Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Үндсэн хуулийн зангилаа асуудал бол эрх мэдлийн хуваарилалт юм. Тухайн асуудлаар шийдвэрийг хэн хэзээ хэрхэн гаргах ба тэр нь хэрхэн хэнээр ямар үндэслэлээр цуцлагдахыг маш нарийн зааж өгөх ёстой. Ийм тодорхой заалтгүйгээс болж сул дорой төр буй болдог. Сул төр шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэр нь эргэж буцдаг, улмаар шийдвэр амьдралд хэрэгждэггүй, энэ нь иргэдийг хуулийг үл тоомсорлох, төрд үл итгэх байдал руу түлхдэг. Сул дорой төр нь хөгжил дэвшил, нийгмийн эмх замбараа, дур зорго, зэрэгт голлон нөлөөлдөг хүчин зүйл юм.

Нийт ард түмний чөлөөт, өрсөлдөөнтэй сонгуулиар тодорхой өгөгдсөн хугацаанд олонхи болсон бүлэгт төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхийг олгодог. Эрх авсан бүлэг Үндсэн хуульд заасан төрийн инстүүцүүдэд хуваарилагдан зөвхөн улс төрийн шийдвэр гаргана. Харин үүнийг хуулийн хүрээнд гүйцэтгэн биелүүлэх ажил сонгуулиас үл хамаарсан аппаратуудад ноогдно. Ардчилсан төрийн ерөнхий зохион байгуулалт товчдоо энэ л дээ.

Хамгийн эртний ардчилсан уламжлалтай Бриатаний төрийг өдгөө хүчирхэг төр гэж үздэг. Тэд тусгайлсан бичигдмэл Үндэсэн хуульгүй ч Төрийн хууль, Ерөнхий хууль, Жишиг хууль гэсэн бүлэг тулгуур хуулийг нийлүүлж Үндсэн хуулийн хэмжээний суурь хууль гэж үздэг. Төрөөс гаргах шийдвэрийг нарийн зааглаж өгсөн учир зөвхөн харгалзах инстүүц өөрт ноогдсон шийдвэрээ гаргах ба түүнд нь хөндлөнгөөс оролцох боломж маш хязгаарлагдмал. Яг үнэндээ Британий ард түмэнд төрийн шийдвэрийг эсэргүүцэх хэдхэн гарц буй нь дараагийн сонгуульд эрх баригчдаас татгалзах, жагсаал цуглаан хийх, чөлөөт мэдээллийн хэрэгслэлээр эсэргүүцлээ илэрхийлэхээр хязгаарлагдана. Британий төр маш төвлөрсөн байдаг учир орон нутгийн захиргаанаас гаргах шийдвэр тоо хязгаартай, эрэмбэ зэрэглэлтэй. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн. Тухайн инстүүц хариуцсан тухайн асуудлаараа эцсийн шийд гаргана. Хуульд нийцэхгүй бол үүнийг зөвхөн дээд шатны инстүүц, эсвэл бие даасан шүүхээс цуцлана. Хариуцсан инстүүц шийдвэр гаргах эрх бүхий асуудлаар бусад инстүүцээс санал авдаггүй, зөвлөлддөггүй. Өөрөөр хэлбэл “олуулаа зөвлөлдвөл буруугүй” гэдэг хэлц үгийг “олуулаа ярилцаж шийдээд буруутвал хариуцах эзэн олддоггүй” гэдэг утгаар ойлгодог.

Үүний яг эсрэг механизм Герегт буй. Герегийн төр олон албан хаагчтай данхгар том ч дэндүү чанар муутай. Герегчүүд өөрсдийгөө маш эртний төрт ёсны уламжлалтай, ардчиллын өлгий нутаг гэцгээх авч үнэндээ сүүлийн хэдэн зуун жил Осман Түрэгийн эзэнт гүрний нэг муж байсан, төрийн түшээд нь харь гүрний хөлсний албан хаагч төдий байлаа. Тусгаар тогтнолоо байлдан олж авсан гэцгээх ч үнэндээ гадны нөлөө, геополитик өрсөлдөөний дүнд тусгаар тогтносон. Тусгаар тогтносны дараа ч улс төрийн намууд нь нөлөө бүхий гадны гүрнүүдтэй холбоотой, тэдний хүслээр хөдөлдөг байв. Бодлого нь их гүрнүүдийн шатрын хүү төдий байлаа. Иймээс яг үнэндээ тэд олон мянганы төрийн уламжлалтай гэхээсээ шинэ тутам төрөө байгуулж байгаа улс юм.

Герег XIX зууны сүүлчээс чөлөөт сонгуультай болсон. Өөрөөр хэлбэл орчин үеийн төртэй болохоосоо өмнө нийгмийн ардчилсан тогтолцод оржээ. Иймээс ч клиентализм буюу төрөөс болон төрийн нэрээр үйлчилгээ худалдан борлуулах тогтолцоо гүнзгий нэвтэрч төрийг нь улам сул дорой болгож байна.

Авилга гэдэг нь хувийн болон бизнистэй холбоогүй, зөвхөн төр засагтай хамаатай үзэгдэл. Авилгатай холбоотой хоёр үзэгдэл байдаг нь төрийн эрх мэдэлтэн өөртөө унац буй бий болгох гэж хонжоо хайсан явдал, нөгөө нь ивээн тэтгэлт буюу бялуу хуваах үзэгдэл юм. Хүнд суртал, лиценз, тусгай зөвшөөрөл, хомсдол зэргийг ашиглаж төрийн түшмэл эрх мэдлээ зарах нь авилгын эхний хэлбэр. Авилгатай холбоотой хоёрдахь үзэгдэл нь нийгмийн зиндаа, эрх мэдлийн хувьд ялгаатай хоёр хүн, эсвэл бүлэглэлийн хооронд үүсч буй биенээ ивээн тэтгэх, харилцан дэмжих, үр дүнд нь буй болсон бялуугаа хуваах ивээн тэтгэлэгийн тогтолцоо юм. Өөрт нь үнэнч байж, улс төрийн тавцанд дэмжсэний шанд хариу хишиг хүртээх явдал болой. Дэмжсэний шанд албан тушаал, ашигтай ажил, зөвшөөрөл өгөхөөс эхлээд хамаатан саданг нь гэмт хэргийн хариуцлагаас мултлах, тусгайлсан хууль гаргах гээд өргөн хүрээг хамаарна. Бялуу хуваадаг тогтолцоонд улс төрчид зөвхөн өөрсдийг нь дэмжигчдэд хишиг хүртээнэ. Улс төрийн албанд оруулах, мөнгөн төлбөр өгөх, улс төрийн дэмжлэх үзүүлэх, дэмжлэгт тойрогтоо сургууль эмнэлэг барьж өгөх гээд есөн шидийн хэлбэртэй.

Хамгийн гол нь ивээн тэтгэлэгт тогтолцоо төрийг сульдан доройтуулдаг төдийгүй ялзруулдаг. Энэ тухай нэрт социологич Ф.Фүкүямагийн “Улс төрийн тогтолцооны ялзрал” номд маш тодорхой, олон жишээтэйгээр өгүүлсэн байгаа. Хүчирхэг төртэй байх нь ардчилсан төртэй байхаас ч илүү чухал ажгуу. Британийг ч, Герегийг ч аль алинийг нь ардчилсан бус төртэй гэх аргагүй. Гэтэл Герег нь орчин үеийн төр байгуулж эхэлснээсээ л улс төрийн намууд клиентализмыг хөхиулэн дэмжигч болжээ. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтолцоо нь дэмжигчид болон нийт ард түмнээ өөртөө авилгаар татдаг гэсэн үг. Бүртгэлийн систем нь олигтой биш учир газар хуваарилалтаас авахуулаад өмчийн ямар ч асуудалд бүрмөсөн нэг талд нь гарсан тууштай шийдвэр гаргаж чаддаггүй. Эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээ нь чанаргүйгээс гадна уртын урт оочиртой. Шүүх нь шийдээгүй хавтаст хэрэгтээ дарагдсан. Алив асуудалд шийдвэр гаргах гэхээрээ оролцохгүй иргэн, олон нийтийн байгууллага, төрийн инстүүт үгүй учир эцэст нь ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан ч түүнээсээ дороо ухардаг, цуцалдаг. Төрийн аль нэг инстүүц өөрийн хариуцах асуудлаар шийдвэр гаргахын тулд энэ хэрэгт хаа хамаагүй баахан инстүүц, улстөрийн нам, олон нийтийн байгууллага, орон нутгаас санал асууна. Мэдээж ийм юман дундуур олон талаас нь хувийн сонирхол чихэлдэнэ. Ингээд шийдсэн ч юм байхгүй, шийдлээ ч шал эсрэг шийдвэр гарна. Үүнийгээ ардчилал гэж нэрлэнэ. Үнэндээ хариуцлагаас зугтаж буй хэрэг. Эсвэл зориудаар авилгын сүлжээ үүсгэж буй нь тэр.

Эргэж буцсан үй түмэн шийдвэртэй болохоор иргэд төрдөө итгэдэггүй. Иймээс төрөө хардаж сэрдэх, гүтгэх гуйвуулах нь нийтийг хамарсан үзэгдэл. Төр нь итгэл хүлээж чаддаггүй учир иргэдээсээ татвар цуглуулж чаддаггүй. Юунд ч итгэхээ байсан ард түмэн хэдэн жилийн өмнөөс улс орон нь санхүүгийн маш хүнд байдалд орчихоод байхад Европын холбоо, Герман улс, Олон улсын валютийн сангийн тусламж дэмжлэгийг эсэргүүцэж, хөөрхий сул дорой Герегийг утсан хүүхэлдэй болголоо хэмээн эх оронч уур хилэнгээ дэрвэлзүүлэн хэнээрхэнэ.

Үндсэн хууль бол төрийн байгууламжийг тодорхойлсон, хамгийн дээд шатны, суурь хууль юм. Үүгээр улс төр, эрх зүй, эдийн засгийн суурь тогтолцоог тодорхойлдог. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, зөрчиж үл болох тогтолцооны акт. Үндсэн хуулиар эрх зүйн хэм хэмжээ, төрийн дээд байгууллагыг байгуулах болон функц үйл ажиллагаа нь ямар байх, төрийн инстүүцүүдийн хоорондын харилцаа, зэрэглэл зиндаа, цаашлаад эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрх мэдлийн хуваарилалтыг зааж өгөх, мөн төрөөс бие хүмүүстэй харилцах үндсэн зарчим зэргийг тогтоон хуульчилдаг. Үндсэн хуулийг үл зөвшөөрсөн, үгүйсгэсэн, эсрэг үйлдэл хийсэн аливаа явдлыг хориглох ба ийм зүйлд олныг уриалсан, өдөөн хатгасан улс төрийн нам, олон нийтийн байгууллага, бүлэглэлийг хуулиар хориглодог нь энэхүү нийгмийн гэрээг хамгаалсан үндсэн механизм болдог.

Нийгмийн гэлтгүй ерөөс алив гэрээнд гэрээг байгуулахаас ч илүү чухал заалт нь гэрээг зөрчих буюу цуцлах үед юу болохыг зааж өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хоёр хүн гэрлэхдээ ч гэрээ (амлалт) хийдэг. Насаараа амьдрана, араар нь тавихгүй, үр хүүхдээ хамтарч өсгөнө гэх мэт. Гэтэл үүнээс чухал юм бол гэрээ зөрчвөл, улмаар салж сарнивал яах вэ гэдэг нь бүр чухал асуудал. Хүүхдээ хэн нь авах, эд хөрөнгөө яаж хуваах гэх мэтчилэн. Гэр бүлд ийм маргаантай асуудал үүсч байхад бүх нийтээр биелүүлэх ёстой хуульд бүр ч нарийн тусгал хэрэгтэй нь ойлгомжтой байх.

Хувь хүнээс эхлээд хамт олон, компани бүлэг, төр, улс хоорондын байгууллага алхам тутамдаа ямар нэг шийдвэр гаргаж байдаг. Сүүлийн үед НҮБ-аар дамжин дэлхий нийтээр ч шийдвэр гаргадаг боллоо. Шийдвэрийн хариу зөв буруу байхдаа биш, шийдвэр гаргагч тухайн асуудалд хамаатай эсэх, шийдвэр гаргах механизм зөв эсэх нь илүү чухал юм. Энэ хоёр асуудлыг төрийн хэмжээнд яаж тодорхойлсон, эрх мэдлийг хэрхэн хуваарилсан, шийдвэр гаргахдаа бүгдийн хүлээн зөвшөөрсөн тоглоомын дүрэмтэй эсэх зэрэг нь улс орны хөгжил дэвшил, эмх замбараа, ойлгомжтой байдлын гол шийдэл болдог нь ардчилсан тогтолцоот Британи ба Герегийн хоорондоо маш ялгаатай үр дүнгээс илт харагдана.

Өдгөө дэлхийн ихэнх орноор хүлээн зөвшөөрөгдсөн “Хурлын дэг” хэмээх нэгдсэн жишиг буй болжээ. Энд гэр бүлээс эхлээд хамт олон, бүлэглэл, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, төр, Засгийн газар, шүүх, парламентиас шийдвэр гаргахдаа ямар үндсэн зарчмыг баримталбал маргаангүй болдгийг нарийн заасан байна. Энэ жишиг зуу гаруй жилийн өмнө анхлан томъёологдсон механизм юм. Энэ жишгийг хуульчлан баримталснаар алив шийдвэрийн маргааныг таслан шүүхэд туйлын хялбар болдог аж. Ямар ч шийдвэр маргаан дагуулдаг, үүнийг “шудрага”, “шудрага бус” гэсэн тодорхой дүрэмгүй мэтгэлцээнээр шийдэх бололцоогүй.

2017.8.12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *