Жил бүрийн хавар улсын аль нэг шалгалтын хариуг хэн нэгэн задалдаг, бусдад өгдөг, олон нийтийн сүлжээгээр тараадаг болоод цөөнгүй жил болж буй. Энэ жил ч мөн 2016-2017 оны хичээлийн жилд арванхоёрдугаар анги төгсөж байгаа сурагчдаас авсан математикийн улсын шалгалтын хариу шалгалтын өмнөхөн задарлаа.
Өөрөөр хэлбэл, хэн нэгний ашиг хонжоо хайсан, санаатай болон санамсаргүй, хариуцлагагүй үйлдлээс болж олон зуун хүүхдийн хөдөлмөр талаар боллоо. Боловсролын үнэлгээний төвөөс “Улсын шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгавар боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, Боловсролын хэлтсийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.
Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем (www.esis.mn)-д байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна” хэмээн мэдээлж буй.
Энэ нь тэдний хэлж буйгаар улсын шалгалтын материалын хариуг хэн нэг багш, сурагчийн ар гэр, сурагч олж авах, бусдад тараах ямар ч боломжгүй. Харин тухайн сургуулиасаа итгэлтэй хэмээн сонгогдсон сургалтын менежер Боловсролын үнэлгээний газартай нууцлалын гэрээ байгуулсаны үндсэн дээр шалгалт болохоос ердөө хоёр цагийн өмнө хариуг мэдэх боломжтой гэсэн үг. Гэвч сүүлийн жилүүдэд шалгалтын хариу тодорхой үнэ ханшаар зарагддаг болсон мэдээлэл байнга гарч байгаа билээ.
ӨМНӨХЖИЛ МАТЕМАТИКИЙН ШАЛГАЛТЫН ХАРИУ НЭГ САЯ ҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДСАН МЭДЭЭЛЭЛ БИЙ
Шалгалтаас өмнө хариуг бусдад зардаг, хүмүүст өгдөг, эцэг, эхчүүд нь уг хариуг авах гээд сургуулийн ажилтнуудтай ярьж, тохирсон байдаг гэх мэт яриа, хардлага нийгэмд бий. Үүний хамгийн сүүлийн жишээ нь өнгөрсөн хавар “Шинэ зуун билиг” сургуулийн математикийн багш Х.Сайнбилиг гэх эмэгтэйн багагүй хугацаанд үүсгэсэн асуудал байсан.
Тэрбээр “ЭЕШ-ын явцад тест тарсан, хариу задарсан зэрэг мэдээлэл өмнөх жилүүдэд ч гардаг байсан. Гэвч үүнийг би худал мэдээлэл, тест задрах ямар ч боломжгүй гэдгийг хүүхдүүддээ байнга хэлдэг байсан юм. Гэтэл энэ жилийн математикийн шалгалтын дараа нэг шавь маань бид олон сар үнэнчээр бэлдээд орж байхад тестийн хариу аль хэдийн задарчихсан байна. Зарим хүүхэд шалгалтаа өгч гарч ирээд ийм амархан байсан юм уу гээд инээлдээд ярьж байна гээд уйлаад залгасан. Тэгээд надад фэйсбүүк мессенжерээр бар код явуулсан юм. Энэ нь ямар учиртай юм бэ гээд Б хувилбарын даалгаврыг нь бодоод үзсэн чинь тухайн бар кодон дээр байгаа хариу нь яг таарч байсан. ЭЕШ-ын С хувилбарын бодолтыг нь хийгээд үзэхээр бар кодон дээрхи тооны нэг нь л зөрсөн. Бусад нь бүгд таарсан. А хувилбар нь хоёр л зөрсөн. Боловсролын үнэлгээний төв орон даяар энэхүү шалгалтыг зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөдөг. Гэтэл дунд нь ажиллаж байгаа нэг хүн хэдхэн төгрөгийн хойноос болоод хариуг нь тарааж тэр их ажил хөдөлмөрийг үгүй хийж байна. Цаана нь бас хүүхдийн итгэл, багш нарын хөдөлмөр ч талаар болж байна шүү дээ” хэмээн цахим хуудастаа бичсэнээр шалгалтын хариу задарсан нь тодорхой болж, олон асуудал үүсч байв. Тухайлбал, өнгөрсөн онд шалгалтын цаг болохоос 2-3 цагийн өмнө шалгалтын хариуг 250 мянгаас нэг сая хүртэлх үнээр худалдаж эхэлсэн гэх мэдээ бий. Мөн тавдугаар сургуулийн дөрвөн бүлгийн төгсөгчид анх шалгалтын хариуг мөнгө нийлүүлж худалдаж авсан гэх бөгөөд тэдний вариантаар тааруулсан хариунуудаас 2-3 бодлогын хариулт алдаатай байсан хэмээн мэдээлж байв. Ингээд зогсохгүй Эрдэнэт хот, Өвөрхангай аймагт шалгалтын хариу задарсан тухай мэдээлэл ч гарч байсан билээ. Тухайн үед Боловсролын үнэлгээний төвийнхөн “Ерөнхий шалгалтын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүйгээс гадна тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтран тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Хариу задрах боломжгүй” хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч энэ хавар дахиад задарлаа.
49 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ШАЛГАЛТЫН ХАРИУГ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ТАВЬЖЭЭ
Энэ удаад арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын хариуг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг олон нийтийн цахим хэрэгслээр тараасан байна. Түүний энэхүү үйлдлийг хуулийн байгууллагынхан болоод Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гаригт тогтоосон хэмээн мэдээлж байгаа. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан нь баримтаар нотлогдлоо. Бид тухайн хүнд хариуцлага тооцож, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлаад, хуулийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн юм. Харин П.Өлзийхишиг “Би ганцаараа хариуг задлаагүй. Өөр олон газар ийм зүйл болсон” хэмээсэн тухай эх сурвалж хэлж байлаа.
ХАРИУ НЬ ЗАДАРСАН ШАЛГАЛТЫГ МАРГААШ ДАХИН АВНА
Боловсролын үнэлгээний төвөөс арванхоёрдугаар ангийн математикийн шалгалтын хариу задарсантай холбоотойгоор уг шалгалтыг хүчингүй болгон энэ сарын 30-ны 12.00 цагаас дахин авах болсныг орон даяар зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор математикийн шалгалтын тестийг дахин боловсруулах, хянах, нэгтгэх гэх мэт олон ажил хөвөрч, үүний хэрээр улсаас зардал ч их гарч байгаа юм. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Шалгалтын сэдвийг дахин боловсруулах ажил цагдаагийн хамгаалалттай тусгаарлагдсан орчинд зохион байгуулагдаж байна. Улсын шалгалтыг улсын хэмжээнд бүх сургуульд нэг агуулгаар авдаг. Тэгэхээр энэ агуулга, сэдвийг боловсруулж байна” гэсэн юм. Гэхдээ жил бүрийн хавар шалгалтын хариу задарч, олон зуун төгсөгч дахин шалгалт өгч, цаг заваараа хохирсон ч чимээгүй өнгөрдгөөрөө өнгөрсөөр л байх уу.
Ийм зүйл болдгийг нь хамгийн сайн мэддэг Боловсролын үнэлгээний төвийнхөн ч хариуцлага, хяналтаа сайжруулахгүй, бахь байдгаараа “Өө тэр багш задалчихсан байна лээ. Ажлаас нь халчихсан. Шалгалтын өөр хувилбар бэлдэж байна” гэсээр л байх уу, БСШУС-ын сайд аа.
Э.ХҮРЭЛ