Categories
гадаад мэдээ

Өмнөд Осетийн ерөнхийлөгч ОХУ-д нэгдэх хүслээ илэрхийлжээ || DNN.mn

Украинаас салан тусгаарласан Луганск мужийн захирагч саяхан ОХУ-д нэгдэх бүх нийтийн санал хураалт явуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Тэгвэл Өвөр Кавказын бас нэг салан тусгаарласан бүс нутаг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ өчигдөр илэрхийлжээ.

“Орос улсын бүрэлдэхүүнд багтах нь манай улсын стратегийн зорилт гэдэгт би итгэдэг. Энэ бол манай ард түмний хүсэл юм. Бид бас үүнийг дагах ёстой. Ойрын үед бид хууль ёсны алхмаа хийнэ. Өмнөд Осетийн Бүгд Найрамдах Улс түүхэн эх орон Оростоо нэгдэх болно” гэж тус улсын ерөнхийлөгч Анатолий Бибилов мэдэгдсэн байна.

53,000 орчим хүн амтай Өмнөд Осет 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Гүржээс салан тусгаарласан юм.

Дэлхийн ихэнх улс орон Өмнөд Осетийг Гүрж улсын нэг хэсэг гэж үздэг. Харин ОХУ, Венесуэл, Никарагуа, Науру, Сири улсууд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

2008 онд болсон Гүрж-Оросын дайны дараа Өмнөд Осетийн нутагт ОХУ цэргийн баазаа байгуулж байжээ.

Гүржээс салан тусгаарласан өөр нэг нутаг болох Абхаз харин ОХУ-д нэгдэх төлөвлөгөөгүй байгаагаа өчигдөр илэрхийлсэн байна.

“Манай үндсэн хуульд Абхазыг тусгаар улс байх ёстойг тодорхой заасан байдаг. Орос бол манай стратегийн түнш, ах дүүгийн ойр харилцаатай улс. Гэхдээ манай улсад ОХУ-д нэгдэх төлөвлөгөө байхгүй” гэж тус улсын парламентын спикер Валерий Кварчия ярьжээ.

2008 онд болсон Гүрж-Оросын дайны дараа Москвагийн эрх баригчид Абхаз, Өмнөд Осет хоёрын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсан юм.

Эх сурвалж: Bloomberg, Russia Today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *