Хатан Сэврэй уул
Баяндалай сум: Сумын төвийнх нь дэргэдүүр хар сүүлт (бор гөрөөс) бүл бүлээрээ цахилах нь тун чиг содон. Хар сүүлт зээрийг чоно гүйцдэггүй. Харин говийн шилүүс хөөрхий гөрөөсийг отож байгаад ганц үсрээд л гүйцээ. Малчин Х.Сүхээ гуай тэр жил гөрөөсний нялх янзагыг хотондоо авчирч малтай нийлүүлжээ. Гөрөөс өсөж гурван жилийн дараа хүүхэд мөргөдөг болж. Хааяа том хүн рүү дайрах гэнэ. Гэхдээ зориг зүрх нь хүрэхгүй. Сүүлдээ бэлчээрт гаргахад сүргийг захалж, орой хонь хотлоход сүүлдэн ганцаараа буцаж ирнэ. Зан ааш нь улам догширч, таван жилийн дараа хотны нохой мөргөөд, хорссон ноход боорлон дайрч зүйл дуусгажээ.
Баяндалайгаас баруун урагш зүгт химийн хорт бодис ачсан машинууд өдөржин, шөнөжин цувах аж. Сураг тавибал баруун зүгт нэг ховор орд илэрсэн юм байх. “Исэлдэгч, тэсрэх бодис” гэсэн шошго наасан 20 тоннын даацтай хүнд техникүүд Нүхэн загийн хоолойг хөрстэй нь эргүүлж, ёстой там болгож байна билээ. Тэдний дунд битүүмжилсэн бүхээгтэй, хятад жолоочтой машин ч явж үзэгдэнэ. Эдний манаран холхих Улаан довон, Эрээлжинд цагийн сайханд говийн мазаалай нутаглаж байгаад 1964 оны өвөл устаж үгүй болжээ. Наран багийн малчин Насанбуян гуай янгирын ихэр ишгийг хавар хээрээс олж гаршуултал намар нь сүрэг захалсаар уул өөдөө оргочихсон аж. Зэрлэг амьтан гэдэг зэрлэг л юм хойно, хүүхэд мөргөлгүй одсон нь их юм. Баяндалайн малчдад монгол банхрын хэрэгцээ тун их. Тэд нүдээ нээгээгүй гөлгийг шууд 600 мянган төгрөгөөр авна гэв шүү.
Даланзадгад хот: Баяндалайгаас машинаа засуулахаар Даланзадгад хотод хөл тавилаа. 1930-аад онд Далан булаг гэдэг газар анх шавыг нь тавьсан юм гэнэ билээ. Аймгийн төв нь томоороо улсад дөрвөөр бичигдэнэ. Авто сэлбэгийн гурван ч том дэлгүүр байна. Харамсалтай нь “Ниссан Патрол”-ын сэлбэг тун ховор юм билээ. Овоохон үнээр хоёр амортизатор аваад машиндаа тавиулсан чинь нэг их хол явалгүй ажиллагаагүй болчихсон доо. Өмнөговийн төв хэдийгээр задгай газар байрладаг ч хорт утааны асуудал байна. Говийн салхи утаа тууж дийлдэггүй бололтой. Өмнөговийн төв сүүлийн үеийн тансаг буудал, үлэг гүрвэлийн цэцэрлэг, бийлэгжүү хүмүүсээрээ бусад аймгаас эрс ялгагдах бололтой дог оо.
Ханхонгор сум: Сумын төв аймгийн төвөөсөө тийм ч хол биш. Ердөө 20-иод километрт байдаг бяцхан суурин. Энэ сум аймгийнхаа есөн сумтай хиллэдэг тул бэлчээрийн хэрүүл тасардаггүй. Нэн ховор эмийн ургамал-хулангийн ундаа энэ нутагт л ургана.Говь гурван сайхан энэ сумын чимэг. Гурван Сайханы Ёлын амыг 1965 онд дархалж, 1993 онд Байгалийн цогцолбор газар болгосон билээ. Даланзадгад сумын эргэн тойрны уул ус энэ суманд харьяалагддаг. Говьдоо томоохонд тооцогддог жуулчдын баазууд мөн л Ханхонгорын дэвсэгт шийр хатгажээ. Аймгийн төвд ойр болоод тэр үү, хөгжинө гэж байдаггүй бололтой.
Зурамтай
Ноён сум: Тахилга хайрханд хөгшчүүл өглөө бүр цайны дээж өргөнө. Сумын төвөөс баруун хойхно пааландсан юм шиг хад байна. Ташуу харвал байгаль дэлхий, өөрийн чинь дүрс хачин тод харагдана. Ийм хад Монголд өөр хаа ч үгүй. “Толь хад” гэхэд манайхан мэднэ дээ. 1940-өөд оны үед уйдсан орос цэргүүд буудан сүйтгэж, сүүлийн үед доншуур аялагчид толин чулууг нь эмтлэн авч явсаар бараг дуусгажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1971 онд Улсын хамгаалалтад авсан ч тэр тогтоол нь социализмтайгаа хийсэн оджээ. Нутгийн хүнээс нэгэн сонин хууч сонслоо. 1954 оны зун, Бударганы ус гэдэг газар Мөдрөөгийнх буусны маргааш гэрийнх нь дэргэдэх элсэн дээр могойноос арай бүдүүн богинохон, толгой сүүл нь ялгах аргагүй хэм тэгш, хүрэн саарал зүстэй, нуруу хэсгээрээ толботой аварга шавьж үзэгджээ. Гэрийн эзэгтэй алмайрч ядан байтал хань нь хүүтэйгээ ирж, гурвуул үзээгүйгээ үзэх шиг болсон байна. Төд удалгүй мөнөөх шавьж ул мөргүй алга болсон тухай Бүдийн Бадамцоо гэдэг хүн дурссан байдаг. Хожим хүмүүс Мөдрөөгийн хүү Дамдиас нь лавлахад “Тийм ээ, бид гурвуулаа үзсэн. Өргөсөн эцэг маань олгой хорхой байна гэж ихэд айж, бас их сэжиглэсэн” хэмээн өгүүлжээ.
Ноён сумын бараг айл бүхэн анчдаас бүрдсэн гэлтэй. Болзошгүй дайн дэгдвэл орон нутгийн хамгаалалтад хамгийн өндөр бэлтгэгдсэн улс гэж болно. Зэр зэвсэг ч арвин. Социализмын үед энэ нутгаар нам засгаас зориуд давхар галтай сум тарааж байсан гэдэг. Энэ нь ч учиртай. Тийм сум хэд буудаад л бууны гол төмрийн бянтыг эвдэж хаядаг аж. Ончтой том буунуудыг ажиг сэжиггүйгээр устгаж, дээрээс нь тарвага, чонын хар хавхыг нэг бүрийг нь 10 мянган төгрөгөөр хуйгаар нь худалдан авчээ. Ирвэсээ хамгаалж буй царай нь тэр. Энэ сумаас өөр хаана ч байдаггүй нэг хачин амьтан бол хар чоно. Нутгийн анчид түүнийг чоно, нохойн эрлийз гэнэ. Харин Сэгс цагаан богдод одоо ч улаан чоно бий гэх. Тэр гайхамшигт амьтан мөхөөгүй болж таарах нь. Нутгийн нэгэн малчин залуугийнд дөрөө мулталлаа. Хонийг нь шомбодсон чоныг алаад хөлдөөчихөж. Амыг нь ангайлгаад мод хийчихэж. Ямар учиртайг нь асуувал амыг нь тэвхдэхэд өмхийрдөггүй аж. Тэд хөлдүү чоныг ченжүүдэд 100-150 мянган төгрөгөөр өгнө. Авсан ченж нь хужаа нарт нэг бүрийг нь сая төгрөгөөр шахаж ашиг унагана. Хөлдөөсөн чоно Өмнөд Монголд цагаан сарын үеэр бүр ч их үнэ хүрдэг гэнэ. Нас гүйцсэн бүдүүн чоно бүр ч үнэтэй. Өмнөд Монголын баячуулд “Баярын бялуу” л гэсэн үг. Монголын говьд ойролцоогоор 8-10 жилийн давтамжтай улаан ган болдог. Тэрхүү ган гачиг нь хоёр жил дамнан үргэлжилдэг аж. Ноён суманд өвөл, хавартаа нэг боодол өвс 8-12 мянга төгрөгийн үнэ хүрдэг нь тээврийн зардалтай холбоотой биз ээ.
Заан бодон
Сумын нэг нэрийн хуудас нь дархан цаазат цоохор ирвэс. Судлаач эрдэмтэд нэг ирвэс сард 15 янгир иддэг хэмээн бичсэн байдаг. Энэ тухай анчнаас лавлахад “Тэдний эрдэмтэн гэж юу байхав дээ. Худлаа тууж байгаа юм. Манай эндхийн ирвэс барьсан ангийнхаа сэг зэмийг их сайн манана. Бараг ялаа ч ойртуулахгүй. Түүнийгээ 5-7 хоногийн турш иднэ. Их ховдог ирвэс үсрээд л сард таван янгир идвэл дээдийн заяа” хэмээн өгүүлж сууна. Харин шилүүс бол зөвхөн зээрээр хооллоно. Чонотой тулбал бариулах тул бултаж зугтаж явдаг гэнэ. Сүүлийн үед говь, талын чонын сүрэг хурдан машин, дурантай буунаас амиа хамгаалах гэж эгц хясаа бүхий ууланд дүрвэсэн байна.
Гурвантэс сум: Нарийн сухайт, Овоотын уурхайгаас хойш 20 орчим км-ийн зайд сумын төв бий. Дундголын давсны уурхай ч энэ сумын нутагт бий. Газар нутгийнхаа хэмжээгээр Сэлэнгэ аймагтай бараг тэнцэнэ. Арваад мянган хүн бужигнасан газар. Тэн хагас нь уугуул иргэд. Үдшийн цагаар сууринд аймгийн төвийн дайны гэрэл гэгээ улалзана. Дотуураа сайхан засмалтай юм. Харин согтуу улс элбэг үзэгдэнэ. Хөлөө чирсэн мотоцикльтой эр зам голлон урсгал сөрөх, “амь цагаан” машины хар хурдаар засмалын даланг мөргөж сэг болох нь жирийн үзэгдэл бололтой. Дэлгүүрийн худалдагчид нь цөм гадны хүмүүс. Эндхийн уул ус байтугай эргэн тойрныхоо байшинд юу байгааг мэдэхгүй. Буудал хайлаа. “Шугшаа уул” гэж хуучны том буудал байна аа. Даанч бохир заваан нь дэндүү. “Наран булаг” гэдэг буудлын хүн “Нэг, хоёр хүн ч ялгаагүй. Өрөө хоногийн 100 мянга бэлнээр авна. Өөрсдөө мэд” гэж даналзана. Сумын төвийг гурав тойрсны эцэст “Алтан говь” гэдэг цэвэрхэн гэр буудал оллоо. Уржнан жил эндээс асар үнэтэй улаан чулуу гарч цагдаа, ард түмэн хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах дөхсөн. Харин өнөөдөр улаан чулуу гарсан мөнөөх гурван уулыг ногоон хашаагаар битүү хашаад, өнцөг булан дээр нь харуул хамгаалалт зоогоод томчуул өөрсдөө хөлсний хүнээр тухтайхан түүлгээд урагш зөөж байгаа гэх. Үнэн бол мөн ч даварчихсан байгаа хэрэг шүү.
Тус сумын Наранбулаг гэдэг газар зандан мод ургадаг байж. Өмнөд Монголын Баруун зуугийн хийдийн нуруу мод нь унаад байхаар нь мэргэн Тэвнээр үзүүлтэл “Ар Халхад буй занданг авчирваас сүм босно” гэж айлджээ. Тангадууд занданг авахаар иртэл аварга могой ороосон үзэгдэв. Сахисаар байгаад могойг анд гарахад нь занданг тайрч, хасаг тэргэнд ачаад оджээ. Могой уйлж их үер буув. Аагим нар гарч ган болов. Аварга могой хатаж үхээд, яс нь бутарсан тэр л газрыг “Ястын нуруу” гэж нэрийдэн хожим цээрлэж “Тостын нуруу” гэх болсон домогтой. Хэрмэн цав нь сумын төвөөс баруун хойш 150 км-т орших говийн таван төрлийн мод бүхий маш үзэсгэлэнтэй газар. Ус ховор тул айл үгүй. Дээд цэрдийн галавын хурдас бүхий эл зэлүүд нутгаас тернозавр, тарбозавр, эвэрт үлэг гүрвэл, пинакозавр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон. Сумаас урагш Хятадын хил хүртэл засмал замтай.
Шивээхүрэн боомтын хөгжил тун тааруу. Хууль бус чулууны наймаачид хилийн хяналтын даргын биед хүртэл халдаж байсан гэх. Ардчилсан намынхан 1996 онд засгийн эрх авангуутаа Зам бэлгэхийн заставыг татан буулгаж, 2012 онд дахин гарч ирэхдээ Монгол Улсын хил хамгаалалтын тогтолцоог эвдсэн байдаг. Өмнөд хилийн бүсээр нутаглагч өвгөд минь энэ тухайд “Өөрчлөлт шинэчлэл бус улсыг хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн ярьж сууна. Хятадууд цаанаас мэдэгдэхүйц түрж буй гэх. Ганьсу мужийн монгол үндэстний өөртөө засах хошуу өдгөө дан хятадаар дүүрчээ. Тэндхийн томчуул Наран сэвстэйгээр боомт нээлгэх гэж төрийн томчуулд нөлөөлөхийг оролдсоор буй. Харин манайхан хөдлөхгүй гүрийсээр 20-иод жил болсныг тусгаар улсын сүр хүч хэмээн тайлбарлавал зохистой.
Овоотын отрядад манайхан номын хандив өргөсөн юм. Хилчин эрийн ярианаас Халхын баруун өмнөд овоо нь 1727 онд Монгол, Хятадыг зааглаж байсан бол 1963 онд тэр үеийн зурвасаар БНМАУ-ын хилийг тогтоосон байдаг нь сонин санагдав.
Сэврэй сум: Гурван тэсээс Сэврэй сум орох зам бол жинхэнэ амьдын там гэлтэй. Машиндаа хайртай хүн тийш зүглээгүй нь өлзийтэй. Бид зүтгэсээр байгаад шөнө дунд сумын төвд хөл тавилаа. Айл сураглах санаатай Нутгийн Удирдлагын ордны гадна яваад очтол гурван давхрын гэрэлтэй цонхон дээр хоёр нөхөр нэгнийгээ сандлаар гүвж, үүдний довжоон дээр нь хэд хэдэн “баагий” хөндлөн гулд унаад өгч. Нэг нөхөр гуйвж ирээд машины хамар өөд сарих нь ээ. Юу болов гэсэн чинь үе үеийн ИТХ-ын дарга нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм байх. Сумын төвийнхөн зундаа жуулчдад үйлчилж сүрхий хөлждөг бол сэрүү ороод ирэхээр эрчүүд нь алт эрдэнэсийн эрэлд морддог аж. Энд ганцхан шатахуун түгээх станц бий. Биднийг шатахуун авах гэтэл “Засвартай, хэд хоногоос ажиллаж магадгүй” гэдэг байгаа. Банкинд бензин байхгүй байсан бол тэнд хэд хонох байсан бол. 2013 онд хангайн түймрээс дайжсан чонын сүрэг Сэврэйд нүүдэллэн очиж сүйд хийжээ. Сумын захиргаанаас урамшуулалт ав зарлаж, чонын хамгийн олон сарьсан хоншоорны арьс тушаасан хүнд бензиний урамшуулал өгч, зарим сайн бууддаг хүн өдөрт 200 литрийн поошиг дүүрэн бензинээр шагнуулж байв. Малын дайсан чоно ч овоо цөөрч, сумаараа амсхийтэл байдал эсрэгээр эргэжээ. Учир нь тусгай хамгаалалттай (сумын 83 хувь, улсын 57 хувь нь орон нутгийн) газар нутгийн бүсэд ховордож буй талын бор чоныг олноор нь авласан хэрэгт дарга нар нь унасан байна. Нутгийн нэгэн эр хуучлахдаа “Чоно ч бас зэвүүн амьтан шүү. Цатгалан чоныг хөөхөөр байн байн бөөлжиж явсаар хөнгөрчихдөг юм билээ” гэсэн нь ой тойнд үлджээ. Мөнгөн эдлэлээрээ Ноён Сэврэй хийц гайхагддаг. Монголд ер нь Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга байдгаас Ноён Сэврэйн хийц нь утас цувимлын нарийн ураар ялгардаг гэсэн шүү. Хонгорын элсний гол хэсэг энд бий. 185 км үргэлжилдэг элсэн нуруу нь зарим хэсгээрээ 200 метр цавчим өндөр. Салхитай үед элснээс хөгжим эгшиглэх нь гайхалтай. Элсний ширхгүүд цэнэгжиж ийм чимээ гаргадаг.
Булган сум: Сэврэйгээс Булган орохын тулд нэлээд хэцүү замаар явна. Тэнд жинхэнэ хавцал гэж юу байдгийг харж болно. Зөөлөнгийн нурууны арын элсэнд суучихвал тэндээ үүрд үлдчихэж магадгүй. Булганчууд говийнхон дундаа их найрсаг хүмүүс юм шиг санагдсан. Нутаг усныхаа сонин сайхан хууч дэлгэнэ. Баянзагаар нутагтай С.Гэндэнраш нь 1922 оны орчим Лайхарын талаас хулангийн унага барьж, Богдын амьтны хүрээлэнд өөрөө хүргэж өгчээ. Хариуд нь Богд хаан алган дээр нь нэг зүйл тавьж “Гэртээ хариад үзээрэй. Насан туршдаа шүтэж яваарай” гэжээ. Хоног алдалгүй явж ирээд үзтэл есөн эрдэнээр чимсэн, бадма сууриндаа богдын гарын тамгатай төө хэрийн өндөр алтан бурхан байжээ. Энэ хосгүй шүтээн одоо ч үр удамд нь хадгалагдаж буй аж. Өөр сонин зүйл ч сонслоо. 1950-иад онд Зундуй лам Булганбулагт шар будаа тариалж, “Чангаамал” хэмээх болсон будааг нь нутгийнхан өргөнөөр хэрэглэж байжээ.Сумын төвөөс холгүй, өвөлдөө бүлээн, зундаа хүйтэн “Хадат”-ын рашаан байна аа. Хадны завсраас ундарч, км орчим урсана. Нутгийн өвгөн “Баруун хойш урсгалтай горхи булаг Монголын говьд маш ховор. Элэг, цөс, ходоодонд аатай шүү дээ” гэх. 1960-аад онд Хадатын рашаанд хүмүүс арав хоногоор ирж хүртээд өвчин нь илааршаад буцаж байжээ. Дэргэдэх хадны элгэнд “Хятад цайны бичиг” хэмээх хэв тамга одоо ч бий. Тамгыг 1995 онд Монголын соёлын өвд бүртгэсэн гэж байгаа.
Булган сумыг Баянзаг, Төгрөгийн ширээг эртний олдвороор нь дэлхий мэднэ. Баянзаг нь Арц богдын дагуух уудам хөндийд оршдог. 100 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн өндөгнүүд нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд шуугиан тарьсан. Америкийн жуулчин Р.Эндрюс 1923 онд үлэг гүрвэлийн өндөг олсноор хоёр жилийн турш шунан малтаж, эндээс 14 үлэг гүрвэлийн яс, 110 өндөг авч одон, Америкт дэлхийд алдартай музей байгуулсан. Доктор Х.Осборн “Бүх тивүүдийн эхлэл Ази, ижий нь Баянзаг” хэмээн дуун алдсан гэдэг. Эндхийн Чулуун зэвсгийн дархны газар, 60-120 сая жилийн настай арслан заан, далайн амьтдын сүгний тухайд толгой сэгсрэхээс өөр аргагүй. Соёлын төвийн дарга Бат-Эрдэнэ найрсгаар угтан авч, амрах өрөө гаргаж өгөв. Сумын урлагийн үзлэг болох гээд шөнөжин дуу хуур, хөгжмийн эгшиг дуурьсана.
Энэ сум улаан лооль, аялал жуулчлалаараа их алдартай. Зундаа Монголд ирдэг гадны жуулчдын бараг 70 хувь нь ийш ирдэг. Жуулчны арваад баазын эзэд нь бүгд хотынх гэнэ. Малчид нь гадна дотны аялагчдад зориулж гэр буудал байгуулан зундаа хөөрхөн мөнгө олно. Нутгийн улс тэмээний махаа их иднэ. Адуу, үхрийн маханд сүжигтэй биш.
Булганчууд хэдэн жилийн өмнө арваад буга Хялганатаас аваачин үржүүлж байгаа гэнэ. Анх хашааллах гэсэн боловч хээлтэй буга нь хоёр метр өндөр торон хашаан дээгүүр харайгаад байхаар нь зөнд нь орхижээ. Үр төлийг нь олигтой авч чадаагүй байгаа аж. Хоёр ч илийг эхээс төрүүт нь чоно зооглочихжээ.
Хүрмэн-Булагтай, Нүцгэн дэлийн тал алтарна. “Говийн гурван тэмээ” хэмээх жуулчны баазын бараа харагдана. Эзэн нь тува гаралтай америк бизнесмэн. Ажилчид нь булганчууд. Тэрбээр өнгөрсөн жилийн зуднаар 1500 боодол өвс (120 шахам сая төгрөг) авч малчдад түгээжээ. Овооны тахилгын наадмыг орон нутгийн удирдлагатай хамтарч хийнэ. Бас болоогүй ээ, Дилэв хутагтын шадар лам Дамбарэнчингийн үй зайгүй дотны анд нь байсан гэх. Ямар ч гэлээ, сумынхны хайрыг хүлээсэн бизнесмэн эр үлгэр мэт жаргалаа зохион аж төрж сууна.
Сумын төвд бяцхан ихэр арслангийн баримлыг эс тооцвол хөшөө дурсгал гэхээр зүйл үгүй. Хөдөөгүүр бол өөр. Түүхэн гэрэлт бичээсүүд их. Эндхийн нэг нөхөр намайг авд дуртай гэж бодсон уу яасан, нэгэн сонин зүйл ярьсан юм. Тэрбээр “Говийн чонын нүд нь ногоон бол өлөн, харин улаан байвал цатгалан байгаагийн шинж гэнэ. Тэд их өлсөх дургүй. Их өлсвөл шууд л галзуурдаг” гэж хэлсэн нь нэгийг бодогдуулав. Сүүлийн үед говь, талын чоно идэш тэжээл ховордохын эрхээр гэрийн нохойноос ч айлгүй хашаатай малнаас суйлаад байдаг болсон гэнэ. Цоохор ирвэс сүүлийн жилүүдэд овоо өсөж буй гэх. Тэр хүчирхэг араатан жилдээ нэг сар мацаг барьж, өвс ургамлаар хооллодог нь үнэн байж ч магад. Бор гөрөөснүүд усгүй хар зуднаар чулууг амьсгалаараа цантуулж, түүнийгээ долоож цангаагаа тайлдаг тухай сонин яриа ч чих дэлсэв.
Мандал-Овоо сум: 1923 оны зун Хана сум нэртэйгээр анх байгуулагджээ. Энэ газрыг аялагчид говийн алдарт Улаан нуураар нь мэднэ дээ. Зарим жил зах хязгаар нь харагдахгүй давалгаалж байдаг нуур зарим жил чийгтэй шавар ч үгүй алга болчихно. 350 км замыг туулан мөлхөж ирдэг Онгийн гол нуурын хувь заяаг шийдэж байдаг. Сумын буудалд нь буулаа. Цэвэрхэн, тохилог юм. Аянчид тэмээний маханд сүжиггүй болохоор ямааны махаар янз бүрийн хоол хийж дайлна. Харьцангуй бага залуу насны дарга нартай юм билээ. Тийм хэдий ч зарим дарга нь лазан хойрго талдаа. Мандал-Овоон Ханын хэцийн хүрэн тэмээ нь социализмын үеэс алдартай. Энд бас пад хар тэмээнээс гадна Мандалын улаан ямаа ч тааваараа бэлчээрлэнэ. Тэмээн сүргээрээ Өмнөговьд байтугай улсдаа тэргүүлдэг аж. Газар нутаг нь их зэлүүд, талархаг. Говьдоо ховор яшил зандан мод Цогт-Овоогийн нутгаас гадна энд цөөнгүй ургасан байдаг. Мөнх харганаа үс цайх үед хандалж ууваас бууралтахгүй гэнэ. Энэ нь алтан харганын нөгөөдөх мөнгөн харгана гэдгийг уншигч авхай та гадарлах биз.
Нөгөө Олон овоотын алтны уурхай чинь энд бий. Ганц алт ч биш, өнгөт төмөрлөгийн нөөц нь хомхой олбин улсын шуналыг ёстой малтаж буй гэх.
Цогт-Овоо сум: Сүүлийн хориод жилд хүн ам, мал сүрэг нь тасралтгүй цөөрсөөр байгаа. 2000 онд 60-аад мянган малтай байсан бол талаас илүү нь алга болсон. Энэ янзаараа бол арваад жилийн дараа татан буугдаж мэднэ. Уул нь 1960 оны үед бий болсон залуу сум л даа. Эндхээр овоглосон алдартан гэвэл уран хатгамалч А.Цэрэнхүү гуай. Өмнөговийг зорих хүн бүхэн энэ сумаар дайрч өнгөрдөг ч “Босго сум”-ын ямар ч шинжгүй. Эрт урьд цагт эл нутгаар олсны ургамал, хар будаа их тарьдаг байсан юм гэнэ билээ. Бодвол хятадууд биз. Харин Юань гүрний их хаан Тогоонтөмөрийн орд өргөөний туурь бий. “Товцог” гэдэг үгийг би дов сондуул ч юм уу гэж бодож явтал говийнхон хармагийн бутыг тийн нэрлэдгийг нутгийн хөтчөөс мэдэж авав.
Авгаржин Жа.БАЯРАА /Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, МСНЭ-ийн шагналт сэтгүүлч/ Улаанбаатар-Мандалговь- Даланзадгад. 2017.12.09