Categories
мэдээ цаг-үе

Өмнөд хязгаарын хилчин гэр бүл

Урагшлах тусам уул толгод нь намсан, өвс ургамал нь тачирдан,хар шороон хөрс бор элсээр өнгөө хувиргана. Зам дагуух ногоон торгон дээрх дусал сүү мэт хөврөх зуслангийн хот айлууд цөөрч, хаа нэг тэртээ холд ганц гэр зэрэглээтэн үзэгдэнэ. Хотоос хөдөлсөн даруйдаа саахалтын дайтай яваад л хурдаа хасч, өмнүүрээ мал хуй, морь, мотоцикльтой малчдыг өнгөрүүлж асан жолооч одоо бол тогтмол хурдаар довтолгоно. Бөөгнөрөн хуйлрах үүлс ч замхран, халуун салхи өөдөөс үлээнэ. Бид Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу буюу хангайгаас говийг чиглэн яваа минь энэ. Зорьсон газар, өнжих айл эх орны минь өмнөд хязгаарыг сахин хамгаалж буй Хилийн 0121 дүгээр салбар болох Жаал шандын заставын дарга, хошууч Л.Түвшинтулгынх. Даланзадгадаас урагш чиглэн хагас өдөр хэртэй явсны эцэст намхан толгодын өвөрт улаан хүрэн чулуун хашаа харагдлаа. Түүн доторх байшингуудын ногоон дээвэр наранд гялбан тод гэгч нь үзэгдэнэ. Хилийн цэргийн албаныхантай хамт явсан учраас заставын харуул биднийг зогсоон, цэргийн ёсоор шалгалгүй дотогш нэвтрүүллээ.

Заставын дарга, хошууч Л.Түвшинтулга тэргүүтэй албаныхан биднийг угтан авав. Хошууч Л.Түвшинтулга энэ албанд томилогдоод хоёр гуравхан хонож байсан хэдий ч газар орон, заставын бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл зэрэгтэй аль хэдийнэ танилцчихсан байлаа. Тэрээр 1996 онд Хилийн цэргийн дээд сургуулийг төгсч, ажлынхаа гарааг хилийн 0131 дүгээр ангид бэлэн байдлын ахлах, шуурхай жижүүрээс эхлүүлж байжээ. Харин 2004 оноос Өмнөговь аймгийн Бүдүүн мод, Улаан хошуу зэрэг хилийн заставуудад алба хааж байсан бөгөөд энэ удаад Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм баг дахь Жаал шандын заставт томилогдон ирсэн нь энэ аж. Хошууч Л.Түвшинтулга “Энд нүүж ирээд хоёр гуравхан хонож байна. Албаа хүлээлцэж авах гээд гэрийн бараа харалгүй хэд хонолоо. Эхнэр заставын зочид буудлын эрхлэгчээс гадна тогооч хийдэг учраас бас завгүй. Гэр орноо засч янзалж амжаагүй болохоор жаахан замбараагүй л байгаа даа” гэв. “Хээрийн улс хээгүй гэдэг дээ, тийм ээ” гэвэл над руу нэг их сүрхий гайхсан янзаар харснаа “Нэгдүгээрт бид хээр биш, хилийн заставт байна. Хоёрдугаарт цэргийн анги нэгтгэл, тэр дундаа хилийн цэргийн албаны юм бүхэн эмх замбараа, дэс дараалалтай байх ёстой. Тийм ч байсаар ирсэн, тийм ч байх ёстой. Хэдий гэр орноо хэрхэн засч тохижуулж, эмх замбараатай байх эсэх нь ажил төрөлтэй холбоогүй, хувь хүний хэрэг мэт боловч үнэндээ тийм биш. Гэртээ оронгуутаа гутлаа тайлаад хоймор руугаа шидлээд, гадуур өмдөө зогссон газраа тайлаад хаячихдаг нөхөр ажилдаа ч мөн тэгж салан задгай, хамаа замбараагүй хандана. Бүр зарим хүмүүс гэр орон, албан газар нь нэг хашаанд байрладаг болохоор хувийн ахуй, албаны ажил нь хутгалдчихсан мэтээр эндүүрдэг. Бодит байдал дээр ямар болохыг өөрийн биеэр үз дээ” гэсээр заставын хашааны зүүн хойд булангийн дүнзэн байшин руу чиглэн алхав. Энэ байранд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг юм байна гэж бодсоор үүдний хэсгээр оруут хоёр хаалга байх. Учир нь энэ байшинд заставын даргынхаас гадна ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм байна. Хошууч Л.Түвшинтулга “Энэ манайх, орцгоо” гэсээр урд талын хаалгыг нь нээлээ. Ханан пийшингээр тусгаарлагдсан хоёр өрөөтэй бөгөөд үүдэн талын, жижиг өрөөнд гаазаар ажилладаг аяны плитка, дотор нь аяга таваг зэрэг сав суулга бүхий гал тогооны жижиг тавилга харагдав. Өмнө нь энд амьдарч байсан хүн зуухаа аваад явсан бололтой, яндангийн дайтай дугуй хар нүх пийшингийн хананд үлджээ. Тус пийшингийн хажууханд хоёр хүн зэрэгцэж суух багтаамжтай ширээ байрлуулчихсан учраас уг өрөөнд өөр эд хогшил агуулахаар зайгүй харагдав. Гэрийн эзэгтэй Т.Урангоо шинэхэн ингэний хоормог, ямааны ааруул, өрмөөр дайлахын сацуу сүүтэй цай аягалав. Биднийг ирэх замд, заставын ойр орчимд хоёр гуравхан сүрэг тэмээ таарснаас бус өөр мал амьтан тааралдаагүй учраас хаанаас шинэхэн сүү цагаан идээ авсныг асуувал “Та нарын ирсэн зүгээс эсрэг талд манай заставын үхэр, ямаан сүрэг бий. Эндээс 10 гаруйхан км-ийн зайтай учраас өдөр бүр шинэхэн цагаан идээ авчирдаг юм. Бас махны хэрэгцээгээ ч тэндээсээ хангачихдаг” хэмээн хариулав. Жаал шандын заставын данстай 500-гаад ямаа, 80 гаруй тэмээн сүрэг байдаг юм байна.

Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн бүлээн цайг залгилснаа цэцгэн толгойтой апьтийрк бариад “Салаад уначихсан нэг хаалгыг нь тогтоочихъё” гэсээр гал тогооны аяга сав суулга бүхий тавилгын өмнө очлоо. Т.Урангоо “Зочид ирчихсэн байхад засч янзлах юмаа дараа болооч, хө” гэвэл “Хоорондоо ярихад гарын хэрэг гэж юу байхав. Тэглээ ч хөгшин нь буцаад ажилдаа гарлаа. Төв анги руу цагийн мэдээгээ өгчихөөд, хилийн багануудаар явах бэлтгэлээ базаасан эсэхийг шалгана. Ажлаа дуусгачихаад тухтай буу халж болно шүү дээ” гэв. Т.Урангоо “Тушаал авч, тангараг өргөсөн болохоор цагийн ажлыг цагт нь амжуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд дарга гэлтгүй зэвсгээ үүрээд хилийн харуулд олон хоногоор явна шүү дээ” гэсэн юм. Эднийх ам бүл тавуулаа бөгөөд гурван охинтой юм байна. Хичээл нь орох дөхсөн учраас хүүхдүүд нь аймгийн төв рүү явцгаасан байлаа. Том охин Т.Насанцэцэг нь энэ жил аравдугаар ангид элсэн орох бол дунд охин Т.Насанжаргал нь долдугаар ангид орох аж. Харин отгон охин Т.Нандинтүшиг таван настай аж.

Хошууч Л.Түвшинтулгын үүрэгт ажил дуусах хүртэл заставын орчин тойронг сонирхохоор гадагш гарав. Заставын захиргааны байрыг шинэчлэн, зай талбайг нь ч томсгожээ. Радио холбоо, заставын дарга, хошууч нарын албаны өрөөнөөс гадна хүүхдийн болон эмчийн үзлэг хийдэг өрөө болон томоо гэгчийн алдрын танхимыг шинээр байгуулжээ. Энд хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагчаас бусад ахмад, ахлах дэслэгч нарыг тогтвортой, удаан хугацаанд ажиллуулахын тулд гэр бүлээр нь заставт байршуулах чигийг Хил хамгаалах ерөнхий газраас баримталдаг гэнэ. Тийм ч учраас сургуулийн өмнөх насны хүүхдэд нь зориулсан хүүхдийн өрөөг байгуулж, иж бүрэн тохижуулжээ. Улаанбаатарт хэр баргийн цэцэрлэгт байдаггүй тоглоом, буддаг ном сэлт тэнд харагдсан. Гэхдээ өнгийн харандаа, дэвтэр зэрэг хичээлийн хэрэгсэл, зарим сэтгэхүй хөгжүүлэх тоглоом зэргийг нэмж авах шаардлагатай байгаа гэдгийг тэд хэлсэн. Харин алдрын танхимын нэг талын ханыг уг заставын гавьяа шагналууд элбэгхэн дүүргэсэн харагдав. Эсрэг талын хананд хуучны банзан гитар өлгөөтэй байснаас гадна шалнаас хагас тохой хэртэй өндөрлөж, багахан тайз зассан харагдлаа. Өмнө нь хуваарилагдан ирсэн гитар тоглодог, дуулах авьяастай цэргүүд сардаа ганц хоёр удаа хүндэтгэлийн өргөөнөө тоглолт хийчихдэг байсан гэнэ. Тус өргөөнд дөрөв таван алд хэрийн урттай номын тавиураар дүүрэн батлан хамгаалах салбарын түүхэн хөгжил, хил хамгаалах албаны цэрэг дайчдын баатарлаг түүх намтар зэргийг харуулсан ном товхимол, сэтгүүлүүд өрөөтэй байв. Түүнээс гадна “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” зэрэг үндэсний өдөр тутмын томоохон сонингууд өрөөтэй байлаа. Дээрх өдөр тутмын сонингуудын хамгийн сүүлийн дугаар нь долдугаар сарын 28-ны мягмар гаригийнх байсан бөгөөд сардаа хоёроос гурван удаа сонин хэвлэлээ татдаг аж. Гэхдээ тэд дэлхий дахинд болон дотоодод өрнөсөн үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг зөвхөн сониноос бус интернэтээс цаг алдалгүй авчихдаг юм байна. Застав хоёр гурван жилийн өмнөөс утасгүй интернэтийн сүлжээнд холбогджээ. Үүний хажуугаар агаарын олон сувагт телевизор үзчихдэг учраас нэг үеэ бодвол өмнөд хилийн аглаг буйд заставт алба хаагчид уйдахааргүй болжээ. Заставт суурилуулсан Жи мобайлын утсаар гэрийнхэн, ойр дотныхонтойгоо хүссэн үедээ холбоо тогтоох бололцоо ч бүрджээ. Т.Урангоо “Бид хоёрыг 2004 онд Өмнөговь аймгийн Бүдүүн модны заставт ирж байхад оросын хуучны радио станцаас өөр цахилгаан хэрэгсэл байгаагүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдрийнх шиг өдөр тутмын сонин хэвлэл, телевиз, интернэт гэдэг бол зүүд зэрэглээ мэт хол байсан. Тэгэхээр түүнээс өмнө ямар байсан нь ойлгомжтой. Цэргийн сургуулиа дөнгөж төгссөн залуусыг тийш томилоод явуулчихаар тийм орчинд их уйддаг бололтой юм билээ. Тэгээд л аймгийн төв, Улаанбаатар хотоо бараадна. Бүр хилийн цэргийн албаа орхисон ч тохиолдол бий. Хамгийн гол нь залуу гэр бүлүүдэд хэцүүхэн байсан. Бид хоёр ч мөн тэр үеийн зах зухыг тойроогүй биш дайраад өнгөрсөн. Том охиноо гуравдугаар курстээ төрүүлсэн учраас би нэг жилийн чөлөө авсан. Тэгээд нөхрөө төгсөөд, хилийн цэрэгт ажилд орсноос нэг жилийн дараа би сургуулиа дүүргэсэн. Тэр үед нөхрийн минь бичсэн захидал сарын дараа надад ирнэ. Захидлынхаа завсар цалингаа хавчуулчихсан байдагсан. Захиа авсан өдрөө л захисан, хэрэгтэй зүйлсийг нь шуудангаар явуулахад хоёр долоо хоногийн дараа очдог байсан. Ингэж л хэл амаа авалцаж, мэнд усаа мэдэлцдэг байлаа. Сургуулиа төгсөж ирээд заставт орос хэлний багш мэргэжилтэй надад тохирох ажлын байр байхгүй учраас хоёр жил гаруй Номгон сумын төвд багшилсан. Гэр бүл болоод, том охин минь мэндлээд гурав дөрвөн жил тусдаа амьдарсан. Харин 2000-аад оны сүүлээр хилийн заставын албан хаагчдын эхнэрүүдэд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлснээр залуус эндээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж би боддог. Эндхийн албан хаагчийн эхнэр нь цэргийн цолгүй байлаа ч радио холбоочин, тогооч, зохион байгуулагч, угаагч, оёдолчин, саальчин зэрэг албыг тогтмол цалинтай хийж болохоороо давуу” гэсэн юм. Заставын зүүн урд буланд халуун усны газар байгуулжээ. Нарны эрчим хүчээр усаа халаах төхөөрөмж суурилуулжээ. Энэ бол бүхий л алслагдмал хилийн заставуудын нийтлэг дүр төрх гэдгийг хошууч Л.Түвшинтулга хэлсэн юм.

Хошууч Л.Түвшинтулга гэртээ үдээс хойш орж ирүүтээ, Мухар хулсангийн хилийн харуулаар орж, хил орчмын дугаар баганыг эргэнэ гэдгээ дуулгав. Би ч мөн тэднийг дагаж явахаар болов. Сардаа хоёроос гурван удаа ийн хилийн баганаа тойрч, шалгадаг аж. Заставын дарга, жолоочоос гадна дөрөв таван ч цэрэг буу, хантааз тэргүүтэй хэрэглэгдэх эд зүйлсээ аваад албаны давхар кабинтай, олны нэрлэж заншсанаар аавын цээж машинд суулаа. Бас хилч нохойгоо ч дагуулжээ. Бид цаг гаруй яваад Мухар хулсангийн хилийн харуулын байранд ирлээ. Энд байрлан, үүрэг гүйцэтгэж буй цэргүүд хилийн зөрчил гарч болзошгүй хилийн дугаар тэмдэгтийн хооронд 20-иод км газрыг хамгаалдаг аж. Энэ бүс нутаг нь өндөр уулс, хяр толгод зонхилсон, байгалийн дурсгалт олон газартай онцгой бүс аж. Сайр чулуурхаг хөрстэй бөгөөд хайлаас тоорой, заг, сухай, харгана, хар шаваг, бударгана зэрэг бутлаг ургамал ургана. Бас хулан, зээр, чоно, шилүүс, хярс үнэг, аргаль, туулай зэрэг ан амьтад элбэгтэй гэдгийг цэргүүд хэлж байлаа. Бид цааш явсаар хилийн дугаар тэмдэгт дээр очлоо. Монголын талаас өндөрлөг газрууд дээрээ багана босгож, хилээ манасан бол Хятадын тал хоёр метр шахуу өндөр, торон хашаа татжээ. Хятадын тал дан ганц энэ хэсгээр бус манай улстай хиллэдэг нийт хилийн дагуу буюу 4700 гаруй км ийм торон хашаа татжээ. Уг торон хашаагаа дагуулан сайжруулсан шороон зам тавьчихаж. Хилчид маань хил дагуух мөр шалгах зурвасаа эргэчихээд дараагийн дугаар хилийн баганын зүг хөдөллөө. Ийн хэд хэдэн дугаар багана дээр очин, үзлэг, шалгалт хийсэн юм. Хилийн байдал тайван байснаас гадна мөр шалгах зурваст хүн малын мөр үзэгдсэнгүй. Ийн хилчин маань шалгах ёстой сүүлийн дугаар багана руугаа зүглэв. Хаа холын газраас өндөр дээр далайн харуулын цамхаг мэт өндөр, дугариг хэлбэрийн байгууламжийн бараа нь харагдав. Тэр бол 1970-аад онд баригдсан Хятадын харуулын цамхаг бөгөөд барагцаалбал арван давхар барилгатай дүйхээр өндөр аж. Орой дээр нь гэрэлтүүлэг, дуран сэлтийг өвч байрлуулснаас гадна цамхгийн эргэн тойронд нь жижиг нүх гаргасан байх бөгөөд үүгээр дөрвөн зүгт чөлөөтэй харуул хийдэг байна. Өндөрлөг газарт байрлуулсан учраас хоёр орны хил дагуух нэлээд урт зурваст хяналт тавих бололцоо бүрджээ. Хятадын талаас 2002-оос 2005 оны хооронд хил дагуух тороо шинэчлэн татсан учраас мал хуй салхинд уруудан, ан амьтан өвч бэлчээр хөөн хил давах, төөрч будилсан хүн санамсаргүйгээр хил давах зэрэг зөрчлүүд гарахаа больсон байна. Гэсэн хэдий ч өөр зорилго өвөртлөн хууль бусаар хил давах тохиолдол багассанаас бус ор мөргүй алга болоогүй гэдгийг хошууч Л.Түвшинтулга хэлсэн юм.

Хамгийн хачирхалтай нь Хятадын талаас Солонгос иргэд хил зөрчин орж ирдэг байжээ. Энэ талаар хошууч Л.Түвшинтулга “Хоёр Солонгосын харилцаа хурцадсан 2005-аас 2008 оны хооронд Хятадаар дамжин Монголд хууль бусаар орж ирэхийг завдсан нэлээд олон солонгос иргэдийг бид саатуулж байсан. Тэд Хятадаар дамжин, Монголд дүрвэх гэсэн хэрэг биш л дээ. Хууль бусаар хил нэвтрэх гэж байгаад манайханд баригдвал дүрвэгсдийг хойд Солонгост бус өмнөд Солонгост Монголын талаас хүлээлгэн өгдөг байсанд хамаг учир байгаа юм. Яагаад гэвэл тухайн үед хойд Солонгос ганц Монголтой бус дэлхийн бусад улс орнуудтай харилцаа холбоо тааруу байсан. Ийм учраас өмнөд Солонгос руу дүрвэж, хамаатан садан дээрээ очих гэсэн зорилготой хойд солонгосчууд ингэж манай хилийг зөрчдөг байсан. Хамгийн сүүлд л гэхэд 2007 онд Улаанхошууны заставын хариуцсан хилийн зурвас газраар хойд Солонгосын нэгэн гэр бүл болох залуухан хосууд хоёр настай нярай хүүхэд, өндөр настай ээжийгээ дагуулаад хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон. Бүр дүн өвлийн хүйтэн тачигнаж байсан нэгдүгээр сард шүү дээ. Тэднийг бид хилийн зурвас дагуух 20 км газарт гурав хоног хайсны эцэст олж, саатуулсан. Мөрөөр нь мөшгөтөл сүүл рүүгээ тэдний гуталны мөр алга болчихсон. Тэгсэн чинь өвлийн шөнө заг түлж, хөлөө дулаацуулах гэж халуун үнсэн дээр нь гишгэсээр байгаад гутлынхаа улыг хайлуулчихсан байсан. Өвлийн зузаан ултай гутал биш хавар намрын пүүз байсан учраас ул нь амархан хайлж урсах нь арга ч үгүй биз дээ. Тэд дээгүүрээ зузаан хувцасласан хэрнээ доогуураа дан өмдтэй л явж байсан. Бид саатуулаад, застав дээрээ авчрахад нялх хүүхдээ нуруундаа үүрсэн эмэгтэйн сүүж нь цоорчихсон байсан. Бодвол үүргэвчиндээ холгосон байх. Нэгжлэг хийхэд цүнхнээс нь хэд хэдэн боодол эм, гурав дөрөвхөн сав цэвэр ус, ганц годгор хиам, гар чийдэн, чүдэнз л гарч ирсэн. Бас улаан чинжүү байсан. Өвлийн хүйтэнд дангаар нь залгихад дотроос нь халуу шатаад, даардаггүй байсан байх. Түүнээс биш дулаалж өмсөх хувцас, доороо дэвсэх гудас ч байгаагүй. Бас цагаан болон улаан гоёо, чихэр өвс, лидэр зэрэг эмийн ургамал түүх гэж Хятадууд хууль бусаар хилээр нэвтрэхийг оролдох хандлага их гардаг байсан ч хилчдийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн дүнд сүүлийн хэдэн жилд энэ төрлийн зөрчил гараагүй” гэсэн юм. Мөн тус онд нэгэн монгол залуу Өвөрмонголоос хоёр морь худалдаж аваад, түүнийгээ унаад хилийн дугаар баганаар хууль бусаар нэвтрээд ороод иржээ. Мөрийг нь мөшгөсөөр явтал хулангийн сүргийн явж өнгөрсөн газартай огтлолцжээ. Гэсэн хэдий ч хилчид энд тэндгүй гишгэлсэн, сүрэг хулангийн мөрнөөс хоёр адууны туурайн мөрийг алдалгүй дагасаар явтал хил зөрчигч мориноосоо бууж хүндэрсэн байжээ. Ингээд өнөөх дагасан мөр нь хулангийнх биш хөтөлгөө мориных болох нь баталгаажин эрлийн ажлыг эрчимжүүлжээ. Түүнчлэн 2002 оны зуднаар хошууч Л.Түвшинтулгын алба хааж асан Улаанхошууны заставын хариуцсан хилийн шугамаар шуурганд уруудсан 500 гаруй адууг хил давах гэж байсныг тогтоон, барьж чаджээ. Хошууч Л.Түвшинтулга “Үе үеийн хилчдийн ам дамжин ярилцдаг баатарлаг нэгэн гавьяа бий. Тэр нь бага дэслэгч З.Жигжидсүрэн ахлагчтай манааны гурван цэрэг буун дуу гаргалгүй, хил зөрчигчид болох хоёр машин дүүрэн хятадын цэргүүдийг буулган авсан байдаг. Энэ бол одоогоос 60, 70-аад жилийн өмнө болсон хэрэг л дээ. Өнгөрсөн тавдугаар сард энэхүү баатарлаг гавъяанд зориулсан хөшөөг байгуулсан. Ам мэхээр буулган авсан байдаг” гэв.

Л.Түвшинтулга бол 12 хүүхэдтэй айлын отгон нь. Гэсэн ч би аав, ээждээ эрхлэлгүй ах эгч нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж, хэлсэн бүхнийг нь хийж явсан нь хилийн цэргийн хүндхэн албыг түүртэлгүй хаах амьдралын сургууль болсон гэдгийг тэрээр хэлсэн юм.

Жаал шанд застав нь 1966 оны долдугаар сарын 11-нд тухайн үеийн МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны шийдвэрээр НАХЯ-ны тушаалаар байгуулагдаж байсан бөгөөд ирэх онд 50 жилийнх нь ой тохиох гэнэ.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Дашчойнхор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *