Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баяр болж байна

“Үндэсний номын баяр 2018” энэ жил 24 дэх удаагаа “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор төв талбайд эхэллээ. Есдүгээр сарын 14, 15-ны өдөр үргэлжлэх номын үзэсгэлэн худалдааны үеэр номын дэлгүүрүүд болон зохиолчид номоо хямдралтай үнээр худалдаалахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулзаж ярилцан, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж гардаг.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч яруу найрагчдын ном бүтээлүүд хямдралтай худалдаалагдаж байна. О.Дашбалбар агсны “Гол ус намуухан урсана”, “Миний захидлууд”, Болор цомын эзэн Н.Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл”, “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана”, мөн сэтгүүлч агсан Ж.Гангаагын “Цагаан Гэгээ”, сэтгүүлч яруу найрагч Д.Гансаруулын “Цоохор майлзын цэцэг”, “Сарны тосгон” гэх мэт шилдэг бүтээлүүд хямдралтай үнээр өнөөдөр маргааш төв талбайгаас худалдан авах боломжтой. Эдгээр номууд нь 20-90 хувь хямдарч байгаа аж.

Энэ удаагийн номын баяр Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюуны 100 жил, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн 100 жил, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн 90, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаагийн 90 жилийн тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран уншигчдад хүргэнэ.
Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарын зохиолч, яруу найрагчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх, СГЗ Ц.Хулан нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэв. Тэрбээр “Он цаг алсалж огторгуйн орчил улам цааш эргэхийн хэрээр ном оюун билэг хүн төрөлхтөнд хичнээн хэрэгтэйг мэдэрсээр байгаа цаг үед бид амьдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохион байгуулж буй энэ номын баяр бол Монгол Улсын, Монгол үндэсний баяр болдог. Номд мөргөе хэмээдэг бидний дотоод чинадын залбирал үеийн үед хадгалагдаж, үүнтэй зэрэгцэн эх хэл, соёлоо хадгалах замд хөтлөн дагуулаасай гэж хүсье” гэв.

Энэ үеэр Ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарт номын баярыг зохион байгуулагчид хүндэтгэл үзүүлэв.

Image may contain: 1 person


Мөн Монголын зохиолчдын эвлэлээс өөрийн архивт хадгалагдаж байсан 1940-өөд оноос эхлэн 1990-ээд он хүртэлх хугацаанд хэвлэгдсэн хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр үнэлэн худалдаж байв. Тэнд ном сонирхогч оюутан залуус, ахмадууд хуучны ном олноор нь ялган, худалдан авч байлаа. МЗЭ архивынхаа хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр худалдаж байна.

Номын баярт зориулж “Интер ном” их дэлгүүр 20-50 хувь, “Аз хур”, “Мир” номын их дэлгүүр өөрийн хэвлэсэн номнууддаа баасан, бямба гарагт 20 хувийн хямдрал зарлаж, хямдралтай номнуудаа Сүхбаатарын талбайд худалдаж байна. “Интер ном” их дэлгүүр номнуудаа хоёр өдөр 20-50 хувь хямдрууллаа.

“Аз хур” их дэлгүүр өнөөдрөөс энэ сарын 18-ныг хүртэл Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Зүүнхараа, Баруунхараад хуваарийн дагуу номнуудаа 72 хувийн хямралтай үнээр худалдаалж, орон нутгийн оюунлаг уншигчдадаа бэлэг барьж буй юм.


Image may contain: one or more people

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *