Өмнөд Солонгосын эрх баригчид улсынхаа хүн бүрийг вакцинжуулахаар тооцоолж, вакцин боловсруулагчидтай гэрээ байгуулжээ. Ингэснээр хүн амынхаа тооноос бага зэрэг илүү вакцин худалдан авахаар болсон байна.
Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр БНСУ-ын Засгийн газар 56 сая хүнд зориулан коронавирусийн вакцин худалдан авах гэрээг байгуулсан гэнэ. Тус улс 52 сая хүн амтай бөгөөд ингэснээр БНСУ илүү вакцин авч нөөцлөхөөр болсон аж.
Эхний ээлжинд АНУ болон Баруун Европоос Өмнөд Солонгос руу вакцин нийлүүлэх аж. Модерна компани Өмнөд Солонгос руу нийтдээ 20 сая хүнд зориулсан вакцин нийлүүлэх бол Астра Зенека, Пфайзер компаниуд тус бүр 10 сая, Janssen 6 сая хүнд тарих вакцин нийлүүлэх аж. Мөн Өмнөд Солонгос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” төсөлд оролцдог бөгөөд ингэснээр 10 сая хүндээ зориулж вакцин авах боломжтой гэнэ. Энэ оны нэгдүгээр улиралд вакцины эхний ээлж БНСУ-д нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байгаа аж. Олон нийтийн шахалтан дор БНСУ-ын Засгийн газар бүх нийтийн вакцинжуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Тус улсад явуулсан судалгаагаар хүн амын ихэнх нь вакцин тариулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн хариулжээ.