-ТҮҮНИЙГ МОНГОЛДОО СУРЧ БАЙХАД НЬ АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЖ АЛБАДАН БУЦААСАН БИЛЭЭ-
Бээжингийн Цэргийн 304 дүгээр эмнэлгийн Түлэнхийн төвд эмчлүүлж буй Билгүүдэй хүүд элэг нэгт монголчууд нь хандив цуглуулж, тусалж дэмжиж буй. Өмнөд монголчууд минь долоо хоногийн дотор 40 гаруй сая төгрөгийн хандив цуглуулснаа хүүгийн ээж Ц.Булганд өгсөн. Хятадын цахим сүлжээгээр монгол хүүд туслах аян өрнөж, Шинжааны Баянмонголын малчин өвгөн, Эрээнд ажиллаж буй өмнөд монгол залуу гээд элэг нэгтэн түмэн харамгүй тусаллаа. Мөнгөний их, багадаа бус элэг нэгт монголчууд нэгнийхээ төлөө цохилох зүрхтэй байгаа нь монголчуудад сайхан санагдлаа.
Хүүд тусалсан элэг нэгтнүүдийн минь дотор Өмнөд Монголын иргэн Ө.Оюунчимэг 20 гаруй мянган юанийн хандив цуглуулжээ. Шинжааны өөлд монгол гэж өөрийгөө танилцуулсан энэ бүсгүй монгол хүүгийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж 20805 юань буюу зургаан сая 405 мянган төгрөг цуглуулж чаджээ. Ө.Оюунчимэгээс ярилцлага авахыг хүсэхэд “Монгол хүний хийх л байсан зүйлийг хийлээ. Монгол л бол би ч, өөр хэн нэгэн ч элэг нэгтэндээ туслах л болно. Би Монголдоо очих эрхээ хасуулсан. Хол байсан ч сайн үйлсийн аянд нэгдэж, хийж л байх болно” гэлээ.
“БИ ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч ЯВСАН МОНГОЛ ГЭСЭН БҮХ ЗҮЙЛД ХАЙРТАЙ”
Ө.Оюунчимэг Өмнөд Монголын Их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд сурахаар Монголд ирсэн аж. Сургуульд сурч байхдаа байр, хоолныхоо мөнгөнд нэмэр болох гэж нэгэн компанид ажиллах болжээ. Гэтэл ГИХАЭГ-аас түүнийг оюутны визээр ажил хийсэн гэж 2013 оны наймдугаар сарын 30-нд албадан гаргах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ түүнийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад нэвтрэх эрхгүй болгож, паспорт дээр нь хар тамга даржээ.
Ө.Оюунчимэг одоо Эрээнд амьдарч байгаа. Жуулчны компанид ажилладаг түүнд дарамт их байдгийг ойр дотнынхон нь ярьсан. Монгол Улстай хил залгаа хотод амьдарч байгаа гэдэг утгаар Монгол руу явж магадгүй гэдэг үүднээс байнга шахам шалгадаг аж. Бас гадаад паспорт дээрээ хар тамга даруулснаас болж жуулчид авч Хятадын хот хооронд явахад хүртэл хүндрэлтэй болжээ.
Монголоо гэж ирээд хөөгдөөд буцсан ч тэрбээр Монголын талаар нэг ч муу үг унагадаггүй юм билээ. Боломж л гарвал монгол дээлээр гоёдгийг нь найзууд нь ярив. “Монгол хувцас минь бидний брэнд” гэж бахархдаг нэгэн. Бас “Би хэзээ ч, хаана ч явсан Монгол гэсэн бүх зүйлд хайртай” гэж ярина. “Монголоороо бай, сэтгэлээрээ бай. Бүх зүйл сайхан болох болно” гэж бусдадаа зөвлөнө. Хамгийн хайртай хотоо Улаанбаатар гээд Монгол Улсыг харамгүй магтана. Түүний facebook хуудсаар дүүрэн Монголын байгалийн зураг бий. Камертон хамтлагийн дууг сонсч, Чойномын шүлэг уншиж, Монголын түүх судалдаг бүсгүй.
ӨДӨРЖИН ГУДАМЖИНД ЗОГСЧ ХАНДИВ ЦУГЛУУЛЖЭЭ
Монгол хүү түлэгдэж, Бээжинд эмчлүүлэхээр ирсэн талаар Ө.Оюунчимэг Бээжинд амьдардаг өмнөд монголчуудаасаа сонсчээ. Хүүд туслах аян өрнөхөд тэрбээр Эрээнээс хандив цуглуулахаар шийджээ. Ингээд Эрээнд амьдардаг өмнөд монгол дүү нартайгаа шөнөжин сууж хандивын хайрцаг хийж. Бас гудамжинд тавих том самбар бэлдсэн байна. Самбар дээрээ Билгүүдэй хүүгийн тухай мэдээлэл бичиж, сайхан сэтгэлт хүмүүсээс хандив хүсч байгаагаа монгол бичиг, криллээр болон хятад ханзаар бичсэн байв. Ийн бэлтгэлээ хийж дуусаад “Монгол бахархлын өдөр” буюу өнгөрсөн ням гаригт Эрээн хотын Их дэлгүүрийн үүдэнд өглөөний 9.00 цагаас эхлэн зогсчээ. Зөрж өнгөрсөн хүн бүрээс мөнгө гуйсан гэнэ. “10, 20 юаниар ганцхан удаа таксинд сууна.
KFC-ийн нэг бургер авч иднэ. Ганц удаа явган алхаад, хоол идэхгүй тэвчихэд зүгээр шүү дээ. Нэг удаагийн хоолны мөнгөөрөө ч гэсэн тусална уу”, “10 юань тань 100 болог, 100 юань тань 10000 болог” гэж хүмүүсээс мөнгө гуйсаар байж. Бас цахим хуудсаар “Эрээнд ажлаар ирсэн, жуулчилж яваа хүмүүс туслалцаа үзүүлээч. Монголчууд бид хамтдаа нэг хүүд тус болъё” гэдэг зар түгээсээр байжээ. Хүмүүс арав нь арав, зуу нь зуун юаниа хандивын хайрцаг руу хийсээр л байж. Ө.Оюунчимэг Эрээнд байгаа нутаг нэгтнүүдтэйгээ хамт шөнө дунд болтол зогсч хандив цуглуулжээ. Үүр цайх үед хандивын хайрцгаа нээгээд цугласан мөнгөө тоолоход яг 20805 юань болсон байж. Цугласан мөнгөө хүүгийн ээжийн дансанд хийснийхээ дараа нэг том ажлын ард гарсан мэт сайхан санагдсан гэсэн. Тэрбээр “Эрээнд байгаа хүмүүс Монгол хүүхдэд хандив өргөх ёстой гэж бодсон. Эрээний эдийн засаг, аж ахуйн хөгжил Монголтой маш их холбоотой” гэж ярьсан.
Ө.Оюунчимэг монгол хүүд туслахын тулд арваннэгдүгээр сарын 21-нээс өдрөөс 24-нийг хүртэл өдөр, шөнөгүй ажиллаж, 6.4 сая төгрөгийн хандив цуглуулсан нь энэ. Түүнтэй ижил элэг нэгтэн олон залуус хүүд туслахын тулд өдөр, шөнөгүй ажилласан. Бээжин, Хөх хот, Хайлаар, Авга, Шулуунцагаан, Хөвөөт шар, Урудын дунд хошуу, Баруун үзэмчин, Ордос, Шинжааны Үрэмч хотод Наянбат тэргүүтэй өмнөд монголчууд “Амьддаа бие биенээ хайрлая” хандивын тоглолт зохион байгуулжээ. Тэд Хөвөөт шараас 16000, Авгаас 37900, Өрөмчөөс 37000 юань босгож чадсанаа мэдээлсэн. Билгүүдэй хүүгийн эмчилгээнд нийт 60 сая төгрөгийн хандив цугласны 40 саяыг нь өмнөд монголчууд өгчээ.
Билгүүдэй хүүд арьс нөхөх мэс засал хийсэн нь амжилттай болсон. Нөхсөн арьсных нь 90 хувь нь төлжиж эхэлсэн гэнэ. Одоо хүүгийн биеийн байдлаас шалтгаалж хоёр дахь мэс заслаар хөлийг нь тайрах эсэхийг шийдэх аж. Бээжингийн эмнэлэгт өмнөд монгол оюутнууд ээлжээр хүүгийн ээжид орчуулга хийж байгаа. Тэд хандивын аянаа зогсоосон ч ээж хүү хоёрт тусалсаар байгаа нь энэ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Ц.ӨРНӨХ