Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ген Хи аравдугаар сарын 1-нд тус улсын Зэвсэгт хүчний өдрөөр тохиолдуулан хэлсэн үгэндээ “Умардын иргэд Өмнөд шинэ итгэл найдвар, шинэ амьдрал олж авч болно” гэснийг парламент дахь сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байна.
Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам “Тобуро”-ийн дарга У Сан Хо нь Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь илэрхий Умардын дэглэмийн эсрэг агуулгатай байгаа нь сүүлийн үед ихээхэн таагүй болсон хоёр улсын харилцааг улам муутгаж болзошгүй гэжээ. Ингээд зогсохгүй “Умардын дэглэм нуран унавал цагаачдын давалгаа Өмнөдийг нөмрөн авч, одоо Европт болоод байгаатай адил зүйл болно. Умардаас ердөө 100 мянган дүрвэгч БНСУ руу нэвтрэн ороход л Сөүлийн дүүрэг болгонд орон гэргүй 4000 хүн амьдардаг болж хувирна” гээд энэ мэт шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь хариуцлагагүй зүйл гэлээ.
Сөрөг хүчний “Ардын нам”-ын дарга Пан Жи Вон нь мөн адил бодолтой байгаагаа хэлээд байдал яаж ч эргэсэн Өмнөд Солонгос бэлэн байх ёстой ч Хойд Солонгосыг өөрсдөө өдөөн хатгах ёсгүй гэлээ. Тэрээр “Одоогоор хоёр улсын хоорондох хямралыг шийдэх цорын ганц хувилбар нь харилцан яриа. Хэрэв бид Солонгосыг үнэхээр л энх тайван замаар нэгтгэхийг чармайж байгаа юм бол хэлэлцээ хийхээр тохиролцох ёстой. Иймд Ерөнхийлөгчийг байр сууриа эргэн харахыг хүсч байна” гэж.
Гэвч Өмнөд Солонгосын эрх баригчид байр сууриа өөрчлөх бодолгүй байгаа гэдгээ ойлгуулав. Эрх баригч “Сэнури” намын төлөөлөгч Чон Жин Сок нь Өмнөд Солонгосын Үндсэн хуулинд Хойд Солонгосын иргэдийг түр хугацаанд булаан эзлэгдсэн нутаг дээр байгаа Өмнөдийн иргэд гэж заагдсан байдгийг онцлов. Чон Жин Сок нь “Энэ бүхнээс үүдээд манай Засгийн газар нь тэдгээр иргэнийг хамгаалах, ёс төртэй амьдрах боломжоор хангах үүрэгтэй. Ерөнхийлөгч нь Өмнөд Солонгос руу дүрвэн гарагсдыг хүлээн авахад бэлэн гэдгийг хэлсэн болохоос дүрвэгсдийг хүчээр ийш нь зөөх тухай яриагүй” гэжээ.