Categories
мэдээ нийгэм

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу оны шилдэг бүтээлийг тодруулах, шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Уг арга хэмжээ 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг баяждаг юм. Монголын уран зургийн галерей орчин үеийн дүрслэх урлагийн он оны шилдэг бүтээлээс бүрдсэн нийт 4000 гаруй бүтээлийг хадгалж хамгаалан, үзэгч олонд толилуулдаг.

Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах энэхүү арга хэмжээ нь Монголын дүрслэх урлагийн салбарт мэндэлсэн шилдэг бүтээлүүдийг нэгэн дор цуглуулж байгаагаараа уран бүтээлч, урлаг судлаач, урлагийн бүтээл цуглуулагч, үзэгч сонирхогч, мэргэжлийн салбарын оюутан залуусыг нэгэн цэгт уулзуулсан Дүрслэх урлагийн салбарын чуулбар бүхий томоохон үйл ажиллагаа болдог юм.

БСШУС-ын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл энэ удаагийн үзэсгэлэнд хоёр шатны шалгаруулалт хийсэн. Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, монгол зураг, инстоляци, видео арт чиглэлийн нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50 гаруй бүтээлийг буцааж “Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэнд 124 бүтээл шалгаран оролцож өчигдөр дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

“Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэнгээс улсын санд худалдан авахаар дараах бүтээлүүд шалгарсан байна. Үүнд:
– Аюурзаны Очирболд “Ухамсар” нэртэй ган цутгамал баримал /2017 он/
– Бадамын Отгонтүвдэн “Авга ах” уран зургийн бүтээл /2019 он/
– Лувсандондогийн Гантөмөр “ЧОНОН ТУУЛЬ” уран баримал
– Б.Содномдаржаа “ТАВГАН ДЭЭРХ СОЁЛ” инстоляци

Мөн шилдэг бүтээлийн батламж гардуулах арга хэмжээний үеэр уран бүтээлч Д.Булгантуяа, Н.Амарсайхан нар Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Э.Энхномин БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *