Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ -наас “Шонхор шувууны зүй бус хорогдол, хорогдлын шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний яамны төлөөлөл, МУИС-ийн шувуу судлалын нийгэмлэгийн доктор, профессор С.Гомбобаатар, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич Б.Батбаяр нарын хүмүүс оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь шонхор шувууны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн юм. Аюулгүй байдлыг хамгаалах гэсний учир нь шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогдох явдал сүүлийн хугацаанд ихэссэнтэй холбоотой.
“Зэрлэг амьтан судлан хамгаалах төв” ТББ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард 56 км урт 15 кв-ийн өндөр хүчдэлийн шугамд ажиглалт хийхэд 314 толгой шувуу өндөр хүчдэлд цохиулан хорогджээ. Хорогдсон шонхор шувуудын 61 хувь нь буюу 191 толгой нь идлэг шонхор шувуу байсан аж. 1998-2005 оны хооронд хийсэн судалгаагаар 6000-18000 шонхор шувуу байдаг гэсэн тоо гаргажээ. БОАЖЯ-наас санаачлан Засгийн газрын 2013 онд арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаагаар хориглох тогтоол гаргасан. Өнөөдөр энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Булангийн орнууд болон Арабын өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа хүмүүст зориулж соёлын болон бэлгэдлийн зориулалтаар барих шийдвэр гарсан. Энэ шийдвэр мөн адил үйлчилж байгаа гэдгийг сайд Д.Оюунхорол онцоллоо.
Монгол орны хэмжээнд 6000 км урт өндөр хүчдэлийн шугам байдаг гэж тооцоход жилд дунджаар 4000 ширхэг шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогддог гэсэн тооцооллыг энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаа эрдэмтэд хэлж байна.