БНСУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөж, таван жилийн хугацаатай үүрэгт ажилдаа орлоо. Улсынхаа ерөнхий прокуророор өмнө нь ажиллаж байсан консерватив ерөнхийлөгч Юн Сүк Ёл хэлсэн үгэндээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд нээлттэй хандахаа илэрхийлж, хэрвээ яриа хэлэлцээ үр дүнд хүрвэл Умард Солонгосын эдийн засгийг хүчирхэгжүүлэх “зоригтой төлөвлөгөө”-г олон улсын хамтын нийгэмлэгийн хамт боловсруулж, танилцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Юн Сүк Ёл ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд Өмнөд Солонгосын 555,000 бие бүрэлдэхүүнтэй армийн удирдлагыг мөн хүлээн авсан байна. Юн Сүк Ёлын хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр Умард Солонгосын дэглэмтэй хатуу байр сууринаас харьцахаа амлаж байсан юм. Гэхдээ тэр тангараг өргөх үедээ харьцангуй зөөлөн үг хэллэг хэрэглэсэн нь Пёньяны эрх баригчид цөмийн зэвсэг туршихаас болгоомжилсных байх гэж ажиглагчид дүгнэж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг бас Америк, Хятадын дунд тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлэх, хүчирхэг хөрш Япон улстай харилцаагаа сайжруулах, цар тахлын дараах улс орныхоо эдийн засгийг сэргээх зэрэг хүнд хэцүү ажлууд хүлээж байгаа юм. Түүнийг 1980-аад оноос хойш сонгогдсон ерөнхийлөгч нарын дундаас хамгийн хэцүү цаг үед улс орныг хүлээж авч буй удирдагч гэж судлаачид үзэж байна.
Эдүгээ 61 настай Юн Сүк Ёлын сонгуулийн дараа гаргасан шийдвэрүүд Өмнөд Солонгосын олон нийтээс нэлээд шүүмжлэл хүлээсэн юм. Тухайлбал, тэр ерөнхийлөгчийн албан ёсны өргөөг Хөх ордноос гаргаж, батлан хамгаалах яамны байранд шилжүүлсэн. Мөн засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ хэд хэдэн маргаантай томилгоо хийж байв. Мөн шинэ ерөнхийлөгчийн улс төрийн байр суурьт зургадугаар сарын 1-ний өдөр болох орон нутгийн сонгууль чухал нөлөө үзүүлнэ. Парламентад олонх болдог сөрөг хүчний либералууд энэ сонгуульд ялалт байгуулбал Юн Сүк Ёлын мөрийн хөтөлбөр хэрэгжихэд нэлээд саад бэрхшээл бий болох юм.
BBC. CNN. REUTERS. DW. NHK. TASS-аас бэлтгэсэн Г.АМАРСАНАА