Categories
мэдээ нийгэм

Үндэсний хэмжээний хоёр дахь том Цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүрэгт байгуулна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, Баянзүрх дүүрэгт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг танилцууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад оролцсон Баянзүрх дүүргийн иргэдийн 36.6 хувь нь шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсэж, санал хүсэлтээ ирүүлсэн байна. Иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсын хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрладаг. 973 га талбайгаас 183 га талбайд төлөвлөлтийн ажил хийж, нийслэлийн иргэдийн зорих очих газрын нэг болоод байна.

Харин Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнг 300 га талбайд төлөвлөх ба 2022 оноос эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зураг төслийн ажилдаа оржээ.

Баянзүрх дүүргийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан туршлагатай бөгөөд Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч тус хүрээлэнгийн шилдэг инженерүүдийг ажиллуулж, туршлага судлах юм.

Дүүргийн удирдлагуудын үзэж байгаагаар алслагдмал хороодод амьдарч байгаа иргэдээ дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгох, цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмж, нэмэгдүүлэх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байгаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *