Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Б.Батмөнхийнд шинийн дөрвөнд зочиллоо

“Танайд өнжье” нийтлэлийн гал бичин жилийн тэргүүн дугаарыг Монгол Улсын заан Б.Батмөнхийнхөөс бэлтгэлээ. Тэгш дүүрний бэлгэдэлтэй шинийн дөрвөний ерөөлтэй өдөр тэднийд зочлов. Хонхыг нь дарвал зааны гэргий А.Ундармаа үүдээ тайлж, дээшээ суухыг урилаа. Хүүхдүүд бужигналдаж, ахан дүүс нь хотлоороо ирж шинэлж байхтай нь таарчээ. Заан зочны өрөөнөөсөө гарч ирж угтлаа. Том өрөө нь зочдоор, унтлагын өрөө нь хүүхдүүдээр дүүрчээ. А.Ундармаагийн эгч, нагац нар нь үр хүүхдүүдтэйгээ иржээ. Сонины сурвалжлагч ирсэнд тэд ихэд бэлгэшээж “Бид ч азтай л яваа юм байна” гэж баярлан хөөрөг зөрүүлэв. Мөнгөн аяганаас цай ууж, тавагтай идээнээс амсаад заан Б.Батмөнхтэй яриа дэлгэв. Цагаан сарын барилдаан хэр болов, бөхчүүдийг суурин дээрээ тавь, жаран бууз иддэг гэсэн, өнөө жилийн цагаан сарын барилдаанд Баасанхүү ч бужигнууллаа даа хэмээн ойр зуурын юм ярилцаж эхлэв. Тэгтэл ирсэн зочид нам гүм болж хүргэнийхээ яриаг шимтэн сонсч суулаа. Чимээ шуугиан гаргасан хүүхдүүдэд “Чимээгүй. Гоё юм ярьж байна, ах чинь. Сонс” гэнэ.

Заан “Өнөө жилийн Цагаан сарын барилдаан их онцлогтой боллоо. Тааварт байсан бөхчүүд доогуур унах нь унаад, шинэ бөхчүүд ч их гарч ирлээ. Миний бэлтгэл уг нь их сайн байсан юм. “Дүнжингарав” дэвжээнийхэнтэйгээ баярын өмнө хэд хоног Угтаалд сэргэлтийн бэлтгэл хийгээд ирсэн” гэснээ “Би Цагаан сарын барилдаанд жаахан одгүй байна уу даа. Ноднин нэгийн даваанд унасан, энэ жил хоёрын даваанд уначихлаа” хэмээн инээмсэглэж “Цагаан сарын барилдаан хоёр дахь наадам, бага наадам гэдэг утгаараа шударга, тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог болохоор их хариуцлагатай байдаг юм” гэлээ.

Шинийн нэгэнд Баянхангайд очиж эмээтэйгээ золгож, нутгийнхаа уулс шүтээндээ мөргөчихөөд орой нь гэртээ ирж, маргааш нь Баян сум руу явж хадмуудтайгаа золгосон байна. Залуу гэр бүл болохоор сар шинээр мянга гаруй бууз хийдэг аж. Ахан дүүс, найз нөхдөө дайлахад төдий хэмжээний бууз чимхэхэд болчихдог гэнэ. Бөхчүүдийн тухай элдэв янзын онигоо, болсон явдлуудыг бөх сонирхогчид ярьж “Тэр аварга төдөн буузыг суурин дээрээ идчихжээ”, “Бөхчүүд гучин буузыг шууд идчихдэг” хэмээн хачир болгон ярьдаг. Зааны хувьд нэг дор их хэмжээгээр хоол иддэггүй гэнэ. Бага багаар ойр ойрхон идээд сурчихсан болохоор суурин дээрээ олон бууз идэж үзээгүй аж. Зааны яриаг сонирхоод гэрт байсан хүмүүс бүгд нам гүм болчихсон байлаа. Б.Батмөнх “Та нар минь идээ будаа, буузнаас идэж, айраг цагаа уу л даа. Бүгд амьсгал дараад яриаг минь чагнаж сууна уу” хэмээгээд зочдодоо айраг барилаа.

Эднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл юм байна. Нэг хүү, гурван охинтой. Ууган нь хүү. Хүү нь “Хуйрнан шуугигч” гэж хөвгүүдийн дунд зохиогддог үндэсний бөхийн барилдаанд барилддаг гэнэ. Хоёр удаа барилдаад хоёуланд нь хоёрын даваанд өвдөг шорооджээ. Эхний барилдаанд ухасхийж давхар хамаад учраа нь дөрвөн хөллөнгүүт буцаж гарах гэж байгаад халтирч унаад бөөн уйлаан майлаан болж “Би ахиж барилдана” гэж зүтгэжээ. Урьд өдөр нь Бөхийн өргөөнд ном хурж лам нар будаа цацчихсан байж л дээ. Тэрэн дээр нь халтирч унаснаас л бүх юм болж. Тэр тухай нь ярихаар хүү нь жигтэйхэн ичих аж.

Бөхчүүд битүүн хүртэл бэлтгэлтэй байж байгаад баяраар хэд хоног завсарлаад шинийн тавнаас бэлтгэлдээ гарна. Бусад хүмүүстэй адил айлч хэсч бууз идэж, айраг уугаад байвал өнөө сайхан бэлтгэл, сургуулилт нь хэцүүднэ. “Дүнжингарав” дэвжээнийхэн шинийн таванд бэлтгэлдээ гарна гэж зар тараажээ. Битүүнд эрчүүл цагаан сарын барилдаанаа ихэвчлэн зурагтаар үзчихдэг. Харин бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд хонон өнжин байж дугаарлаж тасалбарыг нь аваад барилдааныг заалнаас нь харна. Бөхчүүдийн хувьд нэг, хоёрын даваанд өвдөг шороодлоо гээд заалаа орхиод явчихгүй. Үзүүр, түрүүний гал гарсан барилдааныг дуусгачихаад гардаг уламжлалтай. Заан Б.Батмөнх ч тэгжээ. Барилдаанаа дуусгаад 22 цаг өнгөрч гэртээ ирж битүүрчээ.

Б.Батмөнх заан гэргий А.Ундармаатайгаа оюутан байхдаа л танилцаж нэг гэрт орж, байшин барьж ахан дүүсээ цайлж тусдаа гарч байжээ. 2011 онд начин цол хүртэж ИНЕГ-аас байраар шагнуулж XIII хороололд байранд орж. Дараа нь заан цол хүртэж одоогийн Нарны хорооллын энэ байранд нүүж иржээ.

Орцныхон нь зааныг хүндэтгэж тааралдах болгондоо “Заан сайн байна уу” хэмээн хүндэтгэнэ. Харин хөршийн хүүхдүүдтэй хүүхдүүд нь орж гарч тоглож нааддаг болохоор ерөнхийдөө ямархуу айлууд байдгийг нь гадарладаг аж. Түүнээс биш албан ёсоор сайн танилцаж амжаагүй л байгаа гэнэ.

Бөх сонирхогчдын хувьд заан Б.Батмөнхийг ирээдүйтэй бөхөөс гадна дууны клипэнд тоглодог, жүжиглэх авьяастай залуу гэдгийг нь андахгүй байх. Дуучин А.Хосбаярын “Адуутай намар” дууны клипэнд А.Сүхбат аварга тэргүүтэй нутгийнхаа бөхчүүлтэй тоглосон бол дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны клипэнд сайхан монгол эрийн гангараа, монгол ахуйг аятай гаргаж олны нүдийг хужирласан билээ. Түүнээс “Та “Гангараа”-гийн клипэнд тоглосон тухайгаа ярихгүй юу. Клипэнд тоглоход ямархуу санагдав” гэж асуувал ирсэн зочид бүгд л “Тийм, тийм дүү минь ярь. Их сайхан дуу шүү дээ. 2015 оны шилдэг дуу болсон. Клип нь ганган болсон шүү” гэж ам амандаа уралдан хэлж, заан руу анхаарлаа хандуулав. Б.Батмөнх “Мөнгөншагай чинь манай Төв аймгийнх ш дээ. Уг нь “Гангараа” клипэнд Санжаадамбыг тоглуулах гэж байсан юм билээ. Тэгээд болоогүй болохоор нь надад санал тавьж “Чамайг л тоглуулмаар байна” гэхээр нь нэг нутаг усны хүмүүс юм чинь нэг нэгэндээ тусалж дэмжилгүй яахав гээд зөвшөөрсөн л дөө. Тэгээд Нөхөрлөлийн сангийн аж ахуй руу явж хоёр хоносон юм. Тэгээд л тоглосон” гэхээр нь “Тэгээд клипэнд тоглох ямар байв” гэлээ. Заан инээснээ “Анх тоглож байгаа болохоор эвгүй л юм билээ” хэмээв. “Гангараа” дууны клипэнд тоглосноос нь хойш аймгийнх нь дуучдаас клипэндээ тоглуулах санал мэр сэр ирүүлэх болсон гэнэ.

А.Ундармаагийн нагац ах Л.Батбилэг “Ёстой гоё клип болсон ш дээ. Батмөнх маань клипэн дээр өөр хүүхэн үнсээд байсан шүү гэж Ундармаад хэлсэн” гэтэл бүгд нэрхийтэл инээлдлээ. А.Ундармаа нөхөртэйгөө хамт клипний зураг авалтад явсан юм байна. Тэгтэл хүүхдүүд нь клипийг дараа нь үзчихээд ээждээ “Ээж ээ, аав өөр хүн үнсээд байна шүү” гэж чихэнд нь хэлсэн гэнэ.

А.Ундармаа Төв аймгийн Баян сумын бүсгүй. Заан гэргийтэйгээ нэг гэрт ороод арван жил болжээ. Бөхчүүдийн хувьд наадам, цагаан сар гэх томоохон хариуцлагатай барилдааны өмнө бэлтгэлд гарчихдаг, харин бусад үед нь гэрээсээ бэлтгэлдээ явдаг болохоор спортын шигшээгийн тамирчдаас ялгаатай. Гэхдээ зургадугаар сарын арвадаар галд гараад наадмаар ирж барилдчихаад хэд хоног гэр орондоо байж, гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч амарна. Тэгчихээд аймаг, сумдын наадмаар явсаар байтал есдүгээр сар гаргачихдаг. Тэр үе л бөхчүүдийн хувьд нэлээд ачаалалтай.

Заан Б.Батмөнхийн баз Г.Базаржав А.Ундармаагийн эгч, нагац нарыг нэг бүрчлэн танилцуулж, хэн нь хэдэн хүүхэдтэй ямар айл байдаг тухай танилцуулж байлаа. А.Ундармаа монгол ахуй, монгол ёс жаягаа их дээдэлнэ. Бурхан тахил, хоймрын шүүгээндээ нарийн нандин бүхнээ залжээ. Нөхрөө барилдаад орж ирэхэд авчирсан хадгийг нь эвхэж, цэгцлэн хоймортоо хураадаг аж. Хадаг буян хураадаг эдийн дээд учир нандигнахаас аргагүй. Анх танилцаад нэг гэрт орсон цагаас л хураасан хадаг нь эвхээстэй. Хадагнуудын доод талын тавиурт зааны өмсч байсан монгол гутал байлаа. Б.Батмөнх уг гутлаа амжилт дуудсан, аз түшсэн хэмээн бэлгэшээж хадгалдаг аж. Хөдөөнөөс оюутан болж орж ирээд л Завханаас ирсэн ангийнхаа Батсүх гэдэг найзынхаа аав, ээжээр урлуулсан анхны гутал нь. Энэ гутлаа аймгийн арслан болтлоо өмсчээ.

Тамирчид хамгийн хэцүү олддог, үнэтэй медаль бол хүрэл медаль гэж ярилцдаг. Харин бөхийн хорхойтнууд гэлтгүй бөхийн гараагаа эхэлж байгаа бөх хүнд аймгийн арслан гэх цол маш их амжилтын бат суурь нь болдог гэлтэй. Заан Б.Батмөнхийн аймгийн арслан болж байсан мөч ч дурсгалтай. Сумынх нь ой, аймгийн наадамтай нь давхцаад сумандаа барилдчихаад Архангайд очиж зодогложээ. Эндээс заан маань эхнэрээ, эхнэрийнхээ ах, эгч хоёрыг дагуулаад очжээ. Өөр таних мэдэх хүн байхгүй, жаахан ганцаардмар болоод эвгүй л санагдаж. Архангайнхан тэр чигээрээ нөгөө тал, Б.Батмөнх ахтайгаа хоёулхнаа. Ах нь дээлнийх нь захыг мушгиастай. Эхнэр нь эгчтэйгээ наадмын талбайн үзэгчдийн дунд далдхан өндөлзөөстэй. Тавын даваанд Ганзоригтой тунаад, зургаагийн даваанд Завханы аймгийн арслан Батжаргалыг давж, долоогийн даваанд улсын начин Адъяабаттай үзүүр түрүүнд үлдэж тахимдах мэхээр давж аймгийн арслан болж байжээ.

2013 оны наадмаар Б.Батмөнх заан Ч.Санжаадамбыг хаяж тэр жилийн наадмын тааврыг эвдэж байлаа. Тэр тухай нь сонирхож “Санжаадамбыг та ямар мэхээр хаяж байлаа” гэж асуулаа. Заан “Зайлаад хавирчихсан. Тэр мэхийг би зааланд хэд хэдэн удаа хийгээд үзчихсэн байсан юм. Гэхдээ тухайн жилийн од гэж байдаг юм уу даа. Тэгэхэд би гурвын даваанд Чулуунбатыг амлаж аваад дөрвийн даваанд Говь-Алтайн Амартүвшин харцагатай, тавын даваанд Содномдорж, зургаагийн даваанд Санжаадамба, долоогийн даваанд улсын арслан Батсуурьтай тунаж байсан ш дээ. Тэгээд л заан болж байлаа” хэмээлээ. Заантай наадам, бөх, мэх ярьж суутал бууз болчихож. Заан чимхэлттэй заан буузнууд. Бөхчүүдийн хувьд өөрийнх нь нэрнээс илүүтэй цолоор нь дууддаг болохоор түүндээ бүр дасчихсан байдаг. Б.Батмөнх одооноос л заан цолондоо дасч, заан гэж дуудахаар эргэж хардаг болсон гэнэ. Өөрөөс нь ганц, хоёр дүү хүмүүс “Заан аа” гэж хүндэтгэнэ. Ах хүмүүс ч ялгаагүй.

А.Ундармаагийн нагац ах, эгч нар бидний яриаг шимтэн сонсонгоо айраг цагаа ууж, зааны яриаг дэмжиж толгой дохино. Хүүхдүүд ч чимээгүй орж ирж яриа чагнах аж. Хүргэн нь заан цол авсан тэр мөчийг хадмууд нь ярина. А.Ундармаагийн нагац эгч Л.Адъяасүрэн “Миний дүү чинь манайхны ганц бахархал байхгүй юу. Заан цол хүртсэн тэр жилийн наадмын нар одоо ч сэтгэлд минь гийдэг юм. Миний дүү ийм сайхан хань ижилтэй болж, өнөр өтгөн айлын гэргий болсонд баярладаг юм. Бид чинь хүргэнээ л харах гэж барилдаан үзнэ шүү дээ. Барилдахыг нь харахаар хийморь сэргээд өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Дүү минь дахиад ахиж дэвшиж, цолоо ахиулна гэдэгт огт эргэлздэггүй юм” гэж сэтгэгдлээ илэрхийллээ. А.Ундармаагийн нагац ах Л.Батбилэгийг ахан дүүс нь Бамбарууш гэдэг багын нэрээр нь дууддаг аж. Бамбарууш ах нь “Заан болдог жил би хөдөө явж байсан юм. Нэг айлд ороод бөх үзлээ. Заан цол хүртсэн тэр жил ч хийморьтой байсан шүү. Тааварт явж байсан, иртэй бяртай бөхчүүдийг дараалан хаяж шуугиулсан даа. Би цол авахыг нь хараад орилж босч ирээд хашгираад сэтгэлээ барьж дийлэхгүй байж билээ” хэмээгээд хүргэндээ хүрэх, авах ёстой цол цаана чинь хүлээж байгаа шүү гэж захилаа.

Нэг хэсэг монгол бөхчүүдийн жудаг алдагдлаа, жудагтай бөх алга боллоо гэж хэн хүнгүй халагладаг байсан. Харин сүүлийн үед тэр байдал бага багаар засагдаж, залуу бөхчүүд жудгаа эрхэмлэж, уламжлалаа илүүтэй дагадаг болсон. Энэ тухай өгүүлсэн “Гарьд магнай” киног баяр наадам, цагаан сараар телевизүүд гаргадаг. Заан ч энэ кинонд дуртай аж. Очир заан Далайцэрэнд хандаж “Одоо болоо юм биш үү” гэхэд нь Далайцэрэн “Би худлаа барилдаж чадахгүй” гэдэг. Мөн өвдөг шороодсон ах аварга нь майханд орж ирээд Далайцэрэнд зодог шуудгаа өгч “Нутгийн чинь уулс чамайг дагаж байгаа шүү” гэж хэлдэг хэсэг нь заанд их таалагддаг гэнэ.

Заан “Үндэсний бөх бол дээр үеэсээ уламжлагдан ирсэн Монголын том өв соёл. Барилдаж байгаа бөхчүүдийг харахад онцгүй зан гаргаж, жудаг алдагдаж байгаа нь харагддаг. Учраа хоёр бөх барилдаад яг зэрэг уналаа гэхэд хэнийх нь хөл гар түрүүлж хүрсэн бэ гэдгийг хоёр бөх мэддэг л байхгүй юу. Тэгтэл тэрийг нь мэдсээр байж улайм цайм уначихаад босч ирээд хэл ам хийдэг. Энэ нь хувь хүний л зан чанар, ухамсартай холбоотой асуудал л даа. Улайм цайм уначихаад янз бүрийн авир гаргах шаардлага байдаг ч юм уу даа. Ер нь тэгээд сайхан бодол, сайн санаатай, зөв юм бодож сайхан барилдчихаад явж байхад бүх юм болно ш дээ” гэж өөрийнхөө бодлоо хэлээд бөх байна гэдэг том хариуцлага, том хүндэтгэл байдаг юм. Түүнийг нь дааж явна гэдэг бүр том зүйл л дээ гэлээ.

Манайхан хөдөө гадаа явж байхад бөх хүн харвал хамаг юмаа барьж гүйж, хамт зураг авахуулж, болбол гэртээ урьж, дайлж цайлах дуртай ард түмэн. Б.Батмөнх зааныг хөдөөгүүр явахад иймэрхүү зүйл их тохиолдоно. Заан заримдаа тэр бүхнээс жаахан санаа зовонгуй байдаг аж. Олуулаа, хамаатан садан, найз нөхөдтэйгөө явж байгаад айлд ороход тэр чигээрээ л зааны тухай, зааны барилдааных нь тухай ярьсаар байгаад л гарна. Бусад хүнийг огт тоохгүй ч байгаа юм шиг. Л.Адъяасүрэн эгч “Бидний хувьд жил жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг гол утга учир нь миний хүргэн байхгүй юу. Манай хүргэн чинь бас их сайхан дуулна аа. “Гангараа” дууг гоё дуулдаг юм. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг чинь миний дүү байхгүй юу” гэтэл Б.Батмөнх заан “Эгч худлаа хэлж байна. Би сайн чадахгүй ээ” хэмээснээ Хосоогийн “Адуутай намар” дуу чинь миний тоглосон анхны клип байхгүй юу, тэгж байгаад тоглосон клипүүдээрээ цомог гаргана аа гэчихсэн чинь гэрт байсан хүмүүс том багагүй инээлдэж хөгжилдлөө.

Заан маань Ө.Даваабаатар харцагатай гэр бүлийн сайн найзууд, байнга л орж гарна. Батчулуун гээд л ер нь Төв аймгийн бөхчүүдтэйгээ найзалж нөхөрлөнө. Б.Батмөнх “Төв аймгийн бөхчүүлтэйгээ их найзална. Манай аймгийн бөхчүүд чинь коллектив сайтай ш дээ” гэлээ.

Б.Батмөнх зааны аав Ш.Батзориг нь одоо хотод амьдардаг юм. Аав, ээжийнх нь аль нэг талд бөх, барилддаг хүн төдийлөн байгаагүй гэнэ. Ээжийнх нь талын улсууд бахимдуу, чацтай биерхүү хүмүүс байдаг аж. Албан ёсоор барилдаж, улсын цол авсан анхны хүн нь Б.Батмөнх учир үүгээрээ удмынхаа түүхэнд шинэ хуудас нээжээ. Бөхөд хорхойсуулж, бөх болох замыг нь гаргаж өгсөн хүн нь сумынх нь биеийн тамирын багш Т.Алтанхуяг юм байна. Дараа нь Ю.Алтансүх начинд шавь орж Даваабаатар, Батмөнх хоёр УАШТ-д оролцож байжээ. Тэгээд “Шонхор” дээд сургуульд оюутан болж ирээд Баянхонгор аймгийн арслан Р.Дамдин багшийн гар дээр очиж бэлтгэл гээчийг жинхэнэ утгаар нь умалзуулж байжээ. Одоо бол Д.Сэрээтэр багш дээр Төв аймгийн бөхчүүд бэлтгэлээ базаадаг.

Зааных Цагаан сарын баяр, шинэ жилийн баяртаа маш их ач холбогдол өгч, гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэхийг зорьдог. Наадмаар өөрөө ачаалал ихтэй байдаг ч гэр бүлтэйгээ хамт байхыг хичээнэ. Наадмаар 11-ний өглөө галаас ирээд барилдчихаад орой нь буцаад явчихна. Тэгээд 12-ны өглөө нь буцаад ирчихнэ. Чимээгүй газарт бэлтгэл хийж төвлөрчихсөн байдаг болохоор гэртээ ирвэл хүүхдүүдийн дуу чимээнд сайн амарч чаддаггүй аж. Тийм болохоор барилдаанаа дуусгаж байж гэртээ ирж гэрийнхэнтэйгээ амарна.

Улсын наадам дуусгав уу үгүй юу бөхчүүд хөдөөгүүр яваад тэгш ойтой сумдын наадмаар хэсчихдэг. Өнгөрсөн зун аймгийн арслан О.Хангай Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 90 жилийн түрүүг авчихаад нөгөөдөр нь байх аа, бас нэг наадмын түрүүг аваад мотоцикль хөлөглөчихсөн шүү дээ гэвэл “Жинхэнэ сизон нь байхгүй юу. Жинхэнэ үндсэн ажлаа хийнэ ш дээ, бид чинь тэр үеэр” гэвэл дахиад бүгд нирхийтэл инээлдлээ.

Зодог шуудаг, дээл гутлаа тусгай оёдолчноор оёулдаг гэнэ. Одоогоор заан маань зургаа, долоон дээлтэй юм байна. Зарим жил ямар өнгийн дээл өмсөх вэ гэдгээ ламаар үзүүлнэ. Эсвэл өөртөө таалагдсан, ээлтэй санагдсан өнгөөрөө дээлээ оёулдаг аж. Зодог шуудгийг тухай бүрт нь хөлсийг нь сайн хатааж эврээж байхгүй бол хурдан элэгдчихдэг гэнэ. Хөлстэй нь удаахгүй, дор нь хатаагаад байвал нэг зодог шуудгийг гурав орчим жил өмсчихнө.

Л.Адъяасүрэн эгч “Манай Ундармаа чинь мисс байхгүй юу. Ээж нь Дарханы Драмын театрт дуучнаар ажиллаж байсан Л.Адъяа гэж сайхан бүсгүй байсан юм. Тэр үед Монголын урлагийн нүүр царай болсон сайхан бүсгүйчүүлтэй сугадалцаад л урлагийг сурталчлаад явдаг байсан бүсгүй байлаа. 1970-аад онд шуугиулж л явсан хүн л дээ, миний эгч. Манай эгч чинь кинонд хүртэл дүрээ мөнхлөөд байсан юм шүү дээ” гэлээ. А.Ундармаа цай чанаж, зочдын гарыг цайлгах том ажлын хажуугаар отгон охиноо хөхүүлнэ. Наагуур цаагуур орж ирсэн хүмүүсийг ая тухтай байлгах гэж эзэгтэйнхээ үүргийг биелүүлнэ. Түүнтэй нөгөө өрөөнд нь орж жаал зугаа хөөрөлдөв. Гэрт бужигнах хүүхдүүдийг тоолбол 16, 17 хүргээд алдчихав. Гүйж харайж, бужигнаад тавтай тоолох ч боломжгүй.

А.Ундармаа гоо сайханч мэргэжилтэй юм байна. Наадам дөхөхөөр өглөө эрт босч цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа, ханийнхаа нутгийн уул хайрхдын зүгт өргөж, ар гэртээ санаа зовохгүй байх тал дээр нь хамаг анхаарлаа хандуулна. Тэгээд 11-нд барилдаан эхлэхийг хараад хоолойд нь юм тээглэчихсэн юм шиг нэг л хэцүү санагдана. 12-нд хариуцлагатай даваанууд эхлэхээр бүр хэцүүдэж гэртээ сууж чадахгүй, зурагтаар барилдааныг нь үзэж төвдөлгүй орж гарч хүүхдүүдээсээ “Аав нь яаж байна” гэж асууж зул барьж, хүрд эргүүлнэ. Зүрх сэтгэл нь тогтохгүй, давах тоолонд нь балкон дээрээ гарч сүү, дээжээ өргөнө. Түүний хувьд наадмын барилдааны хоёр өдөр иймэрхүү л өнгөтэй, төрхтэй өнгөрнө.

А.Ундармаа “Миний хань чинь заан болдог жилдээ их өнгөтэй, одтой байсан юм. Бөхийн өргөөний барилдаануудад ч сайн байсан. Тэр жил би хөл хүнд байсан. Охиноо заан цол дагуулсан охин гэж их бэлгэшээдэг юм. Миний хань одтой байсан юм, тэр жил. Тав л давчих юм бол миний хань цааш явна даа гэж дотроо бодож байсан. Тэгтэл яг хүссэнээр болсон шүү. Цолоо ахиулчихаад гэрийнхээ хаалгаар гэгээ татуулаад л инээмсэглээд орж ирэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад өнөө зангираад байсан юм алга болчихсон. Их гоё ш дээ. Монгол бөх хүний гэргий байна гэдэг чинь их сайхан. Ханьдаа маш их хайртай шүү. Монгол ёс жудгаа хадгалж, монгол гэсэн бүхнээ дээдэлдэг бөх хүний гэргий болсондоо баярладаг” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм.

А.Ундармаа аймгийн төвд өсчээ. Эхээс гурвуулаа, эгч нь гадаадад олон жил болж байгаад өнөө жил эх орондоо ирсэн байна. Харин ах нь нутагтаа гэр бүл зохиож, ээжтэйгээ хамт амьдардаг аж. Багаасаа л ах дүүсийнхээ хүүхдүүдтэй тоглож, бужигнаж өссөн болохоор өнөр өтгөн олуулаа байхыг хүсдэг аж. Б.Батмөнх ч эхээс хоёул учир олон хүүхэд бужигнаж байхад дуртай гэнэ. Ирэх зургадугаар сард Алдарт эхийн хоёрдугаар одонгоо аваад цаашдаа нэгдүгээр одонг нь авна гэж бодож байгаагаа нуусангүй. “Бүсгүй хүн бүр хань ижлээ хайрлаж дээдэлж, хүндэлж явбал айл гэрийн ноён нуруу, өнгө төрх түүгээр тодорхойлогддог гэж боддог. Хань ижлээ хайрлаж, үр хүүхдээ сайхан өсгөөд явахад айл гэрийн ноён нуруу дээш өөдөө байдаг юм болов уу гэж боддог юм” гэж хэллээ.

Заан Б.Батмөнх хүн өөрийг нь гэсэн сэтгэлтэй, өөрт нь тусалж байсан хүмүүсийг ерөөсөө мартаж болохгүй. Сайхан сэтгэлтэй, зөв бодолтой явахад аяндаа бүх юм бүтээд эхэлдэг юм. Би энэ дашрамд надад бөхийн эрдэм заасан Алтанхуяг, Дамдин, Алтансүх, Сэрээтэр багш нартаа баярлаж явдгаа хэлье. Мөн намайг үргэлж дэмждэг ахан дүүс, нутгийн зон олон, найз нөхөд бүх хүмүүстээ мөн “Голден хаммер” компани болон “Аврагч” спорт хорооныхондоо Сар шинийн мэнд дэвшүүлье гэв. Зааны гар утас тасралтгүй дуугарч, утасны цаанаас найз нөхөд нь хүүхдүүдтэйгээ манайд хүрээд ир гэж урьж байгаа дуулдав.

Ийнхүү монголчуудын ёс бэлгэдлийн аугаа баяр сар шинийн дөрвөний ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй өдөр Монгол Улсын заан Б.Батмөнхийн өнөр өтгөн гэр бүлээс бэлтгэсэн нийтлэлээ энд хүргээд жаргааж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *