Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр Үндсэн хуулийн шүүхээр орж суудлаасаа огцорлоо. Түүнийг өнгөрсөн 10 дугаар сараас найз Чүэ Сун Шил-тэй холбон авлигын хэрэгт буруутгаж эхэлсэн юм. Мөн түүнийг өөрийн хүрээллээ элдэв бөө, үзмэрч, биеэ үнэлэгч гэх мэт янз бүрийн болж бүтэхгүй хүрээний хүмүүсээр бүрдүүлсэн гэж буруутган сая сая иргэд удаа дараа жагсаал хийсэн юм. Энэхүү авлигын хэрэг даамжирч цаашлаад Самсунг группын удирдлага Ли Жэ Ёонг хүртэл 37 сая долларын хэргээр баривчлагдаж байсан юм.
Чүэ Сун Шилийг 2016 оны арвэннэгдүгээр сарын 20-ны өдөр Прокурорын газраас албан ёсоор авлигын хэрэгт буруутгасан билээ. Түүний 52 компаниас 70 гаруй сая ам.долларыг авлига хэлбэрээр авсан гэж буруутгасан юм. Энэ хэргийн дуулиан дунд Пак Гын Хегийн нарийн бичгийн дарга, ажлын алба нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Тэдний нэг бус ажилтанд Прокурорын газраас тухайн сардаа багтаан эрүүгийн хэрэг тулгасан юм.
Парламент дахь сөрөг хүчний нам Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Парламентад оруулж хэлэлцүүлэн маргааш нь санал хураалт явуулахад “234 гишүүн дэмжсэнээр огцрох зам нь шулуудсан гэж хэлж болно.
Пак Гын Хе нь 1952 онд Өмнөд Солонгосын Дэгү хотод Ерөнхийлөгч асан Пак Чун Хи-н том охин болон мэндэлжээ.
1961 онд тэрээр гэр бүлийн хамт Хөх ордонд нүүж ирсэн юм. 1970 онд Соган их сургуулийн электрон инженерийн ангийг төгссөн. 1974 онд аавыг нь эсэргүүцэгчид түүний эхийг хөнөөхөд тэрээр Францад сурч байсан.
1998 онд Азийн эдийн засгийн хямрал болоход өөрийн төрсөн хот Дэгү хотын захирагчийн албанд сонгогдож чадсан юм. 2012 онд тэрбээр 60 насандаа Солонгосын Ерөнхийлөгчид өрсөлдөж хүний эрхийн хуульч Мүүн Жэе Ин-г ялснаар Солонгосын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон.
2014 онд дунд сургуулийн 300 гаруй хүүхэд сууж явсан Севол хөлөг онгоц осолдож хүүхдүүд харамсалтайгаар амь алдсаны дараа шуурхай арга хэмжээ авч чадаагүй нь ерөнхийлөгчид итгэх итгэл буурч ард түмний бухимдлыг багагүй төрүүлсэн билээ.
О.ӨНӨР