Улсын баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ. Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөжээ. Уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэн бүртгүүлэх аж.
Энэ жил уралдаанч хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрээр бус хурууны хээгээр цахим бүртгэлд хамруулах гэнэ. Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй уралдаанч хүүхэд морь унадаг гэсэн судалгаа байдаг. Ингэж цахим бүртгэлд хамруулснаар тэдний амжилт, бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэнэ гэв.