Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тангараг өргөлөө

Өмнөд Солонгосын ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Мүн Жэ Ин тангараг өргөлөө.

Өмнөд Солонгосын 19 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр өнөөдөр үдээс өмнө нийслэл Сөүл хот дахь Үндэсний Ассамблейн ордонд тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ “нөхцөл байдал бүрдвэл би Пхеньянд айлчлах болно” гэв.

Өдгөө 64 настай, хүний эрхийн хуульч мэргэжилтэй, либерал үзэлт ноён Мүн өмнөх ерөнхийлөгчийнхөөс өөр буюу Пхеньянтай харилцаа холбоогоо сайжруулах бодлого баримтлах төлөвтэй байна.

Мөн тэрбээр авлигын дуулиан шуугианы улмаас хуваагдаж хагаралдсан улс орноо нэгтгэж, эдийн засгаа сайжруулахаа мэдэгдэв.

Ардчилсан намаас нэр дэвшсэн тэрбээр өөрийгөө “Пак Гын Хэгийн эрин үеийн авлига, улс төрийн дуулиан шуугианаас улс орноо салгаж чадах хүн” гэж тодорхойлохын сацуу “шударга бөгөөд эв нэгдэлтэй улс орныг бий болгоно” гэж амлалаа.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 1953 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өмнөд Солонгос улсын Коджедо аралд таван хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй. Ромын католик шашинтай нэгэн аж.

Түүний аав нь 1950 онд Солонгосын хойг дайны хөлд нэрвэгдэх үед БНАСАУ-ын Өмнөд Хамгён аймгаас АНУ- ын “MEREDITH VICTORY” гэх ачааны хөлөг онгоцонд сууж, Коджедо арал руу дүрвэн ирсэн цагаачдын нэгбайсан гэнэ.

Мүн Жэ Инийн аавынх туйлын ядуу зүдүү амьдралтай байсан гэдэг.“Хангёл” сонинд бичсэнээр, эрдэнэ шишийн үрийг үдийн хоолондоо зооглодог байсан бөгөөд түүгээрээ бүтэн өдрөө даадаг байсан гэнэ.

Мүн Жэ Ин ахлах сургуулиа төгссөний дараа “Кюнхэ” их сургуульд хуулийн чиглэлээр дэвшин суралцжээ. 1975 онд Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг Ардчилсан хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар баривчлагдан хоригдож байжээ.

Мүн Жэ Ин 1982 онд тухайн үед өмгөөлөгч байсан Ну Мү Хёньтой хамтран хуулийн компаниа байгуулж байжээ.

Ну Мү Хён 2003 онд БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн Тамгын газарт орж ажилласан байна.

2009 онд Ну гэрийнхээ хойд талын ууланд очиж, амиа егүүтгэн нас барахад ч Мүн Жэ Ин хамтран зүтгэгчээ эцсийн замд нь үдэн, оршуулгын ёслолыг удирдаж байсан нэгэн.

Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн сонгууль болоход Сэнүри намаас нэр дэвшигч Пак Гын Хетэй өрсөлдөн ялагдаж байсантүүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *