Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан зарим болзол, шаардлага нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн Цэц дээрх маргааныг хэлэлцээд, Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзлээ. Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшаар ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргалаа.