Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын хилийн гэрээ 60 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.
Энэхүү хурал нь Монгол Улсын өмнөд хил бүрэлдэн тогтсон түүхт 60 жилийн ойн хүрээнд зохиогдов. Өөрөөр хэлбэл, Монгол-Хятад хоёр улсын хилийн нийт урт 4709.6 километр ба хилийн хэсгийг хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтарсан бүлэг 1962 оны гэрээгээр баталгаажуулсан тэртээх он цагийн шаргал хуудсыг өнөөдөр дахинтаа сөхөж, түүхэн үүргийг нь эрдэмтэн судлаачдын илтгэл лекцээр тодотгосон юм.
Улсын хил бүрэлдэн тогтсон түүхэн ач холбогдлыг тодотгох зорилгоор зохион байгуулсан уг хурал “Монгол, Хятадын хилийн гэрээний түүхэн ач холбогдол, үр дүн”, “Монгол, Хятадын хилийн гэрээний хоёр улсын хамтын ажиллагаанд эзлэх байр суурь, нөлөөлөл” гэх хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд “Монгол Улс, БНХАУ-ын хилийн гэрээ байгуулагдсаны түүхэн ач холбогдол, үр дүн”, “Монгол, Хятадын хилийн боомтын хөгжил, худалдаа, эдийн засгийн харилцаа”, “Монгол, Хятадын хилийн гэрээний түүхэн ач холбогдол” зэрэг үндсэн найман илтгэл болоод хавсралт илтгэлүүдийг эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлсэн юм.
ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд энэ үеэр хэлэхдээ “Монгол Улс, БНХАУ нь 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Тэрхүү цаг үеэс өнөөг хүртэлх хугацаанд бүрэлдэн бий болсон хоёр орны хоорондох нэн таатай харилцаанд нэгэн жарны өмнө байгуулсан “Монгол, Хятадын хилийн гэрээ” чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Уг гэрээг хуучнаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал төрийн тэргүүний хувиар БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ буюу 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо “Монгол, Хятадын хилийн гэрээ”-нд Монголын талаас, Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар гарын үсэг зурж байв. Улмаар гэрээний батламж жуух бичгийг 1963 оны 3 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо солилцсоноор хүчин төгөлдөр болсон ба 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлсэн. Үүнээс хойш хоёр улсын хилийг 1982-1984 онд анх удаа, 2001-2004 онд хоёр дахь удаагаа хамтран шалган баталгаажуулсан. Энэхүү хилийн гэрээ нь хоёрын улсын хамтын ажиллагаа цэцэглэн хөгжихөд томоохон түлхэц үзүүлсэн олон улсын тулгуур эрх зүйн баримт бичиг юм” гэлээ.
ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, шинжээч, хурандаа Б.Алтанхүү гэрээний түүхэн ач холбогдол, үр нөлөөг тодорхойлсон илтгэлдээ “Олон улсын эрх зүйд нийцүүлэн хөрш зэргэлдээ орнуудтайгаа хилээ тогтоон тэмдэглэж, баталгаажуулах нь үндэсний аюулгүй байдал, түүний дотор нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг хангах, хөрш оронтойгоо тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болдог. Энэхүү хилийн гэрээг байгуулснаар нэгдүгээрт, хоёр улсын аюулгүй байдлыг хангахад, цаашилбал бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулсан. Хоёрдугаарт, хоёр улсын хамтын ажиллагаа мөнхөд хөгжих бодлого, эрх зүйн чухал тулгуур үндэс болсон. Гуравдугаарт, хоёр улсын улстөрийн удирдлагуудын түвшинд улс орныхоо нэн тэргүүний асуудлуудад анхаарал хандуулах боломжийг олгосон. Дөрөвдүгээрт, хоёр улс, хил, хилийн бүс, зурвас, хил орчмын нутаг, хилийн орон зайд үүсэж болзошгүй асуудалд зарцуулах эдийн засгийн нөөцөө улс орны хөгжлийн бусад зорилго, тулгамдсан асуудлуудад хандуулах нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн дүгнэсэн юм.Тус хуралд оролцогсодын зүгээс эл гэрээг байгуулснаар улсын хил халдашгүй дархан болж, хил өөрчлөгдөх, зөрчигдөх аюулыг найдвартай хааж, хил дээр гарч болзошгүй болон гарсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэсээр ирсэн ба цаашид ч шийдвэрлэх бололцоотой. Товчдоо бол, энэхүү гэрээ нь эдүгээ НҮБ-д албан ёсоор бүртгэгдсэн ямар нэг маргаангүй хилийн нэг болон төлөвшсөн гэдэг дээр санал нэгтэй байсан юм. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон улсын хилийн шугамыг хөрш зэргэлдээ оронтойгоо баталгаажуулаад зогсохгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан түүхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэснээр хурал амжилттай болж өндөрлөлөө.