Categories
мэдээ цаг-үе

Өмч хувьчлал эзэд нь тодорсны дараа эхэлж байна уу?

Засгийн газраас Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргачихлаа. Хувьчлах газруудын нэрс ингээд зогсохгүй. Хувьчлалын жагсаалтад МИАТ, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, АЗЗА, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” гэх мэт компаниуд бий. Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд, стратегийн нэгжид нээлттэй хувьчлах нь энэ удаагийн хувьчлалын онцлог гэж засаг баригчид мэдэгдэж буй. Өмнөх шиг багахан хүрээнд булагнахгүй, хэний ч хүү авч болно, хөшигний ард элдэв явдал өрнөхгүй гэсэн санаагаар ийм мессэж өгч байгаа ч цаанаа эзэнтэй хувьчлал явагдах гэж буй нь хэнд ч ил асуудал. Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн бирж, АЗЗА зэрэг компаниудын хувьчлал хэдэн засаг дамжин яригдсан ч шийдлээ олоогүй өнөөг хүрсэн нь хамгийн том нотолгоо. Сая л нэг хувьсгалын тохироо бүрдэж, бүлэглэлүүдийн тохироо нийлсэн учраас энэ засгийн өнгөнд шийдэгдэх гэж байгаа хэрэг л дээ. Хувьчилснаар компанийн засаглал сайжирна, менежмэнт нь урагшилна, төрийн ачаа багасна, төсөвт мөнгө орж ирнэ гэх мэт давуу талууд байгаа. Гэхдээ засаг баригчдын онцолсон шиг шударга, нээлттэй хувьчлал явагдах нь юу л бол. МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж гэх мэт томчуудын ард төдийгөөс өдий хүртэл нуугдсаар ирсэн маш том сонирхол бий. Шуудхан хэлэхэд энэ удаа эзэнтэй өмч хувьчлал явагдах гэж байна.

МИАТ

Гурван жилийн өмнөөс цэвэр ашиг ярих болсон МИАТ-ын 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэйгээр авах боломжтой гэж засаг зүгээс мэдээлж байна. Түрүү жил 6.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн энэ компанийг хувьчилна гэсэн яриа шинэ мэдээ биш. Аль 23 жилийн өмнөөс эхэлж 13 засгийн нүүр үзсэн гэсэн сонирхолтой статистик бий. Хэр олон бүлэглэл иргэний агаарын тээврийн салбарт эзэгнэх сонирхолтой явааг энэ тооноос харчихаж болно. Түүхийн хуудас эргүүлээд үзэхээр МИАТ-ын хувьчлалыг тод эсэргүүцсэн улсын олонх нь МАН-ын угшилтай улстөрчид харагддаг. Наахны жишээ хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар 2015 онд хувьчлах гэж үзээд бараагүй. Энэ бол МИАТ-ын хувьчлал энэ засгийн өнгөнд шийдэгдэж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэдгийг харчих хөнгөхөн нотолгоо. МИАТ-ын хувьчлалын ард “Таван богд”-ын Ц.Баатарсайханы сонирхол бий гэсэн таамаг давтамжтай сонсогддог. УИХ агаарын тээврийн монополь компаниа хувьчилна гэсэн шийд гаргачихвал “Таван богд” шиг үндэсний том компани Хөрөнгийн биржээр дамжуулаад МИАТ-ийн хувьцааг авах бүрэн боломжтой.

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ албаа авсныхаа дараахан МИАТ-ийг хувьчилна гэж дуугарч байв. Сайд болонгуутаа АН-ын хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж дураараа загнасныг нь “МИАТ-ыг хувьчлах Ерөнхий сайдын санааг бүдгэрүүлэх гэсэн жүжиг” гэж хардах хүн ч цөөнгүй байна. Түүнээс биш салбарын сайд нь өрсөлдөгч намынхаа нөхдөөр яамаа дүүргэчихээд байхад дуугүй суух Ерөнхий сайд гэж хэтээсээ байхгүй. Тэр дундаа У.Хүрэлсүх шиг характертай хүн чимээгүй хараад явна гэдэг юу л бол. Дүр эсгэлт байж магадгүйг нотолсон бас нэг үйл явдал бий. Ж.Бат-Эрдэнэ сайд саяхан МИАТ-ын томилгооноос холхон бай гэсэн анхааруулгыг Ерөнхий сайдад хэвлэлээр дайсан удаатай. Элдэв яриа гаргахгүйгээр иргэний агаарын тээврийн том компаниа хувьчлах гэсэн санаагаар ийм жүжиг тоглосон байх өндөр магадлалтай. АН-д ашигтай хувилбараар тохироо хийгдсэн учраас сөрөг хүчнээс ч хүчтэй эсэргүүцэхгүй гэсэн таамаг дуулдаж байна.

Төрийн банк

2.3 их наяд төгрөгийн активтай, хоёр сая 863 мянган харилцагч, 202 мянган зээлдэгч, 585 мянган хадгаламж эзэмшигчтэй, түрүү жилийн цэвэр ашиг нь 1.8 их наядаар хэмжигдсэн Төрийн банкийг 100 хувь хувьчлах шийдлийг засгаас гаргачихсан. Банкны салбар биеэ даагаад дэлхийн жишгээр хөгжиж байхад төрд эзэмшлийн банк шаардлагагүй гэсэн үндэслэлийг нь эдийн засагчид бодитой гэж дүгнэж буй. Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад өгнө. Үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр арилжаалах зураг гараад байгаа.

Байгуулагдсанаас нь хойш гурван жилийн дараа Төрийн банкийг хувьчлах асуудал яригдаж эхэлсэн юм. Төрийн банкийг хувьчилна гэсэн яриа дэгдэх бүрд “Алтжин”-гийн Г.Алтангийн нэр ёс мэт дуулддаг. Энэ удаа ч түүний нэр сонсогдож байна. Г.Алтанг зүтгүүлж буй хүн нь нэг нутгийн, найз нөхдийн харилцаатай Ц.Нямдорж сайд гэсэн хардлага улс төрийн хүрээнийхэнд бий. Бүр тодруулж хэлбэл Увсын фракцын сонирхол төрийн банкны хувьчлалд хүчтэй оролцож яваа гэсэн таамаг сонсогддог. Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гээд мөнгө санхүүг Увсын фракц атгаж буй нь тохиолдлын хэрэг биш байж мэдэх л юм.

Г.Алтан гэдэг нэр Төрийн банктай зүгээр ч нэг холбогддоггүй. Хувьцааных нь 20 хувийг Г.Алтангийн хүү атгаж байсан “Зоос” банкны дампуурал Төрийн банк байгуулагдах суурь болсныг олон нийт мэднэ. Г.Алтангийн хүүгийн нэр дээрх хувьцаа “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийнх гэсэн мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Хожим Ш.Батхүүгийн өмч “Хадгаламж” банк дампуурахад ч мөн Төрийн банкинд нэгтгэсэн нь бодит үнэн. Г.Алтанг Төрийн банктай холбон хардах нэг нотолгоо “Зоос” банк дампуурах үеэс эхлэлтэй. Тэр үед “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигчид хууль бусаар дампууруулсан гэж мэдэгдэж, аль чадахаараа үгээ хэлж явахад 20 хувийг нь эзэмшдэг Г.Алтан таг дуугүй суусан гэдэг. Төрийн банкинд эзэн суух найдлага нь тэр үед дуугүй байх шалтгаан болсон гэх хардлага өнөөдөр ч хуучраагүй.

Г.Алтангаас гадна оросууд ба Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэр Төрийн банкны хувьчлал яригдах үеэр дуулддаг. “Зоос” банк дампуурахад 26 хувийг нь эзэмшиж байсан Европын сэргээн босголт хөгжлийн банкны хүчин зүтгэл нөлөөлсөн гэгддэг. Хувиа нэмэгдүүлсэн ЕСБХБ “Зоос” банкинд удирдлагын шинэ баг ажиллуулж байсан нь мөн л үнэн түүх. “Зоос” дампуурч, Төрийн банк байгуулагдахад ч ЕСБХБ-ны өнөө баг удирдсан түүхтэй. Гэхдээ ЕСБХБ-ийг засагтай гар барьж явахдаа мөнгөө авч, хохиролгүй болсон гэх таамаг дуулддаг. Хэрвээ энэ таамаг бодитой бол тэдэнд энэ удаагийн хувьчлал сонин биш.

Өнөөг хүртэл Төрийн банкийг хувьчлаагүй шалтгаан нь тус банкийг байгуулах гэж гаргасан 100 тэрбумын бонд байсан гэж албаныхан тайлбарладаг. Мэдээж энэ бол цор ганц шалтгаан биш. Төрийн банкны хувьчлалын тохироог улс төрийн хүрээнд хийж чадаагүй гэсэн том шалтгаан бас бий. Бондын төлбөр халхавч төдий байсан нь хэнд ч тодорхой асуудал л даа. Улс төрийн тохироо хийгдсэн учраас Засгийн газар Төрийн банкийг хувьчилна гэж дуугарсан нь эргэлзээгүй. Г.Алтангаас гадна Худалдаа хөгжлийн банкныхан нэр энэ хувьчлалын цаана дуулддаг. Хүрээ, цараагаа өргөжүүлье гэж зүтгээд Төрийн банкинд нөлөөгөө тогтоох боломж, чадалтай газар мөн үү гэвэл мөн. Гэхдээ Г.Алтан шиг том үндэслэл, хүчтэй дэмжлэг нөөлөг өнөөхөндөө харагдахгүй байна.

Хөрөнгийн бирж

Хөрөнгийн биржийг хувьчлах санаа дөрвөн жилийн өмнө анх гарч байсан юм. Банк хүчээ авч, хөрөнгийн зах зээл мартагдахдаа тулж байсан үеийг бодвол цаг наашилсан. Хөрөнгийн зах зээл амилсан ийм үед яригдаж буй нь цагаа олсон шийдэл байж мэдэх юм. Засгийн газар Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчилна гэсэн байр суурьтай байгаа. Хотын төвд өөрийн гэсэн объекттой, Лондонгийн хөрөнгийн биржийн хөрөнгийн зах зээлийн цогц дэд бүтцийг суурилуулсан гэх мэт давуу талуудаас гадна дотоод, гадаадын санхүүжилт татаж бизнес эрхлэгчдэд хямд эх үүсвэр татах гүүр болж өгдөг нь Хөрөнгийн биржийн үнэ цэнийг өсгөж буй. Банкны зээлийн хүү өндөр гэсэн шалтгаанаар компаниуд хөрөнгийн зах дээрээс хүүгүй мөнгө босгох аянд гараад эхэлсэн. Эхний тод жишээ нь “Монгол базальт”. Чулуун хөвөнгөөр дулаалгын материал үйлдвэрлэдэг энэ компани үйлдвэрлэлээ өргөтгөхөөр IPO гаргаж хэрэгтэй мөнгөө амжилттай босгочихсон. Бүтээгдэхүүнээ Зүүн хойд Азид нийлүүлэх том зорилготой төслийн ашиг өгөөж хөрөнгө оруулагчдыг хуйлруулсан гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид дүгнэж буй. Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс” компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэж хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь онцлох учиртай эерэг дохио. “Эрдэнэ ресурс” шиг дэлхийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын Хөрөнгийн биржийг гээд зориод ирвэл манай улсын биржийн лангууны бараа улам чанаржих сайн талтай.

Иргэдийн ихэнх хувь нь хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй, эдийн засагт эргэлддэг ихэнх мөнгө хүн амын цөөхөн хувьд ногддог ийм үед Хөрөнгийн биржийн хувьчлалыг явуулах нь үр дүнгүй гэсэн судлаачдын байр суурийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хөрөнгийн биржийн хувьчлалын цаана төрийн тэргүүний нэр сонсогдож байсан удаатай. Энэ удаа хэн авах нь тодорхой бус байгаа ч олон хүн биржийн хувьчлалыг сонирхож яваа нь эргэлзээгүй.

Юутай ч өмч хувьчлалын дараагийн шат төрийн өмчийн томоохон компаниудаар эхлэх нь тодорхой болчихлоо. Дээр дурдсан компаниудаас гадна “Монголын цахилгаан холбоо”-ны төрийн эзэмшлийн хувьцааг 66аас доошгүй хувьд байлгах, “Мэдээлэл холбооны сүлжээ”ний 49 хувийг үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх, Хөдөө аж ахуйн биржийн 49 хувийг хувьчлах гэх мэт зарчмын шийдлүүдийг засгаас гаргаад байгаа. Одоо УИХ гэсэн даваа бий. Өнөөхөндөө АН, МАНын бүлэг байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байна. Тэд засгийн саналд толгой дохивол УИХ ямар компанийг хэдэн онд, яаж хувьчлах зэрэг нарийн асуудлуудыг хэлэлцэж эхэлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *