Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийлээ.
Өвчтөн нь 34 настай эрэгтэй, IV бүлгийн цустай, бөөрний дутагдал оноштой бөгөөд 32 настай эмэгтэй дүү нь донор болсон. 100 хувийн тохироотой.
Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарах өдрөө хүлээж байна.
“Хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна”
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр “Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ” 300 дахь мэс засал амжилттай хийгдлээ. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал сайн, лабораторын шинжилгээгээр хянагдаад эмнэлгээс гарах дөхөж байгаа.
УНТЭ-т эртхэн шилжүүлэн суулгах анхны оролдлогууд 1990-ээд оны сүүлээр эхэлж, 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдсэн. Үүний өмнө бөөрний, бөөрний мэс заслын, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зэрэг маш олон хүнийг багтаасан Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулсан.