Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 773.8 (8.9 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (13.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 9.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 7 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 47.6 (3.4 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.1 (23.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 6 дугаар сард 304.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин 7 дугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Татварын орлого энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (21.7 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 679.5 (2.2 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 533.2 (34.6 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 421.4 (35.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 430.6 (18.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Татварын орлого энэ оны 7 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 109.6 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 74.3 (37.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 29.5 (16.3 хувь) тэрбум, бусад татварын орлого 125.5 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 135 (26.3 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 14.8 (18 хувь) тэрбум төгрөгөөр багасав.
Татварын орлогод энэ оны эхний 7 сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 6.9, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.4, нийгмийн даатгалын орлогынх 2.1, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.7 нэгж хувиар нэмэгдэж, орлогын албан татварынх 11.5, онцгой албан татварын орлогынх 0.6 нэгж хувиар буурсан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 7 сард 9.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (11.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 926.9 (21.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Харин бараа үйлчилгээний зардал 422.4 (18 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.
Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 7.1, татаас 1 нэгж хувиар өсөж, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.4 нэгж хувиар багасжээ. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 18.7, их засварын зардлынх 0.4 нэгж хувиар өсөж, бусад хөрөнгийн зардлынх 13.5, тоног төхөөрөмжийн зардлынх 5.1, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 0.5 нэгж хувиар багассан байна.