Өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комисс хуралдана. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг хэлэлцэх бололтой. ЦЕГ-ын дэд дарга, Хурандаа Ж.Амгалан өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар “ОХУ-ын нутаг дэвсгэрт, тэр тусмаа хил залгаа бүс нутгуудад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Бид хойд бүс нутагтаа онцгойлон анхаарч байна. Баян-Өлгийн Цагааннуур, Увсын Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтуудад эрсдэлийн судалгаа хийгээд дуусаж байна.
Цагааннуурын боомтын эрсдэлийн үнэлгээ хийж, сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлан, шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалах, салхи дандаа хойноос байгаа учир бидэнд бодох, сэргийлэх зүйл байна. Энэ байдлыг УОК-т танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор машинаар ачаа тээвэр хийж байгаа ААН-үүд тээврийг аль болох галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэл удахгүй аюултай байдалд шилжиж болзошгүй учир Цагдаагийн байгууллагууд тодорхой саналууд бэлтгэн УОК-т танилцуулна” гэж мэдээлсэн. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ЦЕГ-аас асуудлаа танилцуулан шийдвэрлүүлэх юм байна.