Categories
мэдээ цаг-үе

Улстөрч нүүрс

ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Монголчуудын амьдрал нүүрснээс хамаараад арваад жилийн нүүр үзэж байна. Саяхан Монголбанкнаас бодлогын хүүгээ нэг хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргах болсон шалтгааны нэгээр өмнөд хөрш Монголоос авах нүүрсний импортоо бууруулсан явдал гэх тайлбарыг төв банкнаас өгөв. Уг нь БНХАУ нүүрсний хамгийн том импортлогч. Дэлхийн нийт нүүрсний импортын 49 хувь буюу 3.8 тэрбум тонныг БНХАУ эзэлдэг. Харин бид жилд 42 сая тонн нүүрс хятадуудад зарах өөдрөг тооцоог төсөвтөө суулгасан. Гэтэл бидний өрсөлдөгч Австрали 390, Индонез 330, ОХУ 156 сая тонн нүүрс экспортолдог. Эрчим хүч үйлдвэрлэх салбарт нүүрс нефтийн дараа орно. Бидний политэконом болсон нүүрс өнөөдөр дэлхийн зах зээлд хэр хэмжээгээр байдгийг сонирхъё.

2016 онд дэлхий нийтээр 7.5 тэрбум тонн нүүрс олборложээ. Үүнээс БНХАУ 4.5 тэрбум тонн, Энэтхэг 700 шахам сая тонн, АНУ 660, Австрали 500 шахам сая тонн, Европын холбоо 480 сая тонн, Индонез 430 сая тонн, ОХУ 385 сая тонн нүүрс олборлосон байна. Эндээс харвал бидний амьжиргаа болох 42 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд дусал төдий хэмжээтэй. Энэ хэмжээний нүүрс акул орнуудад мэдрэгдэхгүй. Хятадуудад бидний 42-хон сая тонн нүүрс нэмэр ч болохгүй, авахгүй байлаа гээд хотойх юм байхгүй гэсэн үг. Харин бидний хувьд бол хятадууд манайхаас нүүрс авахгүй томоохон асуудал. Эхний дохио нь Монголбанкны бодлогын хүү нэг хувиар өссөн явдал. Дараагийн хохирол нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсвийн алдагдал улам томрох эрсдэл юм. Хятадууд нүүрс авах баталгаа гаргахгүй. Тэд Парисийн COP 21 гэрээнд нэгдсэнээр нүүрсний хэрэглээгээ бууруулаад эхэлчихсэн. Энэ бодлогод өртөх хамгийн эхний орон Монгол Улс. Учир нь энэ улсын эдийн засагт зах зээлийн биш, улс төрийн хууль үйлчилдэг. Монгол нүүрс Австралийнх шиг зах зээлийн хуулиар явдаггүй. Улс төрийн зарчмаар зарагддаг. Монгол нүүрс монгол улстөрчдийн том бялуу болсон учраас хятадууд монгол нүүрсийг улс төрийн том хөзөр гэж хардаг. Хятадуудын Монголд хандах хандлагыг хилээр гарсан нүүрсний хэмжээгээр харж болно. Манай хоёр хөрш биднээс хэд дахин илүү нүүрс олборлож байхад бид төсөвтөө их хэмжээний нүүрс худалдах мөнгө суулгаж байгаа нь амиа хорлохтой адил хэрэг гэж эдийн засагчид сануулсан ч эрхэм гишүүд энэ санааг анхаарсангүй. Эндээс харахад дэлхий монгол нүүрстэй, нүүрсгүй амьдарна. Харин манай нүүрсний эдийн засаг л дэлхийн зах зээлээс гарвал сүйрэх аюул нүүрлэх болов уу.

НҮҮРСНИЙ ЭДИЙН ЗАСГААС ХӨДӨӨ АЖ АХУЙГ СОЛОНГОРУУЛАХ БОЛОМЖ

Сүүлийн жилүүдэд нүүрс улс төр болж хувирсны хамгийн том жишээ бол “Эрдэнэс Таван толгой” . Монгол төрийн хамгийн том хоёр хөзөр бол Эрдэнэт болон Эрдэнэс Таван толгой. Өнөөдөр Эрдэнэт хэний мэдэлд байгаа нь тодорхой бус. Энэ тохиолдолд Эрдэнэс Таван толгойн 30 хувийг гадныханд борлуулна гэдэг үлгэр болж хувирна. Хятадуудын тавьсан хориг дээр нөхөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрхэм гишүүн Н.Номтойбаяртай хэрэлдэхдээ “Та Цагаан суваргаа буцааж өгөөрэй” гэсэн нь Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалтаас бусдыг үндсэндээ зогсоох шатанд оруулав. Инээдтэй нь Уул уурхайн сайд Д.Сумъяабазар Эрдэнэс Таван толгойн 30 хувийг борлуулах гэж өдөр шөнөгүй гүйж байгаа. Энэ компанийн 15 хувь нь иргэдэд, 30 хувь нь гадныханд очно гэж тооцвол 55 хувь нь төрийн мэдэлд үлдэнэ. Энэ тохиолдолд хятадуудад хориг тавиулсан нүүрсэнд хөрөнгө оруулах гадны гэнэн бизнесмэн олдох эсэх нь эргэлзээтэй. Ирэх жилийн хувьд хүндрэлээс гарах ганц гарц бол Д.Сумъяабазар сайдын оросуудад зарах 30 сая тонн нүүрсний гэрээ байж мэдэх юм. Ямар ч тохиолдолд Хятадын хориг багаар тооцоход хоёр жил үйлчлэх нь тодорхой болж байна. Төрийн Таван толгойд хөрөнгө оруулагч олдохгүй тохиолдолд төсөв болон түмэн олны хүлээсэн ногдол ашгийг хэрхэх вэ гэсэн асуулт гарна.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагыг хүлээн авч уулзахдаа иргэддээ ногдол ашиг хуваарилахыг сануулсан байдаг. Нөгөөдүүл нь саналыг дэмжиж байгаагаа зарлаад зогсохгүй энэ онд ногдол ашиг олгохоо зарласан. Гэтэл хятадууд нүүрс авахаа зогсоолоо. Энэ нь зөвхөн төсвийг сүйрүүлээд зогсохгүй ганц ашиг хуваарилах боломжтой төрийн Таван толгойг дэлхийд муугаар сурталчилна. Өнөөдөр төрийн Таван толгойг ашигтай ажиллуулах ганц арга нь нүүрсээ угаах, эсвэл цахилгаан болгон өмнөд хөршид худалдах. Харамсалтай нь манай төр арван сая тонн нүүрсийг Өмнөд Монголд угаах болсон тухай MMJ сэтгүүлд мэдээлжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол дотоодын нүүрс угаах үйлдвэрүүдэд томоохон цохилт болно. Гэтэл бид зургаан мянган тонн ноолуур, 30 мянган тонн ноосныхоо 70 хувийг анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргаж байна. Дээрх баялгийг бүрэн хэмжээгээр боловсруулсан тохиолдолд 42 сая тонн нүүрс зарснаас их хэмжээний хөрөнгө босгоно гэсэн тооцоо байдаг гэнэ. Энэ ажлыг хийхэд эхний ээлжинд 500 тэрбум төгрөг шаардлагатай. Өнөөдөр энэ мөнгө төрд бий. Төр хөдөө аж ахуйд 500 тэрбум төгрөг гаргахад л 42 сая тонн нүүрснээс болж сүйрэх төсвийн 1.3 их наяд төгрөг багаар тооцоход дөрвөн их наяд төгрөг болж үржинэ. Эндээс харвал улстөрчид нүүрсэнд л ач холбогдол өгөөд байгаа болохоос өөр гарц бий гэдэг нь үнэн болж таарна.

ХЯТАДУУД ЯАГААД ЗӨВХӨН НҮҮРСЭНД ХОРИГ ТАВЬСАН БЭ

Бид Хятад руу нүүрс, зэс, ноолуур гаргадаг. Гэтэл яагаад зөвхөн нүүрсэнд хориг тавьсан бэ гэсэн асуулт гарна. Өдөр ирэх бүр батлан хамгаалахынхаа төсвийг нэмж байгаа хятадуудад зэс бол стратегийн бүтээгдэхүүнд тооцогдоно. Ноолуурын ашиг өмнөд хөршид асар их ашиг авчирна. Харин нүүрс тодорхой хэмжээний ашиг өгдөг ч Монголын төрд үзүүлэх томоохон дарамт болж чадна. Өнөөдөр төсөвт сануулга өгөх ганц боломж бол нүүрс. Энэ түүхий эдэд хориг тавьснаар Монгол Улсын төсөвт 1.3 их наяд төгрөг сох дутна. Энэ ачааг монгол төр л үүрнэ. Саяхан болсон Киев Москвагийн усан дайн Вашингтоныг Оросын эсрэг авах арга хэмжээг чангатгахад хүргэнэ гэсэн мэдээлэл бий. Энэ тохиолдолд ерөнхийлөгч Д.Трамп худалдааны дайныг гүнзгийрүүлж Хятадад стратегийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглож болзошгүй гэнэ.

Энэ нь зэс байх өндөр магадлалтай аж. Энэ тохиолдолд манай төсөв гурван их наяд төгрөгөөр дутах аюул нүүрлэнэ. Хятадуудын авсан хэмжээ төсвийг алдагдалд оруулж Монголбанкийг бодлогын хүүгээ нэмэхэд хүргэлээ. Цаашдаа ямар үр дагавар дагуулахыг өнөөдөртөө урьдчилан харах боломжгүй. Энэ тохиолдолд төрийн Таван толгойг үнэд оруулах ганцхан арга нь төрөөс салгах гэж эдийн засагчид ярьж байна. Тус компанийн 50 хувиас дээш хувийг хувьчилсан тохиолдолд их хэмжээний хөрөнгө босгох боломж бүрдэнэ гэсэн тайлбар бий. Японы эдийн засагчийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид төрийн Таван толгойг дэндүү их улс төр орсон учраас сонирхохгүй. Төрийн Таван толгой төмөр замгүй, хэтийн төлөв байхгүйдээ үнэгүйдээгүй, төрийн мэдэлд байгаадаа л үнэгүйдэж байгаа аж. Хэрэв хувийн хэвшилд байсан бол жижиг Таван толгой шиг асар их хэмжээний ашиг тараах боломжтой гэдэг үнэний ортой л мэдээлэл. Төрийн Таван толгойн ихэнх хувьцааг хувьчилсан тохиолдолд Хятадын төр нүүрсэнд хатуурхах нь зөөлрөх магадлалтай гэсэн таамаг ч дуулддаг.

ОЙРЫН ХОЁР ЖИЛД

Хятадын төр ойрын хоёр жилд нүүрсний хэрэглээгээ их хэмжээгээр бууруулахаа мэдэгдлээ. Харин монголчууд нүүрсэнд улс төр, эдийн засгаа улам их хараат болгох бодлого баримталж байна. Хэдийгээр нүүрсний зах зээл бидэнд хангалттай боловч хөршүүд маань бидэнд тэр боломжийг олгохгүй. Нэгэнтээ Оросын Находка боомтоор гаргахад оросууд их хэмжээний хөнгөлөлт үзүүлэх тухай мэдээлэл гарсан. Түүгээр ч зогсохгүй 4000 тн нүүрс ачиж Находка боомт хүртэл тээвэрлэх зураг гаргасан гэдэг. Харин энэ талаарх мэдээлэл өнөөг хүртэл нам жим байгаа. Учир нь зүүн өмнөд Азийн орнууд нүүрсийг хувийн хэвшилтэй гэрээлэх санал тавьдаг аж. Хэрэв төрийн Таван толгойг хувьчилбал Японы тал хамтрах боломжтой гэдэг. Өнөөдөртөө хятадуудад нүүрсний наймаанд нөлөөлж чадах ганц улс бол Япон. Хэрэв япончуудтай тохирч чадвал ойрын хоёр жилд Хятадын нүүрсний хоригоос ангижрах боломжтой гэсэн яриа дуулддаг. Тээврийн хувьд оросуудтай япончууд тохиролцож чадна. Харин нүүрсэнд зориулсан төмөр замыг монголчууд өрөнд орон байж барих шаардлагагүй гэнэ. Хэрэв бид өнөөдөр их хэмжээний өр тавиад төмөр зам тавьчихсан байсан бол өдөрт хэдэн тэрбумын өр төлөөд төмөр зам нь ямарч ашиглалтгүй байх нь гарцаагүй үнэн. Бидний ярьдаг төмөр болон авто замын босоо тэнхлэгүүд хоёр хөршид маань 30аад тэрбум долларын ашиг өгнө. Харин монголчууд арав шахам тэрбум долларын өрөнд орж 3-5 мянган үйлчилгээний ажлын байртай болох тооцоо бий. Ойрын хоёр жилд төмөр зам баривал хятадуудтай нүүрсээр, оросуудтай махаар төлбөр хийх нөхцөлтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн гарцыг учир мэдэх улс хэлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *