Умард Солонгосын удирдагч бусдаас уучлал гуйх үзэгдэл маш ховорт тооцогддог. Тэгвэл тэр өмнөд хөршийнхөө ерөнхийлөгчид ирүүлсэн захидалдаа энэ долоо хоногт хоёр Солонгосын хил дээр гарсан хэрэг явдлын төлөө уучлал гуйсныг өнөөдөр Өмнөд Солонгосын тал мэдээлжээ.
Төрийн албан хаагч, 47 настай эрэгтэй Умард Солонгос руу дүрвэх оролдлого хийгээд Умардын хилийн цэргүүдэд буудуулж алагдсан болохыг өчигдөр Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээлсэн билээ.
Умардын цэргүүд дүрвэгчийг буудаж алаад цогцсыг нь шатаасан нь коронавирусийн халдвар тээгч хилийн чанадаас орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээ гэж Сөүлийн албаныхан дүгнэж байв.
Ким Жон Ун ирүүлсэн захидалдаа ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Өмнөд Солонгосын ард түмнээс уучлал гуйж, ийм эмгэнэлт явдал гарах ёсгүй байсныг хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр болсон хэрэг явдлыг мөрдөн шалгасан үр дүнг захидалдаа дурдсаныг Хөх ордны захиргаа мэдээлсэн байна.
Тухайлбал хилийн цэргүүд дүрвэгчийг 10 удаа буудсан бөгөөд хаанаас ирсэн хэн болохыг нь тогтоож чадаагүй гэнэ. Мөн дүрвэгчийн цогцсыг шатаагаагүй, харин түүний дээр нь хөвж ирсэн зүйлийг шатаасныг мэдэгджээ.
Үүнийгээ халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний хүрээнд гүйцэтгэсэн ажил байсныг Ким Жон Ун тайлбарласан байна.
Т. Хулан