Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргажээ. Уг шийдвэрээр “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэхийг УИХ-д, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгосон байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулах, улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалах зорилтын үүднээс төвийг сахих чиглэлээр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа хэлбэржүүлж тунхаглах нь зүйтэй гэж ҮАБЗ үзсэн байна. Төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэгт туссан нь Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгаа юм.