Жил бүрийн тавдугаар сарын 31-нд Бүгд найрамдах өмнөд Судан Улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр орон орноос ирсэн албан хаагчдын дунд Дани Улсын цэргийн багийн нэрэмжит “Данкон” гүйлтийн олон улсын тэмцээн болдог. Энэ жил тус уралдаан БНӨСУ-ын нийслэл Жубад зохиогдсон юм. Уралдаанд 80-аад орны цэргийн албан хаагчдын төлөөлөл болох 320 гаруй тамирчин оролцсоноос хурандаа М.Батчулуун захирагчтай мотобуудлагын дөрөвдүгээр ээлжийн батальоны дэд ахлагч М.Бат-Эрдэнэ түрүүлсэн. Тэрээр түрүүлээд зогсохгүй дээд амжилтыг нь ч мөн шинэчлэн тогтоогоод байна. Дөрөвдүгээр мотобуудлагын батальоноос дэд ахлагч М.Бат-Эрдэнээс гадна 13 тамирчин оролцсон бөгөөд бүгд эхний 20 байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн байна.
Өдгөө өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч М.Бат-Эрдэнэ 1995 онд Төв аймгийн Заамар суманд төржээ. Дунд ангид сурч байх үеэсээ л сургуулийнхаа сагсан бөмбөг болон хөнгөн атлетикийн дугуйланд хичээллэж эхэлжээ. Дэд ахлагч М.Бат-Эрдэнэ “Би хар багын гүйж харайх дуртай байсан. Намайг хүүхэд байхад сумын төвийн хөвгүүд тэвэг өшиглөж, хөөцөлдөж тоглоно. Унадаг дугуй бол нүдний гэм. Харин хүүхдийн тэрэгний ч юм уу, унадаг дугуйны хэрэглэхээ больсон хуучин дугуйн бол хөвгүүдэд төвөггүй олдоно. Өнөөхөө үзүүрийг нь тахийлгасан төмрөөр түрээд машин, мотоцикль болгож тоглодог байлаа. Бас унадаг дугуйтай ганц хоёрхон хүүхдээ дагаад, өнөөх дугуйгаа түрээд гүйчихнэ. Хөнгөн атлетикийн дугуйланд явахаас гадна гадаа тоглосон ч, ус түлээгээ дөхүүлэхдээ ч гүйдэг байлаа. Энэ нь нэг ёсондоо амьдралын хэвшил болчихсон гэх үү дээ” гэж ярилаа.
Дэд ахлагч М.Бат-Эрдэнэ 2013 онд цэргийн алба хаахаар Дархан хотын Зэвсэгт хүчний 330 дугаар ангид хуваарилагдан очжээ. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн улсын тэмцээн болж Ангийнх нь алба хаагчид салаагаараа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн нь М.Бат-Эрдэнэ. Барианд орохын өмнөхөн түүнтэй мөр зэрэгцэн гүйж явсан салааных нь нэг залуугийн шөрмөс нь татаад, уначихаж гэнэ. М.Бат-Эрдэнэ газар ойчсон цэргийг үүрч, үүргэвч, бууг нь хүзүүндээ тогтоон урагшилсаар барианд оржээ. Хэрэв хэдхэн минутаар хоцорсон бол аваргын болзол хангаж чадахааргүй байжээ. Тэрээр энэ талаар “Азаар бариа холгүй байсан. Ганц би гэлтгүй бүхий л цэрэг эрс ингэх байсан учраас энэ бол нэг их гайхуулаад, бардамнаад байх зүйл биш л дээ” хэмээн даруухан өгүүлэв. Харин “Суданд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын дунд зохиогдсон “Данкон” гүйлтийн олон улсын тэмцээнд түрүүлсэн тань өөрөөрөө бахархах тод амжилт мөн биз дээ” гэвэл “Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн тулд сэтгэл санаа болон бие бялдрын тэсвэр хатуужлын өндөр шалгуурыг даваад, Суданд энхийг сахиулах ажиллагаанд гар бие оролцож байгаа маань нэр төрийн хэрэг. “Данкон” олон улсын гүйлтийн тэмцээний холын зайн төрөлд оролцон 80 гаруй орны 320 гаруй энхийг сахиулагчдыг манлайлснаас гадна 40 гаруй жил эвдэгдээгүй рекордыг шинэчлэн тогтоосон. Энэ амжилт ганцхан би гэлтгүй Монголын энхийг сахиулагчдын бэлтгэл, сургуулилт хэр зэрэг өндөр түвшинд байгааг илтгэсэн болов уу. Тийм ч учраас тэмцээнд оролцсон 14 тамирчид бүгд эхний 20 байрт шалгарсан” гэж ярилаа.
Уралдаан зохиогддог өдөр 50 хэмийн халуун байсан гэнэ. Бүртийх үүлгүй, сэвэлзэх ч салхигүй тэр их халуунд хувцсаа бүрэн өмсөөд, дээрээс нь 10 кг-ын ачаа үүрээд 25 км-ы н зайг хоёр цаг долоон минутанд туулна гэдэг амаргүй. Зам талбайг нь урьдчилан засч, янзлаагүй учраас хайрга чулуу, гол усаар гарч, суваг шуудуу, хад модон дээгүүр харайж, биеийн хүчээ жинхэнэ утгаар нь дайчлан уралдсан аж. Хоёр км тутамд цэвэр усаар хангаж байжээ. Тэрээр туулах замынхаа тэн хагаст ортол нэгэн жигд хэмнэлээр гүйж байгаад, сүүлийн тойргуудад бага багаар хурдаа нэмэх тактикаар уралджээ. М.Бат-Эрдэнэ “Гараанаас гарахад үнэхээр бүгд л толгойн хэсэг буюу эхний хэдэн хүний тоонд багтах гэж хамаг хүчээ шавхан уралдаж эхэлсэн. Замынхаа тэг дундад орохын алдад хажуугаар минь салхи татуулаад өнгөрсөн бусад орны энхийг сахиулагчдаа гүйцэж эхэлсэн. Зарим нь бүр алхаж явсан. Ихэнх нь ядарч, сульдсан байхад миний амьсгаа задарч, хөл улам ч хөнгөрчихсөн байсан. Тэгээд өөртөө “Одоо л цаг нь болж” гэж хэлээд аажмаар хурдаа нэмсэн. Гэвч миний цанх татаад гүйх нь бүү хэл алхаж ч чадахаа больсон. Тэгтэл хажуугаар минь Хятад, Непалын тамирчид түрүүлээд өнгөрөхөд энэ будааны хүүхдүүдэд гүйцэгдээд байхдаа яадаг юм” гэсэн бодол төрж, шар минь хөдлөөд өөрийгөө гуядсан даа. Хятадаас хамгийн олон буюу 80 гаруй энхийг сахиулагч оролцсон. Тэд хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан” гэсэн юм. Мөн тэрээр “Аав, ээж маань “Хүүгээрээ маш их бахархаж байна” гэж хэлсэн нь надад маш том шагнал, хүндэтгэл байсан. Бага ч болов ачийг нь хариулж байна даа гэж бодсон шүү” гээд хоолой нь цахиртаж ирэв.
Өмнөд Суданд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч М.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний330 дугаар ангид алба хаадаг. Дархан хотод эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг юм байна.
М.УУГАН-ЭРДЭНЭ