Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн шийдвэр гаргалаа

Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниуд хамтран Хөдөө аж ахуйн биржийн ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан ХХААХҮЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат болон тус холбооны гишүүн болох “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс”, “Могул ноос”, “Сор кашемир” зэрэг компаниудын төлөөлөл оролцсон. Эдгээр компанийн зүгээс 2018 оны 6 дугаар сард хонины ноосыг самнах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гаргасан байна. ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран уг саналыг судалж үзээд угаасан ноосны 0.32 хувийн шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлэх, самнасан ноосны шимтгэлийг 0.2 хувь болгож бууруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр нэг килограмм ноосны шимтгэл 9.3 төгрөг болж байгаа юм. Энэ нь ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортод гаргахыг дэмжсэн шийдвэр боллоо гэдгийг үндэсний үйлдвэрлэгчид хэлж байна.

Ийнхүү ноосны шимтгэлийг тодорхой хувиар нэмэгдүүлж байгаа нь ноосны зах зээлийн үнийг буулгах, нөлөөлөх гэсэн алхам биш бөгөөд үнийг хөөрөгдөхгүй байх, тогтворжуулах зорилготой гэдгийг төлөөллүүд тодотголоо. Тэдний үзэж байгаагаар ноосны үнэ 3000 хүртэл төгрөгийн үнэтэй байвал боломжийн бөгөөд угааж, самнаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг одоогийнхоос бага тусч, хэрэглэгчдэд үнийн дарамт учруулахгүй гэж байв. Одоогийн нөхцөлд түүхий эд харьцангуй өндөр үнэтэй байгаа ч “үнээ дагаад чанар” гэдэг ойлголт байхгүй байгааг шүүмжиллээ. Тиймээс малчид үндэсний үйлдвэртээ ноосоо тушааж, килограмм тутамд 1000 төгрөгийн урамшуулал авч, ноосоо үнэтэй худалдаж байгаагийнхаа хэрээр чанартай түүхий эд нийлүүлэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *