Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 400 машины зогсоол байгуулах ажил эхэлсэн талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 973 га газартай бөгөөд хотын ногоон байгууламжийн 23%-ийг бүрдүүлдэг. Давхардсан тоогоор жилд 1-1.5 сая хүн зочилдог байна” гэжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд автомашины зогсоолтой болох асуудал 2019 оноос яригдаж байв. Тодруулбал, 2019 оны тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж байгаа талаар тухайн үеийн нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан бол 2020 оны тавдугаар сар буюу жилийн дараа НИТХ хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгож байжээ.