УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.38 цагт 50.7 хувийн ирцтэй эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон, өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.
Түүнчлэн, Улсын Их Хурлаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг зөрчигдөхөд хүргэсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 28, 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ц.Нямдорж нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх нь эрх зүйн ямар үр дагавартай талаар, Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчим, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай уялдаж байгаа эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямбаатар болон холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, …” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …” гэсэн хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “… зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийн 1 дэх хэсгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалт, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж, Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа
Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв.
Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг танилцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй бөгөөд Засгийн газрын гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй юм.
Хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ , Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар үг хэлж горимын санал гаргасан бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа тасалдалгүй явагдах ёстой учир дараагийн асуудлаа хэлэлцье гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Үргэлжлүүлээд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр батлав. УИХ-ын гишүүн Х.Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталлаа.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийгЗасгийн газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.
Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалтын хэрэгжих хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгааг дахин таван жилээр сунгах болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хамрах хүрээг өргөтгөх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулжээ.
Хуулийн төслүүдийг баталснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамруулах, Монголбанканд тушааж байгаа алтны хэмжээг бууруулахгүй байх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2.5 хувийг 5 хувь болгоход татвараа авч чадахгүй болчихно гэсэн баталгаа байгаа эсэхийг тодорхой болгох, хуулийн төслийн 47 дугаар зүйлтэй холбогдсон өөрчлөлтүүдийг сайтар нягтлах, түүнчлэн гарал үүслийн сертификат болон Оюу толгойтой холбоотой асуудал, металлын баяжмалаар гарч байгаа алтны тоо хэмжээг тооцсон хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх, ажлын хэсэг байгуулж сайтар ярилцах, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун алтныхны лобби төрд байгааг анхаарах, алтны тушаалт нэмэгдэж байгаа нь зөвхөн татвартай холбоотой биш, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт нөлөөлсөн, манайх дэлхийд битгий хэл хөрш орнуудтайгаа харьцуулахад татвар багатайд тооцогддог, ийм учраас татварыг 2.5 хувь биш 5 хувь болгох, мөн алтны асуудал дээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг биш үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, хугацааг 5 жилээр сунгахыг дэмжих боломжгүй гэсэн саналуудыг хэлжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч эхэлсэн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.