Умард Солонгосын талаас нэг сая хуудас суртал ухуулгыг БНСУ-ын нутаг руу илгээсэн болохыг Сөүлийн албаныхан мэдээлэв. Умард Солонгосын цэргийнхэн өдөр бүр суртал ухуулгын хуудаснуудыг Өмнөд рүү илгээж байгаа аж. Эдгээр нь Өмнөд Солонгосын хилийн ойролцоох газруудаас гадна нийслэл Сөүлд хүртэл хийсэж ирэх болсон гэнэ.
Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр хоёр Солонгосын харилцаа дахин мууджээ. Улмаар тэд харилцан сэтгэлзүйн дайралтыг хийж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын талаас хил дээр чанга яригч байрлуулан суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлсний дараа Пхеньян ижилхэн хариу арга хэмжээг авчээ. Умард Солонгосоос Өмнөд рүү суртал ухуулгын хуудас илгээх нь ховор байдаг аж.