Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэжээ. Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хэлэлцээд Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн 04 дүгнэлтийг гаргасан байна.
Түүнчлэн нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд,“Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтаар баталгаажсан Шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ.
Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.