Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой

Монгол Улсын хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын 16 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг байна.

Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд зургаан сар тутамд хамрагдаж, өөрийн нас болон эрүүл мэндийн онцлогоос хамаарч анхаарал тавьж байх шаардлагатай юм. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тэр дундаа сав нь бидний хэлж заншсанаар “дүлий эрхтэн” учир тэр бүр ил мэдэгдэх зовуургүй, өвчилсөн тохиолдолд хүндрэх хүртлээ мэдэгддэггүй учраас урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой хугацааны давтамжтай орж байхыг зөвлөдөг.

No description available.

Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн ч амьдралын зорилго тэмүүлэл, сэтгэлийн зориг тэвчээрээр даван туулж эдгэрсэн БЗД-ийн … дугаар хорооны иргэн Г.Энхжаргал өөрийн бодит түүхээс хуваалцсаныг та бүхэнд хүргэе.


-Би өмнө нь ажил, амьдралын олон асуудлаас болоод эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй байснаа хожуу ухаарсан. Учир нь, 2018 онд гурав дахь хүүхдээ төрүүлээд удалгүй хорт хавдартай гэдгээ мэдсэн. Амаржсанаас хойш маш их ядарч, хоёр сарын дараа цус алдаж эхлэхэд нь “Төрөлттэй холбоотой байх” гэж бодоод өрх, дүүргийн эмнэлэгт үзүүлэн цус тогтоох эмчилгээ хийлгэж байлаа. Гэтэл төд удалгүй хоолой хөндүүрлэж, хөхнөөс идээ гоожоод хүүхдээ ч хөхүүлэх боломжгүй болсон тул нялхыгаа хөхнөөс нь гаргаж дахин эмнэлгээр явахад хүрсэн.
Үнэндээ хавдрын эмнэлэгт үзүүлэх нь байтугай өрхийн эмнэлэгтээ ч шинжилгээ өгч байгаагүй хүн л дээ, би. Тэгээд дүүргийн эмчийн зөвлөснөөр ХСҮТ-д эсийн шинжилгээ өгөхөд умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн нь тогтоогдож, өвчлөл аль хэдийнэ хоёрдугаар шатандаа орсныг оношилсон.
Шинжилгээний хариуг сонсоод эхэндээ маш их хямарсан, нялх биетэйг ч хэлэх үү. Хорт хавдартай гэдгээ мэдэх үед ээж аав минь гадаадад байсан. Нөхөр маань намайг хавдартай болсныг мэдээд хаяад явчихсан. Яг тэр үед коронавируст халдварын дэгдэлт тархсан байсан цаг үе. Балчир гурван хүүхэдтэйгээ хаягдаж үлдсэн, хүнд өвчтэй миний хувьд ёстой л тэнгэр хол, газар хатуу санагдаж билээ. Гэхдээ л надад үхэх эрх байгаагүй. “Үрсийнхээ төлөө заавал эдгэрч, эрүүл саруул болно доо” гэсэн итгэл, сэтгэлээр өндийж боссон минь энэ.
Хэдийгээр умайн хүзүүний хорт хавдрын талаар аль эрт сонсож мэддэг байсан ч “Ажилтай” гэж шалтаглахгүй, өөртөө цаг гаргаж эрт илрүүлэг, эсийн шинжилгээнд хамрагдсан бол хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой байж дээ гэж үргэлж харамсдаг юм. Хавдрын эсүүд биед хурдацтайгаар тархаж, бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлсөн тул эмчилгээний явцад мэс засалд орж хөх, өндгөвчөө авахуулахаас өөр аргагүй болсон доо.
Юутай ч, одоо өвчний хүнд үеэ даваад гарчихсан “Эрүүл саруул, эрч хүчтэй болно” гээд эерэг байгаа. Хавдрыг аль болох эрт илрүүлэх тусам эмчилгээ, эдгэрэлт хурдан байдаг юм байна. Хамгийн гол нь, хавдартай гэдгээ мэдсэн хэнд ч бай “Эерэг байгаарай” гэж хэлье. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн бухимдал ямар их байгаа билээ. Таны бие өвдсөн ч, сэтгэлээрээ өвдөхгүй байх нь нэн чухал. Өвчнөө даван дийлж, эрүүл бөгөөд эрч хүчтэй, эерэг байна гэдэг чинь хамгийн том эмчилгээ юм шүү. Одоо би химийн эмчилгээндээ цаг тухайд нь орж, эрүүл ахуйн дэглэмээ маш сайн баримталж байгаа. Хүүхдүүдийнхээ хичээл, сургуулийн засвар чөлөөнд гэртээ гар урлал хийж, аливаад бүтээлч сэтгэлгээгээр ханддаг болсон.
Хүмүүст зөвлөхөд, өвдсөнийхөө дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэлт хийж, эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа охид эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж өөртөө анхаарах нь архаг суурь өвчин, хорт хавдраас сэргийлэхэд тустай. Зөвхөн ээжүүд гэлтгүй, өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрхтэнд анхаарах, наад зах нь даарч хөрөхөөс сэргийлэх нь ямар чухал болохыг ойлгуулаарай. Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээг гурван жил тутамд Өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй авдаг учраас эрт илрүүлэгт заавал хамрагдаж байгаарай. Хорт хавдар хожуу шатандаа илэрвэл эмчилгээ, амьдралын нас тэр хэрээр багасна гэдгийг л ойлгох хэрэгтэй юм. Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт шүү. Бас эмч нартаа баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *