Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын тэргүүний тариаланч Ц.ДАМБЫНД өнжлөө

Төв аймгийн Борнуур сумын иргэн Цэрэндоржийн Дамбынх сүүлийн хэдэн өдөр нутаг нугын иргэдийн хөлд дарагджээ. Ц.Дамбыг өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар улсын тэргүүний тариаланч хэмээн өргөмжилсөн. Мэдээг олны мэдэхээр Урьхан зоогийн газрын эзэн Ганбаа анх интернетээс уншаад, утасдаж дуулгаснаас хойш бурханч лам Г.Пүрэвбатын садангийн хүмүүс гээд нутгийн олон баярын мэнд тээн орж гарсаар. Өнгөрсөн бямба гаригт л гэхэд сайхан мэдээг анх дуулгасан Ганбаа ирж хүндэтгэлийн хүлээн авалтыг зоогийн газартаа хийх тухай хөөрөлдөөд буцав.

Ц.Дамбынх ам бүл дөрвүүл. Хүү Энхбат, охин Гэрэлмаа нар нь Их сургуульд элссэнээс хойш гэрийн эзэн, эзэгтэй хоёр Борнууртаа өвөлжиж буй нь энэ. Тэднийх Борнуур сумын төвийн малчдын хороололд суурьшаад 20 гаруй жилийг үджээ. Хашаандаа тариалан, ногооныхоо техникийг эгнүүлж, зоорь пиндээ төмс, нарийн ногоогоо хадгалсан энгийн л нэгэн өрх. Хашаанд нь томоохон гурван ч байшин байх агаад суудлын, ачааны автомашин, пад пад, 82 трактортоо сууцнаас ч дутахааргүй тохилог гарааш барьжээ. Саалийн гурван үнээтэйн дээр хашаанд нь 20 орчим хонь байна. Намартаа хэдэн хонь худалдаж аваад өвлийн турш тэжээж хавар, зун, намрын их ажлын үеэр гаргаж хэрэглэдэг ажээ. Ц.Дамба ямар замналаар улсын тэргүүний тариаланч цолны болзлыг хангасан тухайг өгүүлэхийн тулд тэдний бүхий л амьдралыг хүүрнэх нь зайлшгүй. Анх 1957 онд Борнуур сангийн аж ахуйг байгуулахаар Ховд аймгийн Дарви сумаас 100 гаруй өрхийг илгээлтээр авчирсны дунд Дамбын аав Цэрэндорж, ээж Чулуунхүү нар багтжээ. Тэднийх Борнуурт хэсэг ажиллаад 1960-аад оны дундуур Улаанбаатарт шилжиж, аав нь Гандантэгчинлэн хийдийн нярвын албанд томилогдсон байна. Ер нь өнөөдөр Борнуур сумын нийт өрхийн 70 орчим хувь нь Ховд аймгийн Дарви сумын гарвалтай байдаг бол үлдсэн 30 хувь нь нутаг заагдсан хятадуудаас бүрддэг байжээ. Эндэхийн хятадууд аль хэдийнэ монголжсон агаад өнөөдөр хэн нь хэн бэ гэдэг нь ч бараг ялгагдахаа больсон байна.

Ц.Дамба 1970 оны дунд үед Борнуур сумандаа эргэн очиж дунд сургууль дүүргэсэн байна. Тэндээсээ Герман улсад хүнсний чиглэлээр гурван жил суралцаад, нутагтаа илгээлтээр ажиллажээ. Тухайн үед Сүжигт уулын алтны уурхайд хийгээд Борнуур сангийн аж ахуйд Герман технологи хэрэглэгддэг, тус улсын мэргэжилтнүүд олноор ажилладаг байсан учир Ц.Дамба орчуулагч, сангийн аж ахуйнхаа ус, усалгааны гээд хэд хэдэн ч ажлыг давхар хийсээр 1980-аад оныг баржээ. Тухайн үед наадмын үеэр нэгдлийн хоёр ажилчны дунд нэг хонь өгдөг байж. 1988 оны зун хонь хуваарилалт болоход Ц.Дамба, Ч.Отгонхишиг нарын дунд нэг хонь оногдсон нь тэдний нэг насны амьдралыг холбох эхлэл болжээ. Ингэж танилцсан залуус нэгэндээ тустай явсаар 1990 он гарч нийгэм эдийн засаг хүндрэхэд сум суурин бүр задарч халаалт, цахилгаанаа түгээж дийлэхээ больсон нь 25 жилийн тэртээх үйл явдал ч гэлээ Ц.Дамбын гэр бүлийн түүхтэй салшгүй холбоотой. 1990 оны өвөл Ч.Отгонхишигийн амьдарч байсан орон сууц халаалтгүй болж хүндрээд байсан тэр үед залуус гэр бүл болж өрх тусгаарласан байна. Ч.Отгонхишиг нь Завхан аймгийн гаралтай бөгөөд Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хадмын талын хүн.

Газар тариалан эрхлэх болсны хувьд нутгийн олны жишгийг дагасан гэдэг. Хамгийн анх буюу 1991 онд хашаандаа төмс, лууван нарийн ногоо тариалж эхэлсэн байна. Хоёр гурван ч жил багахан хэмжээний ургац авчээ. Хүн бүр л байдаг бүхнээ зарж, ганзагын наймаанд гарч байхад Ц.Дамба, Ч.Отгонхишиг нар тэгсэнгүй. Бороо голын хөвөө бараадан нэг га газар хашаалж тариалангийн үйл ажиллагаагаа тэлсэн байна. Дөрвөн жил морин тэргээр ус зөөн байцаа, лууван, төмсөө усалсан түүх тэднийх. Морин тэрэг дээрээ хоёр тонн хүрэхгүй шахам ган тавин голоос ус зөөн арван литрийн хоёр бедоноор өдөр шөнөгүй усалдаг байж. Нэг байцаа руу арван литр ус хийдэг бөгөөд 1990 оны дундуур тэд бараг дөрвөн мянган байцаа тариалдаг байжээ. Энэ хооронд хүү, охинтой болж амьдралаас илүү ихийг шүүрэх шаардлагатай болсон гэдгийг тэд хүүрнэнэ.

Морин тэрэгтээ дөрвүүлээ суугаад өглөө ногооныхоо талбай руу хөдөлж үдшийн бүрийгээр гэрийн бараа хардаг байснаа энэ гэр бүлийнхэн өдгөө хамгийн аз жаргалтай үе хэмээн тодотгоно. Талбайд очсон даруйдаа хүү, охин хоёр нь байцааны талбай руу орж олдохоо болино. Ингээд их үд хэвийх үед тоглоомондоо улайрч шороотой хутгалдсан хоёр нөхөр гарч ирдэг байжээ. Залуус жилээс жилд дэвшин дээшилсээр амьдралаа төвхнүүлж авсан байна. Олон хүн 82 трактороос эхлээд тариа, тариалалтын техникээ Орос руу гаргаж зарж байхад 1994 оны зун тэднийх трактор худалдаж авсан нь өнөөдөр ч гол ажлыг нь нугалсаар. Тэр жил таван сая төгрөгөөр зориг гарган ганц трактортой болсондоо залуус ёстой л урамшин хурцлагджээ. Талбайгаа бүр томсгож, трактороороо газраа хагалж, уринш хийж, үрээ булах, услах, зэрлэг устгах зэргээр бүхий л ажлыг техникийн тусламжтай хийдэг болсон тул хадгалах, борлуулах гээд асуудал ар араасаа ундарч эхэлжээ. Тиймээс 1997 оны хавьцаа хашаандаа 250 орчим тонн ногоо агуулах зоорь барьж, Баянгол дүүргийн 38 цэцэрлэгийг тус бүр хангах гэрээг ч байгуулжээ. Тэрээр трактор авснаасаа хойш газар тариаланд хүний гар ажиллагааг багасгах механик ажиллагааг түлхүү ашиглах арга туршлагыг боловсруулж улам чанаржуулсаар өнөөдөр хэд хэдэн ч нээлт хийгээд байгаа аж. Хураасан төмсөө үр болоод боловсорсноор нь ангилах шигшүүр, зоориос машины тэвш рүү шууд ачих манавил, зэрлэг ногооны үндсийг хөрсөн дээр гаргаж дахиж ургахааргүй болгох соёо, хагалсан газрын чийгийг алдахгүйн тулд салхин талаас нь манадаг малтуур гээд олон зүйл сэдэж өөрийнхөө ажил дээр туршин тус нэмэртэй байвал нутаг усныхандаа зааж, хувилж өгснөө дурсан ярьж байлаа. Энэ бүхэн нь ногоонд ямар нэгэн байдлаар механик гэмтэл учруулдаггүй хэмээн өөрийнхөө бүтээлийг сайшаана.

Харин өнөөдөр Ц.Дамбынх УИХ-ын гишүүн Су.Батболдын ногооны талбайн хажууд 37 га газарт төмс, нэг га газарт нарийн ногоо дагнан тариалах болж. Төмсний талбай нь Борнуурын эрэг дээр юм байна. Талбай тийшээ өндөр хүчдэлийн шон хүргэж, гүний хоёр ч худаг гарган усалгааны асуудлаа шийдсэн байна. Төмснийхөө талбайг дөрвөн ч хэсэг болгон хашиж сэлгэн тариалалт хийдэг ажээ. Ингэснээр хөрсний чанар алдагддаггүйн дээр үр суулгасан л бол 100 хувь ургац хураана гэсэн үг бололтой. Борнуурын эргийг бараадан тариалангийн талбайтай болсон учраас хур муутай жил ч усаар дутаад байдаггүй, тэр бүр услах шаардлагагүй болсныг ч тэргүүний тариаланч хүүрнэж байлаа. Нэг хэсэг төмс, хүнсний ногооноос шавьжны хор амтагддаг байсныг тэрээр хүмүүсийн шуналтай холбон тайлбарлана. Хүмүүс илүү том, илүү олон төмс авахын тулд шавьж, зэрлэг устгах хорыг байх ёстой хэмжээнээс хэд дахин ихээр хэрэглэж эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн байдаг. Ингээд Мэргэжлийн хяналт, шалгалт эхэлж, хэрэглэгчдийн зүгээс шүүмжлэл дагуулахад уг хорыг судалж үзжээ. Тэгэхэд Хятадад цаашид амьдрах эрхгүй болсон юм уу үр удмаа төрүүлсэн, нас ахимаг хүмүүсийн хөдөлмөрөөр үйлдвэрлэгддэг болох нь илэрч. Учир нь генийн том өөрчлөлтөд хүргэх аюултай бодис ажээ. Угаасаа хорыг цацахад л хүний хоёр нүднээс нулимс асгарч, хамар нармай нь хатаж сүйд болох шахдаг байж. Тиймээс өнөөдөр ийм зүйл хэрэглэхээ больсон учраас “Иргэдэд айх зүйл үгүй” гэдгийг 100 хувийн баталгаатай хэлмээр байна гэж байсан.

Газар тариалан, мал аж ахуй хоёр нэг дор хэзээ ч байж болохгүй гэдэгт гарах гарц олон байгааг тэрээр өгүүлж байлаа. Хамгийн гол нь хүн бүр өөр өөрийнхөө хөрөнгөнд эзэн байж, нэгнийхээ хөдөлмөрийг хүндэлж чадваас эл асуудал амархан шийдэгддэг гэв. Тодруулбал, үрсэлгээ хийснээс хойш Ц.Дамба гуай мотоциклио унан талбайгаа бүтэн харагдах өндөрлөгт гараад өдрийн турш дурандаад суучихдаг гэнэ. Ийнхүү үхэр мал талбай руу нь, Бор нуурын усанд орохоор ойртоход тууж услаад буцаагаад бэлчээрт гаргачихдаг аж. Талбай руу олон орж, хүнсний ногооны амтанд орсон үхэр ямар ч хашаа байсан эвдэж дөнгөдөг учраас барьж аваад уячихдаг гэнэ. Эзэн нь “Өнөө жил заазалчихъя” хэмээгээд аваад явдаг бөгөөд малчид хэлсэндээ хүрч тариаланчдын талбай, хашааг сүйтгэдэг малаа идэшний үеэр “зохицуулдаг” ажээ. Ер нь бол Ц.Дамба хавар, зун, намрын турш ногооны талбайгаа ч арчилж, малчдын малыг ч адгуулж явсаар 20 гаруй жилийг үдсэн байна.

Мэдээж тэр том талбайд ажиллах хүч ихээр шаардагдана. Дээхнэ үед бол сумын төвөөр трактортойгоо нэг тойроход хүүхэд багачуудаас эхлээд тэтгэврийн насныхан ч гарч чиргүүл дүүрэн хүмүүс талбайд нь очиж ажилладаг байж. Харин өнөөдөр Сүжигт уулын алтны орд руу сумын ихэнх иргэн “нинжа” хийхээр явсан учир ногооны талбайд ажиллах хүн олдохоо больжээ. Өдрийн 30-40 мянган төгрөг амласан ч тоож ажиллах хүн тун ховор гэнэ. Тиймээс Батлан хамгаалах яамтай гэрээ хийжээ. Хавар, намартаа 25 цэрэг гэрээгээр авч ажиллуулдаг байна. Жирийн иргэдэд өгдөг цалингийн хувиар тооцоог нь хийж, хоол хүнсээр нь хангадаг аж. Батлан хамгаалах яамны зүгээс тавих ганц шаардлага бол хоолоор хангалуун байлгаж зодохгүй байх. Яагаад гэвэл зарим авир муутай хүмүүс хөлсөлсөн цэргүүдийг зодож, хүч хэрэглэж, илжиг шиг ажиллуулах тохиолдол гардаг аж. Харин өнөө жилийн тэргүүний тариаланч Ц.Дамба чихэр, боорцог, тамхи гээд дуртай зүйлээр урамшуулж, шагнал амлаж, хооронд нь уралдуулж ажиллуулдаг гэдгээ өгүүлж байв.

Тэрээр шударга хөдөлмөрөөрөө ажиллаж сайхан амьдрах боломж байхад шуналаасаа болж олдох олдохгүй алттай хөөцөлдөж хамаг амьдралаа барж байгаа хүмүүсийг хараад сэтгэл дундуур явдаг аж. Уг нь 1980-аад оны дундуур Герман ажилчдад орчуулагчийн ажил хийдэг байхад Ц.Дамбад “Энд асар их алт бий. Дэлхийн хоёрдугаар дайны төлбөрийг энэ уулаас авсан алтаар хийж барагдуулж байгаа” гэх мэтээр ярьдаг байж. Тэгээд германчууд 1990 онд буцахдаа “Чи энэ газрыг хувьчилж авбал Монголын тэргүүн зэргийн баян хүн болно. Нөөц нь дуусах болоогүй” гэж байжээ. Тэгээд шинэ УАЗ 469 машинаа өгөх гэхэд нь эмээгээд авч чадаагүйгээ тэрээр хүүрнэж байлаа. Ер нь Борнуур сумын иргэд уушгины өвчнөөр нас барах нь ихэсчээ. Арваад жил Сүжигтийн алтны ордод ажилласан сумын иргэд ингэж олноороо бурхан болж байгааг хараад “Тариа ногоогоо л тарьж суухгүй дээ” хэмээн халаглаж, шинээр нинжагийн эгнээнд шилжиж буй хүмүүст “боль” гэж байнга хэлдэг гэнэ.

Борнуур суманд өнөөдөр НҮБ-ын 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжиж байна. Төсөл дөрвөн үе шаттай явагдаж социализмын үед байгуулж байсан хиймэл нуурын суурин дээр нийт нэг сая 450 куб метр ус багтах санг байгуулсан байна. Усан санд хуримтлагдсан усыг Бороо голоор дамжуулан ногооны талбай руу хүргэх бүхий л суваг шуудуу, хаалт хийгдэж бэлэн болсон байна. Сүүлийн гурван жилийн турш Ус хэрэглэгчдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж эхэлжээ. Өнөө жилээс тариаланчид хэр их ус хэрэглэж байгааг хянахын тулд хөвөгч туухай зохион бүтээснээ тэрээр танилцуулав. Ингээд ирэх зунаас ус хэрэглэсний төлбөрийг авч эхлэх юм байна. Олсон орлогоо аж ахуйн үйл ажиллагаандаа хэрэглэж илүү гарвал сумынхаа шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байв.

Ийнхүү энэ жилийн улсын тэргүүний тариаланчийн болзлыг хангаад буй Ц.Дамбынд өнжиж хөөрөлдөхөд ийм түүх хөвөрлөө. Тэрээр Борнуур сумаас төрсөн найм дахь улсын тэргүүний тариаланч болсон байна. Тэдний хүү нь Бурханч лам Г.Пүрэвбатын дүүгийн охинтой дотносож тийшээ гүйдэлтэй болсонд ихэд олзуурхаж байгаа ажээ.

Л.МӨНХТӨР

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *