Өнөөдөр БСШУСЯ-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томьёоны комисс”-ыг сэргээн байгуулахаар болсон тухай мэдээллээ.
“Монгол Улсын хэмжээнд зөвлөлийн Орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж ажилласнаар Монгол хэлний хууль хэрэгжих орчин бүрдэж, харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд (аймаг, нийслэл, сум, дүүрэг, яамд ) монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чухал ахиц гарна” гэж энэ үеэр дурдлаа.
Монгол улсад 2005 онд Монгол Хэлний тухай хууль батлагдан гарсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны долдугаар сарын 1-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Монгол улс дэлхийн олон улстай олон талт нээлттэй гадаад бодлого баримтлах болсонтой холбоотойгоор шинэ нэр томьёо олноор буй болж байна. Энэ нь хэлний “цэвэр ариун” байдалд нөлөөлж байгаа тул эдгээр үг хэллэгийг орчуулах, нэр томьёог оноон тогтоох зайлшгүй шаардлага бий болсон. Энэ үүднээс Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн дэргэд Нэр томьёоны комиссыг сэргээн байгуулж байгаа аж.