Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ондоо багтаж хийнэ гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өнөөдөр ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ажлын хэсгийнхэн Үндсэн хууль батлагдсан 23 жилийн хугацаанд Үндсэн хуультай зөрчилдсөн ямар асуудал тулгарсныг судалж үзжээ. Дэлхийн олон орны Үндсэн хуулийг ч судалсан байна. 25 орны Үндсэн хуулийг судлахад аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулснаас гадна төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, тэр тусмаа тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр маш сайн зохицуулалтыг тусгасан байдаг аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батбаяраас тодруулахад ”УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласны эцэст бүлгүүддээ эхний ээлжийн мэдээллийг өгч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг жирийн асуудал биш, нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 76 гишүүнээс 57 нь дэмжих ёстой учраас нухацтай хэлэлцэх ёстой. Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар, 17 Ерөнхий сайдын нүүр үзсэн байна. Нэг Засгийн газар хоёр жил хүрэхгүйн хугацаанд ажилласан байна. Хөгжсөн орнуудын тухайд төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь уялдаатай байна. Гэтэл бид Засгийн газраа огцруулаад шинээр дахин байгуулдаг. Эргэж харах цаг болсоны дохио. Хоёрдугаарт анхаарах асуудал гэвэл намаар талцах явдал газар авлаа. Хүнийг чадавхиар нь биш, манай намын гишүүн мөн үү, биш үү, хандив өгсөн үү гэдэг үнэлэмж ноёрхож байна. Намаар талцдаг явдлыг хязгаарлах шаардлага байна. Гурав дахь асуудал хоттой хамаатай.Хотын асуудлыг орхигдуулсан нь Улаанбаатар хотдоо хүн ам төвлөрөх шалтгаан болсон байна. Хуучин Дархан, Эрдэнэт хот байсан. Тиймээс хотынх нь статусыг эргэн сэргээх асуудлаар ярилцаж байна.Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг ойрын үед өргөн барих шаардлага бий” хэмээн ярилаа. “Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуульд ямар зохицуулалт тусгах ёстой гэж үзэж байгаа вэ” гэсэн асуултад Н.Батбаяр гишүүн “Монгол Улсыг засаглалынх нь хувьд аваад үзвэл Ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон засаглалтай гэж үздэг. Гол санаа нь Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгыг хязгаарлая, парламентыг өргөтгөсөн байдлаар бүрдүүлж сонгоё, жинхэнэ сонгодог парламент руугаа оръё. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг энэ чиглэл рүүгээ орох нь зөв юм гэж үзэж байгаа. Мөн Шинэ Ерөнхий сайд томилогдох бүрийд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгддөг. Түүнийг хязгаарлая. Төрийн албыг тогтвортой байлгах эрх зүйн орчныг бүрдүүлье гэдэг зүйлийг ярьж байна” гэсэн хариу өгсөн юм. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх бололцоотой гэсэн байдлаар хязгаарлалт хийх саналыг гаргажээ. УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Монгол Улсын Үндэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн дагуу эцэг хуулийн өөрчлөлтийг энэ онд багтаж хийх нь тодорхой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *