Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсон.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэг өнөөдөр (2019.07.01) хуралдав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар оролцлоо.
Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа Дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцсон.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, Дэд ажлын 4 хэсэг буюу Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг тус бүр тодорхой саналуудыг нэгтгэн ирүүлснийг танилцуулав. Мөн тойрогтоо ажиллаад, иргэд сонгогчдодоо төслийг танилцуулсан Улсын Их Хурлын гишүүд иргэдээс ирүүлсэн саналуудыг Дэд ажлын хэсгүүдэд хүргүүлсэн талаар Ажлын хэсгийн гишүүдэд хэлсэн.
Хуралдаанаар Дэд ажлын хэсгүүдээс боловсруулсан санал нэг бүрийг хэлэлцэж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд монгол хэлний мэргэжлийн судлаач, эрдэмтэн ажиллуулах нь зүйтэй гэдэг саналыг гаргасан. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, төслийн томъёолол нэг бүрийг сайтар нягтлан, иргэдээс ирүүлсэн саналуудыг харгалзаж, тусгах нь чухал болохыг Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлж байсан. Хуралдаанд оролцсон гишүүд Дэд ажлын хэсгийн санал нэг бүр дээр хэлэлцэж, холбогдох тайлбар, үндэслэл, тодруулгыг асууж, хариулт, тайлбар авсан юм.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.