Засгийн газраас Орон нутгийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 11 аймагт оношилгооны төв байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Цэргийн нэгдсэн эмнэлэгт 79 тэрбум төгрөгийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгооны төв болон АШУИС-ийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймаг дахь баруун бүсийн оношилгооны төвийг 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн гэдгийг тэрээр тэмдэглээд эдгээр ажлын үр дүнд монгол хүн Монголдоо оношилгоо, эмчилгээ хийлгэх үндэс бүрдэх юм гэлээ.
Гурван сая хүн амтай манай улсад гурав дахь шатлалын эмнэлгийн ачаалал их. Бид ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийт эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулдаг. Тиймээс бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлэхээр “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслөө Засгийн газарт танилцуулсан. Бидний санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж, өнөөдөр биеллээ олж байна. 90 жилийн түүх, дэг сургуультай манай хамт олон илүү өндөр бүтээмжтэй ажиллах болно гэдгээ амлаж байна гэж эмнэлгийн удирдлагууд онцолжээ.