Үндэсний их баяр наадмын хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд өнөөдөр болж, өндөрлөлөө. Маргааш хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ. Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга ардын багш О.Балжинням тэргүүтэй таван аварга цолтон зодоглолоо. Хоёрын даваанд улсын начин цолтой бөхчүүд учраа бөхөө барсангүй. Тухайлбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Тогтохмэндийн Сайханжаргалд тахимаа өглөө. А.Алтанхуягийн хувьд хоёр жилийн өмнө Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаар тав давж улсын начин хүртэж байсан.
Харин нэгийн даваанд өнөө жилийн наадамд дээгүүр барилдах бөхчүүдийн тааварт нэр нь ярьгдаж байсан улсын начин Э.Даш өвдөг шороодсон.
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат уран барилдаант начин Лувсанрагчаагийн Нямсүрэн аймгийн заан Д.Батсайханд өвдөг шороодсон юм. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин М.Эрдэнэбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Л.Отгонбаатарт мөн тахимаа өгөөд байна. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын залуу начин Б.Чимэдвандан Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул аймгийн арслан Дармаагийн Тамирт өвдөг мөн шороодлоо. Улсын цолонд хүрнэ хэмээн олон түмний таамаглаж байгаа аймгийн арслангууд хоёрын давааны төгсгөлд хоорондоо учраа таарах нь тодорхой боллоо.
Үндэсний их баяр наадмын хоёрын давааны төгсгөлд аймгийн шилдэг арслангууд хоорондоо оноолт таарч хүч үзсэн билээ. Бөх сонирхогч наадамчдын хамгийн ихээр итгэл хүлээлгэж харж суугаа аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар “Хангайн даваа” компанийн бөх аймгийн арслан Т.Цогт-Эрдэнийг, мөн хурц арслан Баянхонгорын Н.Золбоо аймгийн арслан Б.Баяржавхланг, Увсын Оюуны Гантулга Баянхонгорын Б.Бат-Оршихыг, Завхан аймгийн харьяат уран барилдаант Шархүүгийн Пүрэвгарьд аймгийн хурц арслан Б.Бямба-Очирыг тус тус даваад байна.
Наадмын өмнөхөн болсон бүх цэргийн наадамд түрүүлсэн Говь-Алтайн Б.Хишигбаатар Говьсүмбэрийн О.Өлзиймөнхийг, улсын наадамд гурван удаа дараалж дөрөв даваад байгаа Архангайн Мягмарын Бадарч “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг давсан. Харин улсын цолны тааварт нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү Хөвсгөл аймгийн арслан Б.Даваа-Очирт тахимаа өглөө. Түүний хувьд дараа жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Б.Эрдэнэхүүгийн аав Болд мөн аймгийн арслан цолтой бөх байдаг. Улсын наадамд хоёр удаа дөрөв давж начны даваанд аварга О.Балжинням, арслан Б.Ганбат нартай хүч үзэж байсан түүхтэй. Улсын цолонд ойр бөхчүүдээс аймгийн арслан О.Хангай Увс аймгийн арслан Н.Ганзоригтой хүч үзэж, давлаа. Ийнхүү Монгол төрийн их баяр наадмын хоёр даваа дуусав.
Маргааш улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд ам авна. Чухам хэн нь хэнийг авахыг нь таашгүй юм. Маргааш жинхэнэ сонирхолтой барилдаанууд гарах нь ойлгомжтой.
Э.МӨНХ