Categories
мэдээ цаг-үе

Өндөгөн толгойт

-ӨГҮҮЛЛЭГ–

Гэргий маань байрын багш, номын санч, захирлын бичээч гээд өдрийн турш толгой өндийх завгүй ажилтай болохоор ууган охиноо нойрмоглуулан хар үүрээр хөтлөөд гарна. Хоёр ойтой бяцхан охин Саранзтайгаа хадмын ханхар таван ханатад гэр сахьж үлдэнэ гэдэг хаврын өдрийн уртад уйтгартай. Сумын төвийн ханагарууд хааяахан ганц нэг лонх юм өвөртлөн ирж, эхнэрийг эзгүйчлэн буу халах санаа бий. Лонхонд ямар аз жаргал савлаад зарах биш, мөнөөх галт шингэнийг хүртлээ гээд багшийн ажлаасаа халагдсан хүнд юуных нь ч сэтгэлийн дэм болох билээ. Амьдрал заримдаа жаахан гунигтай. Юутай ч өнөөдөр аав, охин хоёр Омбон эмээгийнд очиж хууч хөөрч, цаг нөхцөөхөөр шийдэв. Сумын төвөөс зайдуухан торойх ганц гэр дээлийн суганд гялсхийх өнчин шангийн цоохор шиг бөртийнө. Аав, охин хоёр нарны сиймгэр туяанд саравчлан хайлмагтсан цасны цоохор дамжсаар эмгэнийд очлоо. Омбон эмээ хань татан олзуурхаж,

-Хүү минь, охиныхоо хувцсыг нимгэлээд тайвуухан суу, би будаатай цай бужигнуулаадахъя гэх нь элгэмсүү агаад өөриймсөг. Эмгэн их яриа, олон сайхан хууч дэлгэдэг болохоор сүүлийн үед аав, охин хоёр ирж өдөр өнгөрөөх болоод байгаа юм. Түүнээс биш сумын төвөөс ойр саахалтын зайтай хашаа ч үгүй бөмбийн бөртийх Омбон эмээгийн дөрвөн ханатад хэр барагтай ирэх хүн нүдний гэм. Сумын төвийн гуринхи ноход хүртэл эмгэнийхийг зүглэх нь ховор. Омбон эмээ хоймортоо цэнхэр хайнагийн ширэн адсага дэвсэж, баруун талд хээр байдасны хөм тэнийлгэсэн нь чухам холын улс орны элчингүүдийг цагаан эсгий дэвсэж угтахтай адил зочломтгой зангийнх нь илрэл гэлтэй. Тачирхан гилгэр үстэй адсаган дээр нарны туяа хоймор голлон асгарч, охин минь цацаж орхисон шагайгаар тааваар тоглоно. Хаврын туниа муутай нарны туяа гэрийн хойморт нүд гялбам хурц тусчээ. Ээжийнхээ урлаж өгсөн ягаан торгон хантаазтай охины минь хацар нь ягаарч, харц нь гэрэлтэн мөөжгөрхөн хуруугаараа шагай няслан наадах нь цаанаа л нэг жаргалтай. “Тээр, хараад л байгаарай, миний муухай үрийг”. Захын шарга морийг хонь буусан бор шагайтай хавируулж орхилоо. Морь, хонь хоёр харшуулж орхисондоо ааваасаа эмээх аястай хорголон хар нүдээр ширтэх охины минь харцнаас нэг л сайхан жаргалын аялгуу өр зүрхний хөгжмийг хөглөхүй энгүй хайрын уяхан чавхдас чичирхийлж, энхрий бяцхан түүндээ хэчнээн хайртайгаа ч илэрхийлж үл чаднам.

Омбон эмээ уур нүдүүрт нунтагартал нүдсэн шар будаагаа шар тос шажигнасан ширмэн тогоо руу сархийтэл хөмөрч, хулсан хусуураар хутгахад хурц содон үнэр хамар гижигдэн гэрээр нэг ханх тавина. Шалны өр дээрх данханд буцалгаж бэлдсэн цайг цоргоор нь тогоо руугаа тонгойлгоход шаррхийсэн чимээ гарч, бөөн цагаан суунаг тоонын цамхраа хүртэл дэгдэв. Эмгэн эгээ л найрал хөгжмийн удирдаач аятай зогсоо чөлөөгүй хутгаж байсан хусуураа эргэнэгэн дээр тавиад шанага шүүрэн цайгаа самрах нь худгаас ус ховоодож буй хүн мэт харагдаж өөрийн эрхгүй инээд хүрэв. Орчлонгийн дэндүү нам гүмд охиныхоо тоглохыг харсан шигээ, эмгэний энгүүн аж төрлийг анзаарсан ч анзаараагүй юм шиг суух хэчнээн жаргалтай. Омбон эмээ сурсан эрдмийг сураар боодоггүй гэдэг шиг л будаатай цайгаа бужигнуулан буцалгаж, нэг л мэдэхэд аягалж сууна. Бор тагшинд будаа шүүн, дээр нь ганц нэг борц хөвүүлээд хойморт залрах мэлхий ширээн дээр тавихаар майтганан алхтал охин минь часхийн чарлаж, ухасхийн ирж аавынхаа энгэрт наалдав. Охины дуунд цочсон эмгэн,

-Ээ, өндөгөн толгойтын дондол оо чамайг! гэж уулга алдан бор тагштайгаа хоймроор нэг тараан цацаж орхив. Тэгэхнээ, хэргийн эзэн хэнгэргийн дохиур ч удалгүй тодорлоо. Омбон эмээгийнх нэг тэжээвэр алагдаахайтай юм. Тэр золиг эзнээсээ хоол горьдон орон доороос үсрэн гарч ирж охины маань сүнсийг зайлуулахаа шахжээ. Алагдаахайд миний дургүй гэж. Ганц би ч биш монгол хүн бүр л жийрхдэг байхаа ядахгүй. Уг нь Наран тивийн имж гээч амьтны дүү байхаар төрхтэй нөхөр л дөө. Хойд хоёр хөл нь урт, биетэй нь харьцуулахад урт гээчийн сүүлнийхээ үзүүрт хар, цагаан алаг эрчлээстэй. Шөнийн түнгээр хонь гувшиж, үнээний хөхийг үлгэчихдэг, алагдаахайд хөхүүлсэн мал сувайрдаг гэх амтай болохоор сайн нэр дуулах нь ховор туучий. Омбон эмээд яаж яваад ч юм ийм нэг өргөмөл “үр” заяаж. Тэр хоёр нэгэндээ жигтэйхэн саймсарна. Настай хүн идэг дээ гэж авчирч өгсөн хүүхдийн жигнэмгээс нөгөө алаг сүүлт, дэлдэн гайхалдаа өгч ч байх шиг, аягандаа сүү хөргөж өгч ч байх шиг, ер нь их нялхамсдаг хоёр л доо. Омбон эмээг “Цөг, чи” гэж аашилсны хойно Дондол хоймроор нэг цацагдсан будааг хамж хошуу амаа бувалзуулан, сөрвийсөн сахлаа гозолзуулж байгаад орны хөндийгөөр дамжин авдрын араар ороод нам жим болов. Бодвол үдийн ундаа ууж аваад амрахаар одов бололтой. Охин минь элгэнд наалдаж булцгархан гараар аавынхаа эрүү амыг илж байгаад будаа ч идэлгүй унтаад өгөв. Уруул нь өмөгнөн үнэгчлэх үрээ харахаар золигийн муу Дондолыг шүүрээр шавхуурдан хөөн гаргамаар санагдана. Охиноо баруун орон дээр хэвтүүлж, гэрээс тэвэрч ирэхдээ ороосон ээжийнх нь сүү үнэртсэн ногоон тэрлэгээр хучаад, будаагаа халбагадан суулаа. Дондол гэж золигийн алагдаахайд Омбон эмээгийн оноосон нэр юм.

-Омбон эмээ, та түрүүн Дондолыг юу гэчихэв ээ? гэсэнд эмгэн,

-Ваа, золиг чамайг. Хүүхэд айлгаж орхидог хаашаа янзын туучий вэ гэж орны хөндийн зүг ханцуйгаа хий сэгсрэн загналаа. Хэргийн эзэн Дондол түүний ийн аяглахыг огтхон ч ажраагүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Омбон эмээ өөдөө өндөгний хурц тал мэт нарийсан тохой хэртэй өндөрсгөн жимбийтэл ороосон цэнхэр алчуураа илбэх аядаад,

-Эмээ нь энэ нутгийн хүн биш, хаа холын хүн. Манай нутагт Хүнбишийнх гэж айл байлаа. Тэднийх их зожиг оо, аль болох хүн амьтан нутагладаггүй уулын таг өөд л янгир шиг асаад байна. Аав минь ярихдаа Хүнбишийг “Ёстой хүмүүн биш хүн. Айл амьтнаас дайжих нь аргагүй” гэдэг сэн гээд хангинатал санаа алдан шаймгар эрүүгээ илбээд авав. Эрүүнд нь наалдсан ганц будаа нулимс мэт цайран газарт унав. Яагаад ч юм бэ, надад их сонин хууч сонсох юм шиг совин татаад явчихав. Хорхой хүрч байна гэж жигтэйхэн. Эмгэнээр яриулах гэж их шавдуулбал үгээ залгичихаж магад гэж эмээгээд дэмий л горьдсон нүдээр харлаа. Омбон эмээ аман дахь хатуу борцоо улаан буйлаараа хэдэнтээ өнхчүүлэн бүүвэйлээд эмтэрхий шаазандаа хэлээрээ түлхэн хийж,

-Хүнбиш уг нь эхдээ заяасан ганц үр нь, цэрэгт явтлаа шахуу эхийнхээ хөхийг үлгэсэн, цэргээс ирээд ч эхдээ хань бараа болсон дуулгавартай сайн хүү байж. Нутгийнхан Цэвэлийн Хүнбиш шиг хүүтэй байхад газардана гэж юу байх вэ гэж цагаахан атаархах. Цэргээс ирснийхээ хойтон намар Хүнбиш царай зүс дориухан ч ааш гэж адасга шиг нэг хүүхэнтэй ханилж дээ. Ээ дээ, хүний хань гэдэг хазайхад түшиж, хальтрахад тулдаг тийм л халамж нинжтэй хүн байх учиртай юм гэдэг шүү, хүү минь гээд он цагийн будан нэвт ажих мэт сүүмгэр харцаар тоононы голын чагтага дагуулан унь ширтлээ. Будаатай цайны аагинд хөлрөх маяг орсон буурал санчигт шанаагаа илбэсхийх эмгэн,

-Хүнбиш эхнэрийнхээ амыг хардаг хүн байж. Эхнэр нь нас дээр гарсан эхийг нь ус цас, аргал түлшинд хөөж явуулахад юу ч үл хэлнэ. Сүүлдээ харин ч эхнэрийнхээ талд орж хонь малд эхийгээ явуулчихаад, гэрийнхээ тотгоор дуран гялалзуулсан залхаг амьтан болж хувирч дээ. Нэгэн хавар аав минь Хүнбишийн өвөлжөөний ойролцоо Ханхарын аманд адуу хайж явтал морины цээж тушсан их цастай жалганаас хүний бүгтхэн дуу гарах шиг болж. “Гэгээн цагаан өдөр юунаас ч айх билээ” гээд яваад очтол Хүнбишийн ээж Цэвэл гуай өеөдсөн яндан цагаан мориндоо дарагдаад хэвтэж байхтай таарч. Морийг нь дэлдэж сүүлдэн арайхийн өндийлгөтөл Цэвэл гуайг тохом ч үгүй зайдан туранхай адуунд мордуулаад эрээн дээсээр хөлийг нь холбон чивчиртэл баглачихсан байж гэнэ. Аав хөөрхий эхийн хөлийн хүлгийг тайлахад мориноосоо бууж чадахааргүй хөшчихсөн байсан гэдэг. Эхдээ хаврын хайрууд цамц ч өмсгөлгүй, үстэй зувцаа дээл хөдрүүлээд, эмгэн хүн байтугай идэр чоно ч даахын аргагүй цахиур цагаан ааруул өвөрт нь хийчихсэн байж дээ. Яндан цагаан моринд хүлээд, цахиур цагаан ааруул өвөртлүүлээд хонинд эхийгээ явуулахдаа хээр хөдөө буулгахгүй гэж шагайгаар нь холбосноос морь нь жалганд өеөдөхөд хөл нь мэдээ алдан бадайраад гишгэж ч чадахгүй байсныг аав дүүрч очиход Хүнбишийн хүмүүн биш аашт эхнэр тачигнаж “Хонь чонын хоол болгочихвуу” гэж хөөрхий эмгэнийг хөрзөнгөөр нүүлгэж байсан гэдэг. Ээ мөн ч ааштай бэр гэдэг л тэр байх гээд тоонын цамхраагаар гэрэлтэх цэнхэр тэнгэрт залбирав. Омбон эмээ данхаа өргөн “Наашаа юу, цаашаа юу, манайх уу, танайх уу” гэж хэдэнтээ сэгсчин аягандаа будаатай өтгөн цай хийснээ магнайн хөлсөө шударч,

-Хүү минь, цай уу гэснээ,

-Хүнбиш ер нь хүүхэнтэйгээ нийлж эхийгээ хүний ёсоор ч нутаглуулаагүй хүн юм гэнэ лээ гэхэд хоёр дэлдэн “навч” минь хохимой толгойноосоо байтугай хорвоо дэлхийгээс нисээд явчих шиг санагдаж, дэлдийхийн ихээр дэлдийлээ. Эмгэн буйл болсон уруулаараа будаагаа шимтэх мэт бувалзуулангаа,

-Хойтон зун аав өглөө эрт адуугаа хураахаар Ханхарын эхэн таг өөд мацуулсаар гартал унасан морь нь хамар тачигнуулан хуухираад сүйд болов гэнэ. Эхэн тагийн тачирхан ногоон дунд хоёр цагаан юм цайран харагдаж дээ. Наран сөрөг байсан болохоор чухам юу болох нь тод биш байж. Аав адуугаа гилэхдээ хашгирдагтай адилаар хэд сайн гуугалаадахтал нэг цагаан юм нь өвсөн толгой бөхөлзүүлэн гурвийсан зам татуулаад жирийгээд өгч. Аав түргэч хээрийнхээ амыг сул тавин давхин хүрвэл ногоон дээр нэгэн нүцгэн хүн хэвтэнэ гэнэ. Эзгүй хээр газар ийм юм харсан хүний үнхэлцэг хагарах шахаа биз. Мориныхоо амыг татан буцан давхих гэтэл араас нь нэрээр нь дуудав гэнэ шүү. Арайхийж биеэ барьсан аав маань амаа булаалдах мориноосоо бууж хөтлөөд нөгөө нүцгэн хүн өөд очвол хөөрхий Цэвэл гуай өлөн гэдсээ чононд хүүлүүлээд үүд хоймрын зайтай цувуулчихсан ёолж хэвтэж. Элий халаг болсон аав минь морио тушиж орхиод гүйн очиж тэргүүнийг нь өндийлгөвөл хүн төрүүлээгүй хөөрхий эх буурал санчгаа нэгэнтээ санжигануулаад “Хүү минь” гэж хүндээр санаа алдаад амьсгал отголсон юм гэнэ лээ гэж намуухан хүүрнэх эмгэний ширгэсэн хоёр нүдний ухархайд нойтон чийг татах шиг санагдаад явчихав. Энэ бүхнийг сонсоод цээж зүрх рүү лүгхийтэл нэг юм нудраад авах шиг болоход гэрийн баруун орноо үнэгчлэн нойрсох охиноо тэврэн үнсмээр санагдлаа.

-Хүний үнэргүй амьтан эхийгээ амьдаар нь… гэж өөрийн эрхгүй хэлтэл Омбон эмээ,

-Тийм гэнэ лээ, хүү минь. Хүнбиш гурав хоногийн өмнө “Эхийгээ нутаглуулчихаад явж байна” гэж Өлзийт голын айлуудаар бууж, аяга тагш юм эргүүлж явсан байгаа юм. Эхийгээ амьдаар нь хээр хаячихаад ямар ч нүүрээрээ тэгж аягласан юм, ёстой ширэн нүүртэй, мөсөн дотортой амьтан гэдэг л тэр байх. Аав хурдан хээрийнхээ хүзүүнд уяатай байсан хадгаар нүүрийг нь бүтээж орхиод мордсон гэдэг. Хөөрхий бүрлээч амьдаараа оршуулуулсан тэр гурав хоногт ангаж цангахын туйл болсон байдалтай, хуруу хумсаа улаарч сэлтэртэл ногоо зулгаан, чулуу самардан хагас саахалтын дайтай мөлхсөн мөр үлдсэн байсан гээд бодохоор сонссон хүний сэтгэл эмтэрдэг юм. Хүний мөсгүй хүүгийнх нь эхийгээ үлдээсэн газарт нэг муу модон аяганы амсрыг эмтэртэл хэмлэсэн байсан юм гэнэ лээ, еэ бүү үзэгд гээд Омбон эмээ духандаа гараа хүргэснээ зуухныхаа урдуур газарт сунан мөргөв. Эл гашуун түүхийг сонсоод сэтгэл нэг л гунигшаад, тоонын нар харвал зүүн талын унин толгойг алтлан хаврын нэгэн өдөр хэдийнээ хангирсан оджээ.

-Эмээ, тэр Хүнбишийнхэн тэгээд яагаа бол гэж хэрэгт дурлавал,

-Тэр цагаас хойш Хүнбишийнхэн өвөл ч, зун ч айл амьтны бараа харагдахгүй уулын таг руу яргаж, сум орноос зорьсон хүн л хааяа нэг очвол очдог болсон гэдэг. Аав маань багийн даргын албатай болохоор нэг зун бүүр хэрэг болгож зорьж очиж. Тэгэхэд Хүнбиш ч, нөгөө ааштай эхнэр нь ч гэртээ эзгүй байж. Айлын эзэн болохоор нөхөр нь адуу малдаа яваа байлгүй. Эхнэр нь аргал түүж яваа мөртлөө аавыг мориндоо мордтол ирээгүй юм билээ. Аавыг тэр айлд очиход хаяаг нь дунд хошлон хүртэл шуучихсан гэрийн сүүдэрт хоёр гурван ойтой бол уу гэмээр хүүхэд сангарцгаа дааж ядсан хөгшин банхартай нь толгойгоо нийлүүлэн унтаж хэвтэж. Халууны ялаа хүүхдийн хамар дээр буухад яраглан тэлчигнэхдээ толгойноосоо өвлийн овоодой малгайрхуу юмаа унагачихсан юм билээ. Аав лавлаад харвал толгой нь тохой хэрийн өндөг шиг мулзайсан үсгүй цагаан юм харагдаж. Үүнээс хойш л Хүнбишийнхнийг Өндөгөн толгойтынхон гэх болсон юм гэнэ лээ. Аавыг мордоод явахад зэргэлдээх голын зүлэг дээр хөлөөрөө аргамжаатай тав зургаан насны хүүхэд хоёр гараа дэвэн, шувуу шиг гуагачин хэдэн алдын газар нисэх аядаад аргамждаа татагдан унаж байсан гэдэг. Тэднийх тав зургаан хүүхэд төрүүлсэн ч энэ мэтэлдэв гажиг согогтой байсан болохоор сургууль соёлд ч суулгаагүй биз. Эцэг эхээ гомдоовол үйлийн үр нь үр хүүхдэд нь шүглэдэг юм гэсэн шүү, еэ бүү үзэгд гээд егрүүлэн уйллаа.

Омбон эмээгийнхээс би орой бүрий болохоос өмнө охиноо бор халзан туулайлаад гарав. Охин минь ээжийнхээ сүү үнэртсэн дээлэнд тулмайдуулан жаргалтай нь аргагүй шулганана. Аав охин хоёр гангар гунгар хийсээр гэрийнхээ хаалгыг татлаа. Гэргий, охин хоёр минь гэр дүүрэн мишээж угтахуй цээжинд нар мандсан мэт санагдав аа. “Өндөгөн толгойтын дондол оо” гэж. Омбон эмээгийн толгойноосоо салгадаггүй овоодой алчуур л нүдэнд харагдсаар…

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *