НҮБ-аас Умард Солонгосын 95 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдлаар шаналж байгаа талаар мэдээлжээ. Коронавируст цар тахлын улмаас тус улс хилээ хааснаас ийм асуудалд хүргэсэн талаар цохон тэмдэглэсэн байна. НҮБ дээрх судалгааг гаргахдаа БНАСАУ-ын төрийн бус байгууллагуудын ажилтнуудын дунд явуулсан санал асуулгыг үндэслэжээ.
Умард Солонгосын эрх баригчид дээрх мэдэгдлийг няцаасан байна. Тэд “НҮБ-аас гаргасан тайлан нь ямар ч үндэслэлгүй, увайгүй, худал мэдээлэл юм” гэжээ. Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн ярьснаар “Нийтээрээ хомсдолд орж, бэрхшээлүүд тулгарч байгаа нь үнэн.
Гэхдээ хүүхдийн эрүүл мэнд, хүнсний хангамжийн асуудлыг эрх баригчид эн тэргүүнд тавьдаг. НҮБ-аас гаргасан дээрх тайлан нь манай улсын нэр хүндийг унагаах зорилгоор бодит байдлыг гажуудуулсан хэрэг” гэж шүүмжилсэн байна.
НҮБ-аас урьд нь Умард Солонгост 440 мянга гаруй нярай, хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авч чадахгүй байгаа талаар онцолж байсан удаатай.
Д.ЦЭРЭНДОЛГОР