүрэг үнэнийг сонсохыг хүсдэггүй. Өнөөдөр ээлжит дайралтын бай нь Сү.Батболд болж байна. Ердөө л Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд яригдсаныхаа төлөө ардын дайсан мэтээр дайрч, давшилж байна.

Хүн хүний араншин өөр. Зарим нь адилхан үзэлцээд, зарим нь гар зөрүүлээд, зарим нь чив чимээгүй зугтдаг. Сү.Батболд зугтсангүй, хэрэлдсэнгүй, хашгирсангүй, дайрч давшилсангүй, зодолдсонгүй. Түүний характер аль нь ч биш л дээ. Тэр чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд явахыг илүүд үздэг. Хүн юм болсон хойно ингэж их довтолж дайрахад жаргалтай л байв гэж. Энэ олон дайралтын дундуур ганцхан удаа товч тодорхой хариулт чуулганы танхимд хэлж байгаа харагдана лээ. Тэр нь “Гүтгэлгийг хуулийн байгууллагаар шалгуулна” л гэлээ. Нотолгоогүй олон гүтгэлгээ нотлох гэж түүн рүү аймшигтайгаар, зохион байгуулалттайгаар сүрэглэсэн дайралт үргэлжилсээр л байна. Хэсэгтээ үргэлжлэх ч юм шиг байна. Нийтлэлч П.Хашчулууны хэлсэнчлэн түүнийг барьж идэх нь ээ. Сү.Батболд шиг сийрэг толгой Монголд хэрэгтэй. Түүнийг баалах гэсэн зарим нь “Чингис” зочид буудлын хувьцааг яаж авлаа гэж ирээд муулж байгаа харагдсан. Хамгийн зөв аргаар ил тод авсан шүү. Баахан тоночихсон балгасыг дэлхийн томчууд зочилдог болтол нь босгож ирсэн. Емарт дэлгүүрийн сүлжээг хар. Монголд худалдааны соёлыг нэвтрүүлж чадлаа шүү дээ. Уул уурхайн салбарт гар дүрсэн гэж ирээд шүүмжлэх юм. Таван толгойг Монголын ард түмнийх болгож өгсөн хүн шүү дээ. Сү.Батболд руу сүрэглэн дайрч байгаа хүмүүс түүн шиг гавьяа Монголд байгуулсан бил үү. Сү.Батболдын гавьяаг уул гэвэл гай нь атга шороо ч хүрэхгүй. Монголд хамгийн их гай тарьж, Монголын хөгжлийг ухраасан хүмүүс Сү.Батболд руу оройлон дайрах нь гутамшигтай. Өнөөдөр дэлхийн ардчилсан улс орнууд луйварчиндаа итгэж, хэрхэн сүйрч байгааг харж байна. Тэд Сү.Батболд шиг, С.Баяр шиг манлайлагчдаа ад үзэж, дүр эсгэсэн ардчилагч, дүр эсгэсэн эх орончдоо шүтсэнээс болж улс орноо сүйрэлд хүргэж байгаа юм. Худлаа эх орончид цус үзэх гэж улайрдаг. Хувьсгал ярьж солиорцгоодог. Бид бизнес сэтгэлгээтэй, чөлөөт эдийн засгийг дэмждэг, эрдэм боловсролтой ийм хүмүүсээ адлах биш өмгөөлөх хэрэгтэй юм.

Үнэн хэрэгтээ Сү.Батболд хичнээн гүтгүүлсэн ч ажлаа хийгээд л урагшилсаар. Гүтгэгсэд шүлсээ үсчүүлсээр.

Сү.Батболд ажилласан газар, салбар болгоноо дандаа өөд нь татдаг. Өмөөрөх гэж, магтах гэж үг нийлүүлээд байгаа юм биш. Хийсэн бүтээснийг нь бүгдийг дурдвал амар дуусахгүй. Нийтээрээ мэдэх, зарим нь мартсан баримт, түүхээс цөөн заримыг нь сануулъя л гэсэн юм.

Сү.Батболд ЗХУ-д төлөх Их өрийг төлөх ажлын хэсгийн улс төрийн дэд ажлын хэсгийг ахалж Монгол Улсын өрийг тэглэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг. Үйлдвэр, худалдааны сайд байхдаа Монголын 7000 гаруй нэр төрлийн барааг Европт татваргүй гаргах, Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээг(чөлөөт худалдааны хэлэлцээр ) байгуулах эхлэлийг тавьж байв. Энэ нь 2000-аад оны эхэн үе. Богинохон хугацаанд татваргүй бараа экспортлох тогтолцооны хүрээнд Европын 25 улсын зах зээлд монголчууд 70 сая ам долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлжээ. АНУ-д хөл тавих нь диваажинд морилохоос илүү мөрөөдөл байсан тэр цагт Гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд АНУ-аас Монголд сууж асан Элчин сайд Жон Дингерийн хамт дипломатч хүний хүчин зүтгэл гаргаснаар монголчуудыг 10 жилийн визтэй болгож байв. Тэрээр Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн нэр томьёог гаргаж, тэр чиглэлээр ажилласан нь цоо шинэ алхам байлаа. Сү.Батболд 1998 онд бизнесийн салбарт байхдаа эзэмших эрхийг нь авч байсан Тавантолгойн ордын лицензийг төрдөө өгсөн. Гадныханд зарж үрэлгүйгээр төрдөө Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг буцаасан юм шүү. Сү.Батболдын Засгийн газрын үед 2012 оныг дуустал Монгол Улсын иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг зэрэг хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртсэн.

Ерөнхий сайд байхдаа 2012 онд Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх шийдвэрийг гаргасан нь яавал ард түмэнд тустай, наалдацтай байх вэ гэдгийг эрэлхийлдэг, шийддэг холын хараа байв.

Өдгөө хувьцаа эзэмшиж буй иргэн бүр ногдол ашгаа авдаг, монголчууд эх орныхоо байгалийн баялгаас шууд ашиг хүртсэн анхны тохиолдол болсон.

Оюутолгойн гэрээнд Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан түүхэн шийдвэр мөн л Сү.Батболд Ерөнхий сайдын үед гарч байв. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2011 онд Оюутолгойн гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд орж, Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн юм. Ийнхүү 2011 онд Сү.Батболдын Засгийн газар үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн нь одоо тусаа өгч, Оюу толгой манай талаас тавьсан актын дагуу буюу манай улсын шаардлагыг биелүүлэх эрх үүсч, Монгол Улс нэмж 1 тэрбум гаруй долларын татварын ихэнх хэсгийг авч эхэлсэн. Холыг хардаг улстөрчийн чадамгай шийдвэр өнөөдрийг хүртэл манай улсад тусаа өгч байна.

Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг түүхэн өндөр хэмжээнд хүргэж байлаа. Сү.Батболдын Засгийн газрын үе буюу 2008, 2009 онд эдийн засгийн хямралыг зөв бодлогоор давж, 2011 оны эцэст эдийн засаг 17.8 хувьд хүрч өсч байсан. Монгол руу гадаадын хөрөнгө оруулагчид тэр үед ёстой нэг урцалдан ирцгээж байсан юм даг. Хөрөнгө оруулагчдын их цутгаланг тэр л ингэж оруулж ирж чадсан юм. Гадаад харилцааны сайд байхдаа олон улстай харилцаа холбоогоо зузаатган, шинэ шинэ алхмууд хийж байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 2016 онд дэлхийн улс орны гол удирдагчид цугласан “Дэлхийн санаачилга” олон улсын чуулга уулзалтын Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг “Монгол найз Батболд” гэж онцлон, Чингисийн өлгий нутаг Монголоор явах хүсэл мөрөөдөлтэй байдаг гэдгээ зарлаж байсан. Энэ нь Сү.Батболдыг дэлхийн хэмжээний хүн гэдгийг харуулж байна.

2012 онд Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Монголд урьж айлчлуулж байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2011 онд Монголд айлчилж байлаа. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад шүү дээ. Түүний хийсэн гавьяаг монголчууд хэдийнээ мартжээ. Бид ийм л загасны ой санамжтай болж.

“The Mongolian mining journal”-ийн уламжлалт санал асуулгын дүнгээр Сү.Батболд Монголын эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр тодорч байлаа. 2010 оны эхний хагас жил нь Монгол Улсын эдийн засаг онцгой сонирхолтой цаг үе бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газар шийдвэрлэж, Монголыг тэр үед дэлхий нийтээрээ анхаарч, бизнес эрхлэхэд хамгийн таатай улс боллоо, дараагийн Кувейт, Катар шиг болно гэж томоохон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтууд онцолж байлаа. Амьдрахын эрхээр гадаадад явсан монголчууд нутгаа зорьж олноороо ирж байлаа. Сү.Батболд Ерөнхий сайд хөгжлийн галт тэргийг ингэж хөдөлгөсөн юм шүү. Даанч түүний энэ хөдөлгөсөн галт тэргийг одоо бол сааруулчихсан явааг бид бүгд л мэднэ. Тухайн үед Ерөнхий сайд Сү.Батболд сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр нь дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ 77.3 хувьд нь гол эзэн байснаараа энэ Монголын эдийн засгийн босгож ирсэн, хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан номинацийг тэргүүлжээ. Таван толгой, төмөр зам гэх мэт улс орны стратегийн ач холбогдолтой их ажлуудыг хөдөлгөсөн, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох алхмуудыг эхлүүлж, ТУЗ-д нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах ардчиллын салхийг хагалсан, бизнесийн шинэтгэлийн жил зарласан, эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулсан болоод бусад олон үйл ажиллагаагаараа Засгийн газрын тэргүүн Сү.Батболд бусдаас онцгойрсон байна. Тэр үед бид ирээдүйдээ итгэлтэй, таахалзаж явсан юм шүү.

Өнөөдрийн зорилготойгоор дээрээс шидсэн гүтгэлэг, доромжлолд ороод байгаа Сү.Батболд чинь үнэн хэрэгтээ хийсэн гавьяатай, хэлэх үгтэй хүн. Бид амархан мартчихдаг учраас үйл явдлыг эргэн сануулж ийнхүү бичлээ. Үнэн хэрэгтээ Сү.Батболд чинь ийм л гэж гэж хэлэх гэсэн юм аа.

Б.ДОНРОВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *