Categories
гадаад мэдээ

Өндрийн харайлтын тэмцээнд өрсөлдсөн тамирчид олимпийн алтан медалиа хуваалцав

Ням гаригт Токио 2020 зуны олимпийн наадмын өндрийн харайлтын тэмцээнд өрсөлдсөн хоёр тамирчин алтан медалиа хувааж авахаар болсон нь түүхэнд тохиосон ховор үзэгдэл байв.

Катарын тамирчин Мутаз Эсса Баршим, Италийн тамирчин Жанмарко Тамбери нар бүх үзүүлэлтээрээ тэнцээд байжээ. Тэд хоёул ижил 2.37 метрийн өндөрт харайж, амжилттай болон бүтэлгүй оролдлогын тоо зэрэг бусад бүх үзүүлэлт нь тэнцсэн байна.

Шүүгчид тэдэнд тэнцээгээ хагалах нэмэлт өрсөлдөөнийг санал болгосон юм. Гэтэл тамирчид алтан медалиа хувааж зүүх боломжтой эсэхийг асуужээ.

Ингээд зохион байгуулагчид зөвшөөрснөөр Баршим, Тамбери нар олимпын өндрийн харайлтын төрлийн алтан медалийг хувааж зүүхээр болсон юм.

Хамгийн сүүлд 1912 онд хоёр тамирчин олимпийн алтан медалийг хувааж авсан түүхтэй юм байна.

Гуравдугаар байранд орж, хүрэл медаль зүүсэн Беларусийн Максим Недасеков мөн 2.37 метрийн өндөрт харайсан ч бүтэлгүй оролдлогын тоо нь түрүүлсэн хоёр тамирчныхаас илүү олон байсан юм.

Катар улс энэ удаагийн олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа авсан нь энэ болжээ. Бямба гаригт Катарын хүндийн өргөлтийн тамирчин Фарез Элбах улсынхаа түүхэнд анхны алтан медалийг авсан юм.

Жанмарко Тамбери гэмтлийн улмаас Риогийн 2016 оны олимпыг алгасч байсан ч ийнхүү Токиогийн наадамд алтан медаль зүүжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *